Цахим спортын олон улсын тэмцээн зохион байгуулагч PGL компани 2027 оны дөрөвдүгээр сард зохион байгуулах Counter-Strike 2 (CS2)-ын Tier 1 ангиллын тэмцээний байршлыг БНХАУ-аас Монгол Улс руу шилжүүлж, Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсноо албан ёсоор зарлалаа.
PGL Ulaanbaatar 2027 нэртэй тус тэмцээн 2027 оны дөрөвдүгээр сарын 14-26-ны өдрүүдэд болох бөгөөд дэлхийн шилдэг 16 баг LAN буюу газар дээрх хэлбэрээр өрсөлдөх юм.
Тэмцээний үндсэн шагналын сан нэг сая ам.доллар байх бөгөөд үүнээс гадна Valve Regional Standings (VRS)-ийн урилгатай холбоотой 300 мянган ам.долларын нэмэлт урамшуулал олгоно.
PGL-ийн мэдээлснээр, тэмцээний байршлыг өөрчлөхдөө тоглоом хөгжүүлэгч Valve компанитай хамтран ажиллаж, тэмцээний визийн бүсийг Хятадаас Монгол Улс руу шилжүүлжээ. Харин тэмцээний бусад нөхцөл, хуваарь өөрчлөгдөөгүй байна.
16 баг өрсөлдөж, 14 нь чансаагаар урилга авна
Тэмцээнд оролцох 16 багийн 14 нь 2027 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр зарлагдах дэлхийн VRS чансааны дагуу шууд урилга авах юм. Үлдсэн хоёр эрхийг Европ болон Азийн бүсийн сонгон шалгаруулалтаар тодруулна.
Европ болон Азийн нээлттэй сонгон шалгаруулалт нэгдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд цахимаар явагдах бол хаалттай сонгон шалгаруулалтууд хоёрдугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулагдана.
Тэргүүн байр 280 мянган ам.долларын шагналтай
PGL Ulaanbaatar 2027 тэмцээний нэг сая ам.долларын шагналын санг багийн амжилтын шагнал болон клубийн хувь гэсэн хоёр хэсэгт хуваарилжээ.
Тухайлбал, түрүүлсэн баг 180 мянган ам.долларын шагнал, 100 мянган ам.долларын клубийн хувь хүртсэнээр нийт 280 мянган ам.доллар авах юм. Харин хоёрдугаар байр 155 мянга, гуравдугаар байр 115 мянган ам.долларын нийт шагналтай байна.
Мөн VRS чансааны эхний тавд багтаж, тэмцээний урилгыг хүлээн авсан баг тус бүр 60 мянган ам.долларын нэмэлт урамшуулал авах боломжтой.
Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва тус тэмцээнийг зохион байгуулах нь нийслэлийг олон улсын цахим спортын газрын зурагт тодотгох, дэлхийн хэмжээний тэмцээнүүдийг татах, залуу үеийнхэнд шинэ боломж нээх чухал үйл явдал болохыг онцолжээ.
BLAST-ийн тэмцээн тавдугаар сард Улаанбаатарт болно
PGL-ийн тэмцээний дараа буюу 2027 оны тавдугаар сарын 10-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Counter-Strike 2-ын бас нэгэн томоохон тэмцээн болох BLAST Premier Open Ulaanbaatar 2027 зохион байгуулагдана.
Энэ нь BLAST байгууллагын Монгол Улсад зохион байгуулах анхны Tier 1 ангиллын тэмцээн болох юм. Мөн тус тэмцээнийг Монголын цахим спортын холбоо (MESA)-той хамтран зохион байгуулна.
Ингэснээр Улаанбаатар хот 2027 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс тавдугаар сарын 23-ны хооронд дэлхийн хэмжээний хоёр томоохон Counter-Strike 2 тэмцээнийг хүлээн авах гэж байна. Энэ нь Монголын цахим спортын хөгжил, олон улсын тавцанд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх чухал үйл явдал болох юм.
Эх сурвалж: PGL – PGL Touches Down in Ulaanbaatar in April 2027


1909











