Олон улсын чансааны оноо олгодог, бүсний ангилалтай “AJP TOUR ULAANBAATAR INTERNATIONAL JIU-JITSU CHAMPIONSHIP 2026” тэмцээн 8 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, Армен улсын 39 байгууллагын нийт 873 тамирчин өрсөлдсөнөөс Өсөлт Хөгжлийн төвийн жюү жицү клубийн 13 хүүхэд оролцож, 3 мөнгө , 4 хүрэл медаль хүртсэн бахархам амжилт гаргалаа.
Эрэгтэй 66 кг Ц. Энх-Оргил, Эмэгтэй 36 кг Я. Гэрэлтуяа, Эмэгтэй 60 кг Б. Маралжин нар мөнгөн медаль хүртсэн бол Эрэгтэй 34 кг П.Бадамсэрээжид, Эмэгтэй 60 кг М. Сувдмаа, Эмэгтэй 40 кг Б.Оюундарь, Эмэгтэй 63 кг А. Анударь нар хүрэл медаль авсанд баяр хүргэе.
Энэхүү амжилт нь хүүхдүүдийн хичээл зүтгэл, тууштай бэлтгэл сургуулилтын үр дүн төдийгүй тэдний хүсэл мөрөөдөл, өөртөө итгэх итгэл, авьяас чадварыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж буй багш, дасгалжуулагчид болон Өсөлт Хөгжлийн төвийн хамт олны хамтын хөдөлмөрийн илэрхийлэл юм.
Мөн хоёр өдрийн турш хүүхдүүдээ халуун сэтгэлээр дэмжиж, баяр хөөр, догдлол бүрийг нь хамтдаа хуваалцсан эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Медаль хүртсэн төдийгүй дэвжээн дээр зориг, тэвчээр, хичээл зүтгэлээ харуулсан клубийнхээ бүх хүүхдүүдээр бахархаж байна!
Өсөлт Хөгжлийн төв – Хүүхэд бүрийн авьяас, чадвар, хүсэл мөрөөдлийг дэмжинэ!





Алслагдсан хорооллын хүүхдүүд хичээлээс гадуурх сургалт, дугуйлан, спортын клубт тогтмол хамрагдаж чаддаггүй. Баянхошуу дахь "Өсөлт хөгжлийн төв" энэ хэрэгцээнд тулгуурлан хүүхдүүдэд зуны турш сургалт, үйл ажиллагаа явуулжээ. Энэ төвийн Жиү Жицү клубийн маань бэлтгэл эхлээд гурван сар өнгөрчээ. 70 хүүхэд өглөө, оройн ангид хоёр ээлжээр долоо хоногийн таван өдөр тогтмол бэлтгэл хийдэг. Намрын элсэлтээ зарлаж, долоо хоноход 70 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Сонгон шалгаруулахдаа 10-13 насны, өмнө нь жиү жицүгээр огт хичээллээгүй хүүхдүүдийг бүртгэж авсан байна.
Жиү Жицү нь олон улсад бие хамгаалах урлаг, спортын төрөл хэлбэрээр хөгжжээ. Мөн энэ спорт бусад спорттой харьцуулахад доргилт, гэмтэл бэртлийн эрсдэл харьцангуй бага.
Өсөлт хөгжлийн төвийн сургалт Монголын Жиү Жицүгийн холбооноос баталсан үндэсний хөтөлбөрийн дагуу явагддаг байна. Бүс тус бүрийн түвшинд заавал эзэмших техник, стандартуудыг хөтөлбөрт тусгажээ. Энэ төлөвлөгөөний дагуу зургаан сарын сургалтын хөтөлбөр боловсруулж, хүүхдүүдээ бэлтгэж, эхнээсээ үр дүн гарч байна.

Монголын Жиү Жицүгийн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч Ч.Түвдэнтарваа "Долоо хоногийн таван өдрийн бэлтгэл бол 10-13 насны, спортоор хичээллэж байгаагүй хүүхдүүдэд ачаалал өндөр санагдана. Гэсэн ч хүүхдүүд үүнийг хүндрэл гэж хүлээж авалгүй өдөр бүр эрч хүчтэй, идэвхтэй оролцож байгаа нь урамтай.
Хүүхдүүдэд тохилог орчинд үнэ төлбөргүй бэлтгэл хийх боломжийг бүрдүүлсэн нь үр өгөөжтэй ажил болсон. Миний бодлоор энэ төсөл олон хүүхдийн ирээдүйд бодит дэмжлэг болж чадна. Тиймээс хэрэгжих хугацаа нь аль болох урт байгаасай гэж хүсэж байна. Хүүхдүүдийн ахиц дэвшил, үр дүн тодорхой хугацааны дараа илүү бодитоор харагддаг учраас энэхүү боломж удаан үргэлжилж, илүү олон хүүхдэд хүрээсэй гэж бодож байна” гэсэн юм.
Жиү жицү хүүхдүүдэд хүмүүжил, сахилга бат, бусдыг хүндэтгэх, хариуцлага хүлээх зэрэг олон чадварыг эзэмшүүлдэг спорт юм.Өсөлт хөгжлийн төвд хүүхдүүд англи хэл, сэтгэлзүй болон бусад хөгжлийн сургалт, хөтөлбөрийг хүүхдүүдэд хүргэж байна.


156











