Шекспирийн үхлийн шалтгаан үнэхээр шарталт байв уу?
Шекспирийн амьдралын бараг бүхий л зүйлс оньсого мэт тааварлашгүй байдаг. Бүр түүний үхэл хүртэл. Учир нь Шекспир гэдэг хүн үнэхээр оршин байсан эсэх, тэр үнэхээр өөрөө жүжгүүдээ бичсэн эсэх болон түүний шашин шүтлэгийн талаарх маргаануудын зэрэгцээ дэлхийн хамгийн алдартай драма жүжгийн зохиолч яагаад 50 нас ч хүрээгүй байхдаа нас барсан бэ гэдэг дээр эрдэмтдийн үзэл бодол нийлдэггүй.
Харин Виллиам Шекспир 1616 оны 04 сарын 23-нд нас барсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Мөн бид түүнийг Стратфорд-апон-Эйвонд нас барсан гэдгийг мэднэ. Түүний үхэлтэй холбоотой хамгийн хөгжилтэй баримт бол тэрбээр өөрийн хоёр дахь шилдэг ороо эхнэртээ өвлүүлж үлдээсэн явдал. Гэхдээ үнэндээ энэхүү алдартай захиас нь түүнийг хэрхэн үхсэн талаарх таамаглалыг бий болгож байгаа юм.
Үүнийг илүү гүнзгий судлахаас өмнө бид өөр нэгэн Шекспирийн үхлийн боломжит хувилбар луу өнгийх ёстой. Энэ хувилбар нь түүний үхлийн шалтгаан байж болох хувилбаруудаас хамгийн сонирхолтой нь бөгөөд Английн уран зохиолд номер нэгт бичигддэг, аугаа суут ухаантныг маань найз нартайгаа согтууруулах ундаа ууж байгаад нас барсан гэх.
Энэхүү олны дунд нэлээдгүй тархсан үлгэр домог мэтийн цуу яриа нь Стратфорд хотын сүмийн лам Жон Уардын өдрийн тэмдэглэлтэй холбоотой. Жон, Шекспирийг өөрийн яруу найрагч найзууд болох Майкл Дрэйтон, Бен Жонсон нартай хамт тасартлаа уусны маргааш нь нас барсан хэмээн бичжээ.
Гэхдээ жинхэнэ асуулт бол Шекиспирийн үхэл үнэхээр л гэнэтийн байсан уу эсвэл удаан зовоосон өвчний хүндрэлээс болсон уу?
Гэнэтийн байдлаар нас барсан гэдэг саналыг дэмжигчид өөрсдийн санаагаа яруу найрагч Жеймс Маббе-ийн бичсэн шүлгийн мөр болох “Шекспир, чи яагаад ийм эрт дэлхийн тайзнаас оршуулгын өрөө рүү явсан юм бэ, бид гайхаж байна” гэдгээр батлах гэж оролддог.
Түүний үхлээс хэдхэн долоо хоногийн өмнө бичигдсэн гэрээслэл нь “Эрүүл мэнд болон ой санамж минь саруул байна. Бурхан өршөөг” гэсэн үгсээр эхэлсэн байдаг. Хэдийгээр Шекиспир гэрээслэлээ ийнхүү эхлүүлсэн байдаг ч энэ нь зүгээр л сайн сайхныг бодож бичсэн зүйл гэлтэй. Учир нь гэрээслэл бичигдсэн цаг хугацаа түүний үхэлтэй хэтэрхий ойр байгаа нь тэр өөрийгөө тун удахгүй дэлхий ертөнцөөс явах гэж буйгаа мэдэж байсан гэсэн үг.
Инфра улаан туяаны шинжилгээгээр бичиг Шекспирийн үхлээс хэдэн сарын өмнө бичигдсэн байсан ба хэдэн долоо хоногийн өмнө дахин шинэчлэгдэн засагдсан болохыг харуулж түүнийг үнэхээр л өвчний улмаас нас барсан гэдэг онолыг баталдаг.
Судлаачид Шекспирийн үхлийн шалтгааныг тухайн цаг үеийн халдварт өвчний тархалттай холбож үзэх гэж оролддог.
Лондон хотод өргөнөөр тархсан байсан бубон тахал, бохирдлоос үүссэн тифус, мөн третери сифилис зэрэг нь алдарт жүжгийн зохиолчийн үхэл болсон байх магадлалтай. Ялангуяа сифилистэй өвчтөний тоо Шекиспирийн амьдарч байсан цаг үед маш өргөн хүрээтэй тархсан байсан гэдгийг бид мэс засалч Уильям Клоузын тэмдэглэлээс мэдэж болно.
Дээр дурдсан баримт нотолгоо, тайлбаруудаас болоод Шекиспир яг юуны улмаас нас барсан болох нь одоо ч нууц хэвээрээ. Тиймээс ч зөвхөн дээр дурдсан таамаглалуудаас гадна эрдэмтэд судлаачид өөр олон тооны таамаглалыг дэвшүүлсээр ирсэн.
Жишээ нь Си. Мартин Митчелл алдарт Дроушаутын хөргийг нарийвчлан шинжээд тархины цус харвалтаас болж үхэж ээ гэж үзсэн бол, Андрью Стирлинг “Шекспирийг хэн алсан бэ?” номдоо Шекспирийг католик шашинтай байсан тул протестантууд алсан гэж үзсэн. Гэсэн ч энэхүү таамаглал нь үнэн байх боломж багатай.
Хэдийгээр Шекиспирийг согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэснээс болж нас барсан гэж үзэх онол ам дамжсаар ирсэн ч ихэнх эрдэмтэд түүний үхлийн шалтгааныг өвчинтэй холбоотой гэдэг дээр санал нийлдэг юм байна.
Эх сурвалж: History










