Өдөр тутмын алхалтыг зүгээр нэг алхам тоолохоос илүү сонирхолтой болгох зорилготой “Charlie - Walking Charlie” апп Монгол хэрэглэгчдэд зориулсан шинэчлэлт хийж, виртуал дүрдээ монгол үндэсний хувцас өмсгөх боломжтой болжээ.

АЛХАХ ТУСАМ ӨӨРЧЛӨГДДӨГ CHARLIE
“Charlie” нь Өмнөд Солонгосын хөгжүүлэгчийн бүтээсэн алхалтын апп бөгөөд 2022 онд анх гарсан байна. Апп хэрэглэгчийн өдөр тутмын алхалтыг бүртгэж, үүнийгээ виртуал дүр болох Charlie-тaй холбодгоороо онцлог.
Хэрэглэгч илүү их алхах тусам Charlie нь эрүүл чийрэг болж, хөдөлгөөн багасвал бондгор болох зэрэг өөрчлөлт гардаг. Ингэснээр алхалтын зорилгоо биелүүлэх нь зөвхөн тоо нэмэхээс гадна өөрийн виртуал дүрдээ анхаарал тавьж буй мэт мэдрэмж төрүүлдэг.
Мөн алхалт болон төрөл бүрийн даалгавраас “donut” цуглуулж, түүгээрээ Charlie-даа хувцас, аксессуар авч өгөх боломжтой. Тиймээс хэрэглэгч өөрийн Charlie-ийн гадаад төрхийг хүссэнээрээ өөрчилж, янз бүрийн хувцас, хэрэглэлээр гоёх боломжтой юм.

CHARLIE-ДАА МОНГОЛ ДЭЭЛ ӨМСҮҮЛЖ БОЛНО
Харин Монгол хэрэглэгчдийн хувьд энэ аппын хамгийн сонирхолтой шинэчлэлт нь үндэсний хувцастай холбоотой. Шинэчлэлтээр Charlie-ийн хувцасны сонголтод монгол үндэсний дээл, зодог шуудаг болон бусад монгол хэв маягийн хувцас, хэрэглэлүүд нэмэгдсэн байна.
Ингэснээр Монгол хэрэглэгчид өөрийн виртуал Charlie-г монгол дээлээр гоёж, үндэсний хувцастай дүр бүтээх боломжтой болжээ. Өөр өөр улсын хэрэглэгчдэд тухайн орны онцлогийг виртуал дүрээрээ илэрхийлэх боломж олгож байгаа нь энэ шинэчлэлтийн сонирхолтой хэсэг юм.
АЛХАЛТЫГ ЖИЖИГ ТОГЛООМ БОЛГОСОН НЬ

“Charlie” нь зөвхөн алхам тоолдог апп биш, тоглоомын элементүүдээр дамжуулан хэрэглэгчийг өдөр бүр хөдөлгөөнтэй байхад урамшуулдаг. Мөн “Charlie Town” хэсгээр дамжуулан бусад хэрэглэгчидтэй холбогдож, найзуудынхаа алхалтыг дэмжих, challenge-д оролцох, badge болон тусгай зүйлс цуглуулах зэрэг боломжуудтай.
Ингэснээр өдөр бүр алхах энгийн зорилгыг өөрийн гэсэн виртуал дүр, цуглуулга, даалгавартай жижиг тоглоом болгон хувиргаж байгаа юм. Одоогоор “Charlie - Walking Charlie” аппыг App Store болон Google Play-ээс татаж авах боломжтой бөгөөд үндсэн хувилбар нь үнэгүй ашиглагддаг. Google Play-ийн мэдээллээр апп 100 мянга гаруй удаа татагдсан байна.
Өдөр тутмын алхалтаа уйтгартай дасгал биш, өөрийн виртуал дүртэй хамт хийдэг жижиг тоглоом болгохыг хүсвэл Charlie сонирхож үзэх аппуудын нэг болжээ



155











