Япон улсад 100 ба түүнээс дээш настай хүмүүсийн тоо анх удаа 100 мянгыг давж, 107,677 хүрчээ. Тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны есдүгээр сарын 1-ний байдлаарх мэдээллээр энэ нь өмнөх оныхоос 7,914 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд 56 дахь жилдээ дараалан өссөн байна.
100 настнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд

Нийт 107,677 хүнээс 94,298 нь эмэгтэй, 13,379 нь эрэгтэй байна. Өөрөөр хэлбэл 100-аас дээш насалж буй хүмүүсийн бараг 88 хувь нь эмэгтэйчүүд аж.
Одоогоор Японы хамгийн өндөр настай эмэгтэй нь Kyoto хотын иргэн Fuyo Kishimoto бөгөөд 114 настай. Харин хамгийн өндөр настай эрэгтэй нь Kumamoto хотын Hikaru Kato, 112 настай юм.
Япон улс 100 ба түүнээс дээш настай иргэдийн тоог 1963 оноос тогтмол бүртгэж эхэлсэн бөгөөд тухайн үед ердөө 153 хүн байжээ. Харин 1981 онд 1,000, 1998 онд 10,000, 2012 онд 50,000, 2022 онд 90,000-ыг давсан байна.
Ийнхүү 60 гаруй жилийн хугацаанд Японд 100-аас дээш насалж буй хүмүүсийн тоо 700 гаруй дахин нэмэгджээ.

Урт насалдаг ч төрөлт буурсаар байна
Гэвч энэхүү рекорд нь Японы хүн ам зүйн өөр нэг томоохон асуудалтай зэрэгцэж байна. Тус улс дэлхийн хамгийн хурдан хөгширч буй нийгмүүдийн нэг бөгөөд үүний зэрэгцээ төрөлтийн түвшин нь түүхэн доод хэмжээндээ хүрээд байна.
2025 онд Японы иргэдийн дунд төрсөн хүүхдийн тоо 671,236 болж, өмнөх оноос дахин буурчээ. Мөн нэг эмэгтэйд ногдох нийт төрөлтийн коэффициент 1.14 болсон нь улсын түүхэн дэх хамгийн бага үзүүлэлт юм.
Хүн амын насжилт нэмэгдэж, төрөлт буурч байгаа нь хөдөлмөрийн насны хүн ам цөөрөх, тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ болон ахмад настны асаргааны зардал нэмэгдэх зэрэг урт хугацааны асуудлыг бий болгож байна.
Ийнхүү Япон улс нэг талаас 100 нас хүрч буй иргэдийн тоогоор шинэ рекорд тогтоож, дэлхийн хамгийн урт насалдаг орнуудын нэг хэвээр байгаа ч нөгөө талаас залуу үеийн хүн ам цөөрч буй хүн ам зүйн томоохон сорилттой нүүр тулсаар байна.



727






