
Зүгээр л нэг залуу буруу элчийг алснаас болж бүхэл бүтэн тав гаруй сая хүн амтай байсан Хорезмын эзэнт гүрэн хоёрхон жилийн дотор устаж үгүй болсныг сонсоод надад үгээр хэлэмгүй мэдрэмж төрсөн. Учир нь тэр залуугийн хийсэн тэнэг алдааг би ч бас гаргах бүрэн боломжтой байсан тул хүйтэн хөлс минь цуварч байсан юм.
Энэ түүх намайг гарц нь үл харагдах нүхэн ангал руу түлхэж орхисон гэж хэлэхэд болно. Тэгээд хүн төрөлхтний түүх үргэлж аугаа, сүрдэм байгаагүй харин хэн нэгний гаргасан тэнэг шийдвэрээс болж маш их цус урсах тохиолдол ч байсан гэдгийг ойлгосон.
Ингээд та бүгдэд өөрийн олж мэдсэн түүхэнд болж өнгөрсөн хамгийн харамсалтай гэмээр алдаануудыг танилцуулж байна.
1. “Уучлаарай” гэж хэлэхээс татгалзсаны улмаас тоос болон замхарсан эзэнт гүрэн

Их Монгол улсын Хорезмыг дайлаар мордсон тухай та өмнө нь сонсож л байсан байх. Хорезм мөхсөн гэдэг нь хэдэн сая хүн үхэж, хотууд газрын хөрстэйгөө тэгшлэгдэн, бүхэл бүтэн нэгэн соёл иргэншил дэлхийн тоосноос арчигдан хаягдсан гэсэн утгатай.
Яагаад энэ бүх зүйл болсон шалтгаан нь үнэхээр харамсалтай. Чингис хаан өөрийн эзэнт гүрнийхээ газар нутгийг тэлж байсан ч Исламын орнуудтай найрсаг харилцаатай байж худалдаа наймааг хоорондоо явуулж байх хүсэлтэй байсан. Тиймээс тэрээр Отрар гэх хилийн хот руу муслим иргэд давамгайлсан худалдаачдыг явуулсан гэдэг. Харин тэрхүү худалдаачдыг хотын удирдагч тагнуул гэж үзэн ямар ч нотлох баримтгүйгээр, мөн тухайн хүмүүсийн үгийг ч сонсолгүй цаазаар авсан байгаа юм.
Энэ үйлдэл аугаа хааны уурыг хүргэн Хорезмыг мөхөл рүү нь явуулахаар шийдсэн үү гэвэл үгүй. Учир нь Чингис хаан Хорезмын улстай шууд дайн зарлахыг яаравчилгүй тэдэнд боломж олгосон буюу хоёр монгол, нэг муслим хүнээс бүрдсэн элч төлөөлөгчдийг Хорезм руу явуулж Отрарын захирагчийг шийтгэж, цаазлагдсан худалдаачдын амь насны оронд түүнтэй тэнцэж болох өөр зүйлийг шаардаж буйгаа илэрхийлжээ.
Гэвч харамсалтай нь Хорезмын хаан Чингис хааны шаардлагыг хүлээж аваагүйгээр үл барам ирсэн хоёр монгол элчийг цаазаар аваад муслим нэгийнх нь сахлыг хусан Чингис хаан руу явуулсан байна. Исламын шашинтнуудын хувьд энэхүү үйлдэл нь доромжийн утгатай байдаг билээ.
Дундад зууны үед ч гэсэн дипломатууд дархан эрхтэй байсан бөгөөд тэдгээр хүмүүс тохоон томилсон улсынхаа эзэн хааныг зүй ёсоор төлөөлөгчид гэж үздэг байсан. Тэгэхээр монголын элчдийг цаазална гэдэг нь асар их үл хүндэтгэлийг илэрхийлж буй хэрэг гэсэн үг.
Ингэж л Хорезмын хаан өөрийн болоод ард иргэдийнхээ булшийг ухсан байна.
2. Бууж өгөн амьд үлдсэн ч бослого гаргаж зүрхэлсэн Ши Шиа

Чингис хааны сүр хүчийг бассан өөр нэгэн улс бол Ши Шиа. Өмнө нь энэ улсын талаар сонсож байгаагүй юу? Магадгүй энэ нь тэд яг л Хорезмтой адил Чингис хааны өөдөөс тэрсэлсэнтэй холбоотой байх.
Ши Шиа эхлээд Чингис хаанд бууж өгсөн ч хааны итгэлийг дааж чадалгүй түүн рүү эргээд бослого гаргасан буюу түүнээс урвасан. Ингээд л тэдний хэлээр ярьдаг хүн дэлхийд үлдээгүй юм даа.
Ши Шиан гэх улсын оршин тогтнолын тухай мэддэг эрдэмтэн байгаагүй ч сүүлд археологичдын олсон Ши Шиан улсын үлдэгдлийн тусламжтайгаар тус улсын түүх хүн төрөлхтөнд ил болсон байдаг.
3. Хар тугалгаар баяжуулсан бензин

Томас Мидгли муу хүн байхыг хүсээгүй. Тэр зүгээр л туслахыг хүссэн. Тиймээс тэр машины хөдөлгүүрийг саадгүй ажиллуулах боломжтой хар тугалгаар баяжуулсан бензин зохион бүтээсэн бөгөөд хар тугалгыг хүний биед ямар ч аюулгүй гэдгийг нотлохоор өөрөө тухайн химийн элементээс багахан хэсгийг залгин, үнэрлэсэн байна.
Харамсалтай нь энэхүү галзуу гэж хэлж болом үйлдэл түүнийг эмнэлгийн орон дээр хэдэн сарын турш тарчилж хэвтэхэд хүргэжээ.
Мөн тэр Фреон гэх элементийг гаргаж авсан ч энэ нь сүүлд озоны давхаргыг гэмтээдэг гэдэг нь батлагдсан. Дараа нь тэрбээр полимелитийн вирусээс болж хөдөлж ч чадахаа больсон тул өөрийг нь чөлөөтэй хөдлөхөд туслах машиныг бүтээсэн байна. Харамсалтай нь Томаст хөдөлгөөний эрх чөлөөг бэлэглэх ёстой машин түүний үхлийн шалтгаан болжээ.
4. Шинжлэх ухааныг үзэн ядагч

Трофим Лысенко нь ЗХУ-ын биологич, агрономич байсан бөгөөд генетикийн тухай ойлголтыг үгүйсгэдэг нэгэн байв. Тэрээр уламжлалт шинжлэх ухааныг худал хэмээж өөрийнх нь үгээр явбал газар тариалангаас илүү их үр тариа хурааж болно гэж үзсэн.
Санаагаа батлахын тулд тэр тариаланчдыг байгаа үрүүдээ бүгдийг нь устгахыг шаардаад үртэй үргүй өөрийнх нь аргаар ЗХУ-ын газар тариалан цэцэглэх болно хэмээх амлалтыг өгчээ. Гэвч түүний хэлсэн шиг зүйл болоогүй бөгөөд өлсгөлөнгөөс болж нийт 15 гаруй сая хүн амиа алдсан байдаг.
БНХАУ мөн ЗХУ-ыг дагаж үр тариагаа устгаад мөн л 15 гаруй сая иргэдээ өлсгөлөнгөөр явуулжээ.
5. Бүх зүйлд пластик холих

Бид жилд дунджаар 400 сая тон пластик боловсруулдаг. Хэдэн жилийн өмнө би Өмнөд Энэтхэгийн далайн эргээр аялж явсан бөгөөд тэнд машин замаас эхлээд бүхий л зүйлс нь шинэхэн харагдаж байсан.
Тэгж яваад би элсэн дунд шигтгээ мэт гялалзан харагдаг микропластикуудыг анзаарч харсан юм.
Хамгийн гунигтай зүйл нь юу гээч? Бид албаар байгаль орчноо хохироох зүйл хийгээд байгаа юм биш харин залхуу болохоороо л ийм зүйл тохиолдохыг хүлээн зөвшөөрөөд байгаа гэдэг. Бид цаашдын арав, хорь, гучин жилийг биш харин өнөө маргаашдаа тулгуурласан үйлдэл хийж буйн гайнаас болж өнөөдөр пластик агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байна шүү дээ.
6. Юу ч хийгээгүй нь асар том сөрөг үр дагаврыг ардаасаа дагуулжээ

1940 оны 05 сард буюу дэлхийн хоёрдугаар дайны үеэр Герман гэнэт л баруун Европ руу халдсан байдаг. Франц өөрсөд рүү нь гол цохилт танк явах боломжгүй шигүү ой модтой Арденнаас биш харин Белгээс ирэх ёстой хэмээн итгэж байсан байна.
Хэдийгээр Францад Германчууд Арденнаас довтлох гэж байна хэмээн олон удаа сануулсан ч тэд өөрсдийн таамагтаа бат итгэсээр л байсан аж. Үүний улмаас Франц улс ердөө л зургаан долоо хоногийн дараа гэхэд Германчуудад эзлэгдэн бууж өгчээ.
Уг түүхээс бид хэт өөртөө бардсан байдал ямар том сөрөг үр дагаврыг дагуулж болдгийг харж болж байна.
7. Хүн бүрийн нууцхан хүсэж байсан дайн

Дэлхийн нэгдүгээр дайн нь 1914 онд Австри-Унгерийн угсаа залгамжлагч Франц Фердинандыг Серби иргэн буудаж хөнөөснөөр эхэлсэн гэж үздэг.
Өнгөц харвал ердөө л хэн нэг тэрслүү залуугаас болж хэдэн сая хүний амь насыг авч одсон дайн гарсан юм байна гэж ойлгож болох ч яг үнэндээ Фердинандын үхэл дайн хүсэж байсан хүн бүрийн хүслийг гүйцэтгэх шалтаг л байсан юм.
8. Цахим ертөнц ард иргэдийг нэгтгэх зорилготойгоор бүтээгдсэн

Нийгмийн сүлжээ нь гэр бүл, найз нөхдийг илүү ойр байлгаж олон нийтэд дуу хоолойгоо илэрхийлэх тэр л боломжийг олгох зориулалттайгаар бүтээгдэж байсан. Гэвч бодит амьдрал дээр энэ зорилго нь биелээгүйгээс үл барам эсрэг үр дүнг авчирсан билээ.
Хүний анхаарлыг татах зориулалттай программчлагдсан алгоритмууд уур хилэн, айдас түгшүүр, дургүйцэл гэх мэт сөрөг мэдрэмж төрүүлэхүйц контентуудыг түлхүүтэй гаргадаг нь олон нийтийг нийгмийн эмзэг сэдвийн талаар хоёр эсвэл бүр түүнээс ч олон хэсэгт хуваагдах нөхцөлийг бүрдүүлдэг.
Худал мэдээллүүд асар хурцтай тархаж, хүмүүс нүүр нүүрээ харж ярихаас илүүтэй дэлгэцийн цаанаас постон доор сэтгэгдэл үлдээж реакшин дарах төдийхнөөр л бие биетэйгээ харилцдаг болсон байна шүү дээ.
9. Уур амьсгалын өөрчлөлт

Шинжлэх ухаанчид хэдэн арван жилийн турш уур амьсгалын өөрчлөлтийн тухай сануулж ирсэн тул уг сэдэв нь бидний хувьд шинэ сэдэв биш. Зөвхөн эрдэмтэд бидэнд өмнө маань тулгараад буй аюулыг сануулаагүй бөгөөд бүх зүйл бидний нүдний өмнө ил байсан.
Температурын үзүүлэлт өдөр ирэх тусам өсөж, цаг агаар таамаглашгүй болон хойд, өмнөд туйлын мөс хайлах гэх мэт өмнө нь хэзээ ч болж байгаагүй зүйлс болсоор байсан ч хүн төрөлхтөн эдгээр байгаль дэлхийгээс явуулж буй дохиог үл тоосоор байгаа.
Бидний хийж буй буруутай үйлдлээс болоод үер, ган, түймэр, хоолны хомсдол зэрэг аюулт үзэгдлүүд яг одоо таны эргэн тойронд үзэгдэхгүй ч дэлхийн өөр өнцөг буланд сууж байгаа иргэдэд өөрийн хор хөнөөлөө аль хэдийн мэдрүүлээд эхэлсэн. Тун удахгүй бидний өмнө тулаад ирэх нь ч гарцаагүй.
10. Хиймэл оюун ухаан

Бид анх хиймэл оюун ухааныг бүтээж байхдаа хүн төрөлхтний хийж чадахгүйг хийж бидний амьдралын хэцүү хүнд ажлыг хөнгөвчлөх тэр л зүйлийг бүтээчихлээ хэмээн баярлан гайхширч байсан нь саяхан.
Гэвч AI хүний хяналтаас гарч дэлхий дээрх хэдэн зуун хүмүүст төрөл бүрийн зорилгоор ашиглагдахаас гадна хэрэглэгчийн хувийн мэдээллийг жижигхэн алдааны улмаас олон нийтэд дэлгэх гэх мэт эрсдэлийг дагуулж байгаа нь хиймэл оюун ухааныг дэлхийн хэмжээний асуудал болгож байна.
Эх сурвалж: Medium



3397






