Хэдхэн секундын дотор өрсөлдөгчийнхөө довтолгоог хамгаалж, буцаан довтлон оноо авдаг хурд, нарийн тооцоолон хурдан шийдвэр гаргах сэтгэлгээг шаарддаг спортын нэг нь туялзуур сэлмийн спорт.
Нэг талаас тулааны урлаг гэж нэрлэгдэх энэхүү спорт бол хоёр тамирчин тусгай хамгаалалтын хувцас өмсөж, сэлмээр өрсөлддөг спортын төрөл юм. Харахад энгийн сэлмийн тулаан мэт боловч үүний цаана хурд, авхаалж самбаа, нарийн тооцоолол, тактикийн өрсөлдөөн өрнөдөг учраас “биеийн шатар” ч хэмээн нэрлэдэг билээ.
Туялзуур сэлэм нь орчин үеийн Олимпын наадмын анхны хөтөлбөрт багтаж, 1896 оноос хойш өнөөг хүртэл зохиогдож буй спортын нэг юм. Энэ удаагийн “Сонирхолтой спорт” булангаар тус спортын үүсэл хөгжил, гурван төрлийн зэвсэг болон баримтлах дүрмүүдтэй танилцацгаая.
ТҮҮХЭН ҮЕИЙН СЭЛМИЙН ТУЛААНААС БАЙСНААС СПОРТ БОЛСОН НЬ

Сэлмээр тулалдах урлаг олон мянган жилийн түүхтэй. Эртний Египетийн Мединет Хабу сүмийн ханын дүрслэлд МЭӨ 1190 оны үед зэвсэг барин тулаан хийж буй хүмүүсийг дүрсэлсэн байдаг. Харин Европт Дундад зууны үед сэлэм эзэмших чадвар нь язгууртнуудын боловсрол, хүмүүжлийн нэг хэсэг байв. Тухайн үед сэлэм барьж сурах нь дайнд оролцох, өөрийгөө хамгаалах ур чадвартай холбоотойгоос гадна нийгмийн дээд давхаргынхны эзэмших ёстой чадварын нэгт тооцогддог байжээ.
15-17-р зууны үед Итали, Испани, Франц зэрэг улсад сэлмийн тулааны арга барилыг хөгжүүлж, тусгай сургуулиуд болон заах гарын авлагууд бий болсон байна. Энэ үед хүнд хуяг дуулгатай тулалдахаас илүү хөнгөн сэлмээр хурдан, оновчтой довтлох арга барил дэлгэрчээ.
Улмаар 1763 онд Италийн гаралтай мастер Доменико Анжело Лондонд сэлмийн урлаг заах сургууль нээсэн нь туялзуур сэлмийг цэргийн бэлтгэлээс гадна спорт, бие бялдрын ур чадварын нэг хэлбэр болгон хөгжүүлэхэд нөлөөлсөн. Мөн 1780-аад онд хамгаалалтын торон маск нэвтэрснээр бэлтгэл хийх үеийн аюул эрсдэл буурч, спортын хөгжилд чухал алхам болжээ.
Туялзуур сэлэм 1896 оны Афины анхны орчин үеийн Олимпын наадмаас эхлэн хөтөлбөрт багтаж, 1900 онд шпагийн төрөл нэмэгдсэн байна. 1913 онд Парис хотод Олон улсын туялзуур сэлмийн холбоо (FIE) байгуулагдаж, тэмцээний дүрмийг олон улсад нэгтгэсэн бол 20-р зууны дунд үеэс оноо бүртгэх цахилгаан төхөөрөмж нэвтэрч эхэлсэн байна. Ийнхүү эртний сэлмийн тулаан өнөөдрийн хурдтай, нарийн дүрэмтэй, технологид суурилсан Олимпын спорт болон хөгжжээ.
СЭЛЭМНИЙ ГУРВАН ТӨРӨЛ
Орчин үеийн туялзуур сэлмийн тэмцээнд рапир, шпаг, сабля гэсэн гурван төрлийн зэвсэг ашигладаг. Эдгээр нь хэлбэр, жин, оноо авах арга болон мөргөж болох биеийн хэсгээрээ ялгаатай.

1. Foil
Foil нь гурван зэвсгээс хамгийн хөнгөн, нарийн хийцтэй. Нийт жин нь 500 граммаас хэтрэхгүй. Тамирчид зөвхөн сэлмийнхээ үзүүрээр өрсөлдөгчийнхөө их биед хүрч оноо авна. Гар, хөл, толгой зэрэг бусад хэсэгт хүрсэн тохиолдолд оноо тооцохгүй.
Энэ төрөлд “довтлох эрх” буюу right of way чухал. Өөрөөр хэлбэл, эхэлж зөв довтолгоо хийсэн тамирчин оноо авах давуу эрхтэй. Харин нөгөө тамирчин довтолгоог амжилттай хамгаалж, няцаасны дараа хариу довтлох боломжтой.
2. Épée
Épée нь гурван зэвсгээс хамгийн хүнд бөгөөд нийт жин нь 770 граммаас хэтрэхгүй. Энэ төрөлд мөн зөвхөн үзүүрээрээ өрсөлдөгчдөө хүрч оноо авдаг ч рапираас ялгаатай нь хүний биеийн бүх хэсэг онооны бүсэд багтана. Толгой, гар, хөл гээд хаана ч хүрсэн оноо авах боломжтой.
Мөн Foil-той адил довтлох эрхийн дүрэм байхгүй. Тиймээс хоёр тамирчин бараг нэгэн зэрэг оноо авбал хоёуланд нь оноо тооцогдож болно.
3. Sabre
Sabre нь нийт жин нь 500 граммаас хэтрэхгүй зэвсэг юм. Анх морин цэргийн хэрэглэж байсан сэлмээс үүсэлтэй. Бусад хоёр төрлөөс ялгаатай нь зөвхөн үзүүрээр бус, сэлмийн иртэй хэсгээрээ ч өрсөлдөгчдөө хүрч оноо авч болно.
Бэлхүүсээс дээших бие, гар болон толгой нь онооны бүсэд ордог. Энэ төрөлд мөн довтлох эрхийн дүрэм үйлчилдэг бөгөөд хурдтай довтолгоо, огцом хөдөлгөөн ихтэй тул туялзуур сэлмийн хамгийн эрч хүчтэй төрлүүдийн нэгт тооцогддог.
ДҮРЭМ БОЛОН ОНОО
Туялзуур сэлмийн хамгийн сонирхолтой зүйлсийн нэг нь оноог цахилгаан системээр холбон оноог бүртгэдэг.
Тамирчид тусгай утастай хамгаалалтын хувцас өмсөж, сэлмээ оноо бүртгэх төхөөрөмжтэй холбодог. Өрсөлдөгчийнхөө онооны бүсэд зөв хүрсэн тохиолдолд төхөөрөмж дээр гэрэл асаж, оноо бүртгэгдэнэ.
Foil: Их биед зөв хүрвэл оноо тооцно. Харин онооны бүсээс гадуур хүрвэл цагаан гэрэл асах бөгөөд оноо авахгүй.
Épée: Биеийн аль ч хэсэгт үзүүрээрээ хүрвэл оноо авах боломжтой. Хоёр тамирчин бараг зэрэг хүрсэн бол хоёуланд нь оноо өгч болно.
Sabre: Бэлхүүсээс дээших онооны бүсэд сэлмийн үзүүр эсвэл ирээр хүрсэн тохиолдолд оноо авна.
Тулааны хугацаа болон авах оноо нь тэмцээний шатнаас хамаарна.
Хэсгийн шатанд эхэлж 5 оноо авсан тамирчин хожно. Нэг тулаан дээд тал нь 3 минут үргэлжилнэ.
Хасагдах шатанд эхэлж 15 оноо авсан тамирчин ялна. Тулаан тус бүр 3 минутын гурван үеэс бүрдэх бөгөөд үе хооронд нэг минут амарна.
Хэрэв тогтоосон хугацаа дуусахад оноо тэнцүү байвал нэмэлт нэг минутын тулаан явуулна. Энэ хугацаанд түрүүлж оноо авсан тамирчин ялдаг. Харин нэмэлт хугацаанд оноо аваагүй бол өмнө нь сугалаагаар давуу эрх авсан тамирчин ялагч болно.
ДҮРЭМ ЗӨРЧВӨЛ ЯАХ ВЭ?
Туялзуур сэлмийн тэмцээнд тамирчид дүрмээ чанд баримтлах ёстой. Шүүгч дүрэм зөрчсөн тохиолдолд шар, улаан, хар карт ашигладаг.
- Шар карт: Тамирчинд анхааруулга өгнө.
- Улаан карт: Өрсөлдөгчид нь нэг оноо нэмнэ.
- Хар карт: Ноцтой зөрчил гаргасан тамирчныг тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.
ТУЛААН ХЭРХЭН ЭХЭЛДЭГ ВЭ?
Тулаан эхлэхийн өмнө хоёр тамирчин бие биедээ болон шүүгчид мэндчилж, хамгаалалтын маскаа өмсөнө. Энэ нь тухайн спортын хүндлэлийг чанд баримталдагтай холбоотой. Дараа нь шүүгчийн өгсөн дохиогоор тулаан эхэлдэг.
Тулааны үеэр шүүгчид дараах франц үгсийг ашигладаг ба эдгээр үгс нь ямар нэг хэл рүү орчуулагдан хэрэглэддэггүй, үргэлж францаар хэлэгддэг.
- En garde: Бэлтгэ.
- Prêts?: Бэлэн үү?
- Allez: Эхэл.
- Halte: Зогс.
Шүүгч “Allez” гэж хэлсний дараа тамирчид оноо авахын төлөө өрсөлдөж эхэлнэ. Харин “Halte” гэсэн дохио өгөхөд хоёр тамирчин хөдөлгөөнөө зогсоох ёстой.
ДЭВЖЭЭНИЙ ХЭМЖЭЭ БА ХЯЗГААР
Туялзуур сэлмийн тэмцээнийг тусгайлан бэлтгэсэн нарийн, урт дэвжээн дээр зохион байгуулдаг. Дэвжээ нь 14 метр урт, 1.5-2 метр өргөн байна.
Тамирчид дэвжээний хоёр талаас тулаанаа эхлүүлж, урагш болон хойш хөдөлгөөн хийж өрсөлдөнө. Дэвжээний арын хязгаарыг хоёр хөлөөрөө давсан тохиолдолд өрсөлдөгчид нэг оноо өгдөг. Харин хажуугийн хязгаараас гарвал тулааныг зогсоож, тухайн тамирчны байрлалыг дүрмийн дагуу засна.
ЯАГААД “БИЕИЙН ШАТАР” ГЭЖ НЭРЛЭДЭГ ВЭ?

Туялзуур сэлмийн спортод олон төрлийн чадвар шаардагддаг гэдгээрээ бусад спортоос ялгагддаг. Тамирчин өрсөлдөгчийнхөө хөдөлгөөнийг ажиглаж, дараагийн үйлдлийг нь таамаглан, хэзээ довтлох эсвэл хамгаалахыг шийдэх шаардлагатай.
Жишээлбэл, өрсөлдөгчөө довтлох гэж байгаа мэт хуурч, хамгаалалтаа сулруулахыг нь хүлээж байгаад эсрэг довтолгоо хийх нь энэ спортод ашигладаг тактикуудын нэг юм. Заримдаа хэдхэн секундын дотор гаргасан шийдвэр тулааны үр дүнг өөрчилдөг.
Тиймээс туялзуур сэлэм нь биеийн хүч, хурд, тэсвэрээс гадна анхаарал төвлөрөл, ажиглах чадвар, стратегийн сэтгэлгээг хөгжүүлдэг онцлогтой. Тулааны урлагаас үүсэлтэй ч өнөөдөр нарийн дүрэм, орчин үеийн технологиор хөгжиж буй туялзуур сэлэм нь бие болон оюун ухааныг зэрэг сорьдог спорт юм. Тиймээс ч энэ спортыг энгийн нэг тулааны спорт гэхээс гадна логик сэтгэлгээнд тулгуурласан тулааны урлаг “биеийн шатар” хэмээн нэрлэдэг билээ.




297











