Жеффри Эпштейнтэй холбоотой Монгол Улсын талаарх мэдээллийг танилцуулах үеэр шинжээч Ц.Элбэгдорж, түүний гэргий Х.Болормаа болон Х.Болормаагийн дүү Х.Болдбаатар нарын хамтран үүсгэн байгуулсан “Хүүхдийн ирээдүй, хөгжлийн гарц сан” ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг мөн танилцууллаа.
Түүний танилцуулснаар тус төрийн бус байгууллага нь 2007 оны гуравдугаар сарын 15-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2011 оны гуравдугаар сарын 29-нд сангийн хэлбэрээр дахин бүртгүүлжээ. Улмаар 2011 оны дөрөвдүгээр сарын 19-нд “Халамжит гэр бүл” хүүхэд асрах төвийг ажиллуулах зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай авсан байна. Уг зөвшөөрлийг дахин сунгасан баримт бүртгэлээс илрээгүй гэж шинжээч мэдээлэв.
Мөн “Өнөр бүл” хүүхдийн төвөөс “Болор сан”-д 2010 онд 22, 2012 онд хоёр буюу нийт 24 хүүхдийг шилжүүлсэн талаар танилцууллаа.
Шинжээчийн танилцуулсан бүртгэлээр эдгээр 24 хүүхдийн 11 нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн, тав нь сургуулиас гарсан, долоо нь шилжсэн бөгөөд нэг хүүхдийн боловсролын мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Мөн нэг хүүхдийн регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй, нэг хүүхэд сураггүй байгаа бөгөөд хаягийн бүртгэлгүй, гар, хурууны хээний бүртгэл байхгүй гэж мэдээлэв.

Түүнчлэн дөрвөн хүүхэд гадаад руу гарсан бүртгэл илэрсэн байна. Тэдний хоёр нь БНСУ болон Канад руу суралцахаар явсан бол хоёр хүүхэд ямар зорилгоор хилээр гарсан нь тодорхойгүй байгааг шинжээч танилцууллаа.
Эдгээр нь өнөөдрийн сонсголын үеэр шинжээчийн танилцуулсан бүртгэл, материалын мэдээлэл юм.
ШИНЖЭЭЧ ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛАВ
Дээрх мэдээллийг танилцуулсны дараа шинжээч дүгнэлтээ танилцууллаа. Тэрбээр Ц.Элбэгдорж Эпштейнтэй шууд болон хувийн харилцаатай байсан нь тогтоогдсон гэж дүгнэв.
Мөн Эпштейний Монгол Улстай холбоотой харилцаанд эмэгтэйчүүд, охид дөрвөн удаа дурдагдсан гэж танилцууллаа. Тодруулбал, Монгол охид Эпштейний дэмжлэгтэйгээр АНУ-ын виз авах, цаашлаад АНУ руу явах төлөвлөгөөнд багтаж байсан бөгөөд бэлгийн дарамтад өртсөн гэж шинжээч дүгнэсэн байна.
Түүнчлэн Ц.Элбэгдоржийн үүсгэн байгуулсан “Болор сан” асрамжийн зөвшөөрөлгүй үедээ хүүхэд хүлээн авсан нь тогтоогдсон.
Мөн Лоуренс Крауссын бэлгийн хүчирхийллийн хэрэгт гомдол гаргасан хохирогч нь Монгол хүн болох нь Крауссын өөрийнх нь бичсэн мэдээллээр тогтоогдсон гэж шинжээчийн дүгнэлтэд дурджээ.
Шинжээч сонсголын эхэнд хэн нэгнийг гэм буруутайг тогтоохгүй, нээлттэй эх сурвалжид байгаа баримтад юу дурдагдсаныг танилцуулж байна гэдгийг онцолсон юм.


112











