Португалын Хөлбөмбөгийн холбоо багийнхаа байрлаж буй газраас зөвшөөрөлгүй явсан гэх үндэслэлээр Криштиан Роналдуг түдгэлзүүлж, түүнд холбогдуулан сахилгын хэрэг үүсгэжээ.
Уг хэргийг холбооны Сахилгын мөрдөн шалгах хороонд шилжүүлсэн бөгөөд шалгалтын дүгнэлт гарах хүртэл нууцална гэж тус холбоо бямба гарагт мэдэгдсэн байна.
41 настай Роналду Үндэстнүүдийн лигийн тэмцээнд өөрт нь хангалттай тоглох боломж олгохгүй байгаатай холбоотойгоор шинэ дасгалжуулагч Жорже Жезуштэй санал зөрөлдөж, шигшээ багийн бэлтгэлийн газраас явжээ.
Роналду тоглоогүй эсвэл сэлгээнд суусан гурван тоглолтод Португалын шигшээ баг ялалт байгуулсан байна. Түүний орлон тоглогч Гонсалу Рамуш ч боломжоо ашиглан гурван гоол оруулжээ.

Роналду Үндэстнүүдийн лигийн эхний тоглолтод оролцож, Уэльсийн эсрэг 1:0-ээр хожсон тоглолтын үеэр Рамушаар солигдсон байна. Харин Норвегийн эсрэг хийсэн хоёр дахь тоглолтыг сэлгээний сандлаас үзсэнийхээ дараа шигшээ багийг орхижээ. Тухайн тоглолтод Португал 2:1-ээр хожсон юм. Түүнийг явсны дараа ч багийн амжилтад сөргөөр нөлөөлөөгүй бөгөөд Дани, Норвегийн багуудыг хожсоноор шөвгийн наймд шалгарсан байна.
Олон улсын тоглолтын завсарлага дуусах үеэр Роналду инстаграм хуудсандаа 679 сая дагагчдаа хандан урт мэдэгдэл нийтэлжээ. Тэрбээр Осло хотод болсон тоглолтын үеэр дасгалжуулагч Жезуш өөрийг нь талбайн хажууд бие халаалтын дараа тоглолтод оруулаагүй нь алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзсэн байна. Гэвч Жезуш ямар нэгэн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөөгүй аж.
Роналду холбооны дүрмийн дагуу өөрийг нь түдгэлзүүлж болзошгүйг мэдэж байгаагаа илэрхийлээд, хөгжөөн дэмжигчдэдээ хандан “Бид нэг эсвэл хэд хэдэн үдэлтийн тоглолт хийнэ ээ” гэжээ.
Шигшээ багийн бэлтгэлийн хуарангаас явсан үйлдлийнхээ төлөө Роналду хатуу шийтгэл хүлээж болзошгүй байна. Португалын Хөлбөмбөгийн холбооны сахилгын журмын дагуу үндэсний шигшээ багийн бэлтгэл, тоглолт эсвэл бусад үйл ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүй байх, эсвэл тухайн үйл ажиллагааг орхин явах тохиолдолд тоглогчийг торгохоос гадна 1-6 сар хүртэл хугацаагаар тоглох эрхийг нь түдгэлзүүлэх шийтгэл ногдуулж болох аж.
Роналду явж байгаагаа холбоонд мэдэгдсэн боловч түүний шийдвэрийг дүрмийн дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх эсэх нь тодорхойгүй байна. “Би аль хэдийн уучлал хүссэн. Гэхдээ аливаа үйлдэл үр дагавартай байх ёстойг мэдэж байна. Над шиг хөлбөмбөгийн ертөнцөд олон жил байсан хүн бүр, хэн ямар байр суурьтай байхаас үл хамааран дүрэм хүн бүрд адил үйлчлэх ёстойг мэднэ” хэмээн Роналду мэдэгдэлдээ бичжээ.
Эх сурвалж: CNN


118











