Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, технологи, хиймэл оюун ухааны боломжийг ашигласан бодит шийдлүүдийг хөгжүүлэх зорилготой “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн үе шат өнөөдөр /2026.09.25/ эхэллээ.
Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Анрид медиатай хамтран зохион байгуулж буй уг хакатонд нийт 32 багаас шалгарч үлдсэн 10 баг оролцож байна.

"Нээллттэй парламент" хөтөлбөрийн хүрээнд бодит ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ оны 06 дугаар сарын 30-нд “Нээлттэй парламент” танхимыг албан ёсоор нээсэн. Өмнө нь иргэд Төрийн ордонд орж, сонгосон гишүүнтэйгээ уулзахын тулд шалган нэвтрүүлэх, зөвшөөрөл авах гээд олон шат дамжлага, хүндрэлтэй нүүр тулдаг байв.
Түүнчлэн “E-Mongolia” системд “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсийг шинээр нээснээр одоогийн байдлаар 700 гаруй иргэнээс ирсэн санал, хүсэлтийг шийдвэрлэх явц үргэлжилж буйг танилцуулсан.
Мөн дээр дурдсан зарчмын хүрээнд парламентын сайтын шинэчилсэн хувилбар бэлэн болоод байгаа бөгөөд Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгоход “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтэд оролцож буй 10 багийн залуусын шийдэл, оролцоо чухал ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт онцлоод, оролцогчдод амжилт хүслээ.

Шалгарсан 10 баг өнөөдрийн 09:00 цагаас эхлэн парламентын үйл ажиллагаатай холбоотой бодит асуудлууд дээр ажиллаж, 24 цагийн дотор технологийн шийдлийн ажиллах эх загвар боловсруулна.
Хөгжүүлэлт 2026 оны есдүгээр сарын 26-ны 09:00 цаг хүртэл үргэлжилж, багууд бүтээлээ шүүгчдийн багт хүлээлгэн өгөх юм. Оролцогч багуудын шийдэл парламентын мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой хүргэх, иргэдийн санал хүсэлт, оролцоог үр дүнтэй боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мэдээллийг хүртээмжтэй болгох, парламентын дотоод ажиллагааны гар процессыг технологиор хөнгөвчлөх зэрэг үндсэн чиглэлд төвлөрч байна.
Багуудаас 24 цагийн хугацаанд бэлэн бүтээгдэхүүн гаргахыг шаардахгүй. Харин тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэж болохыг бодитоор харуулах, цааш хөгжүүлэх боломжтой эх загвар, модуль, функц эсвэл туршилтын шийдэл боловсруулах юм. Хөгжүүлэлтийн үеэр оролцогчид парламентын үйл ажиллагаа, технологи, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, өгөгдөл, хиймэл оюун зэрэг чиглэлийн мэргэжилтнүүдтэй ажиллаж, өөрсдийн шийдлээ бодит хэрэгцээ, процесс болон ашиглах боломжтой өгөгдөлтэй тулган хөгжүүлнэ.
Мөн хиймэл оюуныг ашигласан шийдлүүдэд зөвхөн техникийн боломжийг бус өгөгдлийн эх үүсвэр, нууцлал, аюулгүй байдал, хүний хяналт болон хариуцлагатай хэрэглээг хамтад нь авч үзэх зарчим тавигдаж байна. “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн шилдгүүд маргааш (2026.09.26) тодорно.




3430






