Хэрэв цайг Америкийн хувьсгалын албан бусаар эхлүүлсэн уух зүйл гэж үздэг бол кофе буюу “аяга Жо” нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкийн цэргүүдийг хөдөлгөгч хүч, энерги нь болж байв. Америкийн цэргийн өдөр бүрийн хүнсний багцад кофе заавал багтдаг байжээ.
Кофе болон АНУ-ын цэргийн хүчин

Түүхч Жонсон "Тулааны талбарт сэргээш ашиглаж ирсэн нь урт хугацааны түүхтэй бөгөөд кафэин бол хамгийн зөөлөн сонголтуудын нэг юм" хэмээгээд "Хэрэв та тулааны талбарт шөнөжин нойргүй хоносон бол кофе таныг хөл дээрээ босоход тусална" гэж хэлжээ.
Америкийн цэргүүд Америкийн хувьсгалын үеэс эхлэн кофег хэрэглэж, эрч хүчээ авсаар ирсэн байна. Британичууд цайнд татвар ногдуулсны дараа кофе уух нь эх оронч сонголт гэж үзэгдэх болжээ. Мэдээж үүнд дасах хугацаа шаардагдсан бөгөөд ирээдүйн Ерөнхийлөгч Жон Адамс өөрийн эхнэр Абигейлд бичсэн захидалдаа: "Би үүнээс хойш өдөр бүр кофе ууж байгаа бөгөөд үүнийг нэг их түүртэлгүй даваад байна. Цайнаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй. Би цайнаас гарах ёстой, хурдан байх тусмаа сайн" хэмээн харамсан өгүүлж байв.
Иргэний дайны үеэр Холбооны цэрэг бүрт жилд 16.3 кг кофе олгодог байв. Умардын цэргүүд өдөр тутмын аяга кофегоо найруулахын тулд маш их хүчин чармайлт гаргадаг байсныг "Ердийн бус үндэс: Кофены түүх ба тэр дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ" номын зохиогч Марк Пендерграст өгүүлэхдээ: "Янкичууд түүхий шош авч яван, хайруулын тавган дээр хуурч, дараа нь буталдаг байсан. Тэд бүр бууныхаа ханданд кофе бутлагч суурилуулсан байсан" гэжээ.

Энэ үеэр кофены гачигдалд орсон Холбоотон цэргүүд царсны самар, арвай зэргийг хуурч орлуулан аргацаадаг байв. Түүхч Жонсон "Кафэинд донтсон ямар ч хүн кафэинаа авч чадахгүй бол юу болдгийг мэднэ" хэмээн тэмдэглэжээ.
Дэлхийн нэгдүгээр дайны үеэр АНУ-ын Дайны яам кофены үйлдвэрлэлд шууд оролцож, цэргүүдийг кофегоор таслахгүйн тулд Францад кофе хуурах, бутлах үйлдвэрүүдийг байгуулсан байна. Дайнаас буцаж ирсэн цэргүүд кофенд дуртай болсон хэвшлээ гэртээ авчирснаар 20 дугаар зууны дунд үе гэхэд кофе нь Америкчуудын өглөөний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Ийнхүү 1900 оноос 1946 оны хооронд АНУ-д нэг хүнд ногдох кофены жилийн хэрэглээ хоёр дахин өсөж, 1946 онд ойролцоогоор 9 кг-д хүрсэн байна.
Хангамж болон шаардлага

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ-ын нийт импортын бараг 10 хувийг кофены шош эзэлж байв. Зохиогч Пендерграст "Цэргийнхэн батлан хамгаалах салбарын ажилчдыг ууж чадах чинээгээр нь кофегоор хангадаг байсан" гэж өгүүлжээ. Цэргийн салбарын кофены өсөн нэмэгдэж буй хэрэгцээ дээр нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн аюул занал нэрмээс болсон байна. Дайн ширүүсэхийн хэрээр энгийн хөлөг онгоцуудыг АНУ-ын Худалдааны далайн флотын хэрэгцээнд дайчилснаар кофены шош тээвэрлэх онгоц цөөрчээ.
1941 оны 12 дугаар сарын 7-нд Японы тал Судван эрэг рүү довтолсны дараа инфляцийг хянах зорилгоор кофены үнийг тогтворжуулж, хатуу тогтоосон байна. АНУ-ын Тэнгисийн цэрэг Хавайн "Кона" кофены ургацын ихэнх хэсгийг худалдан авч, Окленд, Бруклин болон Хавай дахь стратегийн чухал байршлуудад өөрсдийн кофе хуурах үйлдвэрүүдийг байгуулав. Самуэль Элиот Морисон 1947 онд гаргасан АНУ-ын Тэнгисийн цэргийн түүхийн бүтээлдээ "АНУ-ын Тэнгисийн цэрэг кофегүйгээр дайнд ялж чадах байсан байж болох ч, ийм туршилт хийж үзэх шаардлага хэзээ ч гарахгүй гэж найдаж байна" хэмээн бичиж үлдээжээ.

1942 оны 6 дугаар сард АНУ-д кофены шош нийлүүлэгч хамгийн том орнуудын нэг байсан Бразил улс өөрийн хөлөг онгоцуудыг Холбоотон орнуудын мэдэлд шилжүүлэн өгсөн байдаг. Үүний хариуд АНУ-ын Түүхий эдийн зээлийн корпораци Бразилын кофены нийт квотыг бүхэлд нь худалдаж авахаар тохиролцсон байна.
Зохиогч Пендерграст "Дайны үйлдвэрлэлийн зөвлөл АНУ-д орж ирж буй бүх кофены хяналтыг гартаа авснаар чөлөөт зах зээлийг үндсэнд нь зогсоосон" гэж өгүүлжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үеийнхтэй адил кофены шошийг шууд фронтын тэргүүн шугам руу илгээдэг байв. Марсель хотын нэгэн үйлдвэрт бензиний торхыг өөрчлөн хийсэн төхөөрөмжөөр өдөрт ойролцоогоор 5.4 тонн кофе хуурдаг байжээ. Энэ үеэр дайны цагийн ашиг орлогыг хайсан брэндүүд чанарыг нь сайжруулсан уусдаг кофе бүтээхийн тулд хоорондоо ширүүн өрсөлдөж эхэлсэн байна.
АНУ-ын иргэдэд оногдож байсан кофены хангамж

Америк цэргүүд жилд дунджаар нэг хүн 14.7 кг кофе хэрэглэж байхад, энгийн иргэд хатуу хязгаарлалт, картын системийн улмаас жилд ердөө 3.8 кг буюу өдөрт нэг аяга хүрэхгүй кофегоор аргацаахаас өөр аргагүйд хүрч байв.
АНУ-д кофены картын систем 1942 оны 11-р сарын 29-нд эхэлж, 1943 оны 7-р сар хүртэл үргэлжилсэн бөгөөд кофены дагалдах бүтээгдэхүүн болох элсэн чихрийн хязгаарлалт бүр 1947 он хүртэл үргэлжилжээ. Америкийн суртал ухуулгаар дутуу дулимаг зүйлээр амьдрахыг эх оронч хүний үүрэг гэж сурталчилж, багахан хэмжээний нормыг хэрхэн урт хугацаанд хүргэх тухай хоолны жоруудыг ч түгээж байв. Өмнө нь Иргэний дайны үеэр Өмнөдийн цэргүүдийн хийж байсантай адил америкчууд цикори эсвэл шар буурцаг хандалж уух зэргээр орлуулах хувилбаруудыг хайж байсан ч түүхч Жонсон "Ихэнх америкчууд С.В. Постын гарган авсан үр тарианаас гаргаж авсан кофелог ундаа болох 'Постум' зэрэг бэлэн бүтээгдэхүүн рүү хошуурч байсан" гэж өгүүлжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа фронтоос буцаж ирсэн цэргүүд кофег урьд урьдынхаас илүү ихээр хүсэмжлэх болжээ. Гагцхүү тэдний аяганд юу байдаг нь л өөрчлөгдсөн байв. Уусдаг кофены хөгжил, геополитикийн өөрчлөлт, цэргийн гэрээ хэлцлүүдийн нөлөөгөөр 1915 онд АНУ-ын зах зээлд кофе үйлдвэрлэдэг 3,500 орчим хуурах үйлдвэр байсан бол 1945 онд энэ тоо ердөө 1,500 болон хумигджээ.
Эх сурвалж: History



320











