ЗАХИДАЛ: Тэр хүнтэй л хамт байвал бүх дэлхий минийх болох юм шиг санагдаж байна.


ССҮТөв | YOLO.MN
2024-10-08

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. Захидлын хариуг ЗӨВЛӨГӨӨ цэсний СЭТГЭЛЗҮЙ булангаас авдаг шүү.

Захидал 1:

Сайн байна уу? Би одоо 11 дүгээр анги, эмэгтэй. Би ангийнхантайгаа болон өөр бусад хүмүүстэй юм ярьж чаддаггүй. Би яагаад ангийнхаа банди нартай юм ярьж чаддаггүй юм болоо гэж бодоод учрыг нь олсон гэж бодож байна гэхдээ яаж өөр бусад хүмүүстэй нээлттэй ядаж бодол санаагаа чангаар хэлж сурахаа нэг л олохгүй байна. Яагаад дуугардаггүй вэ гэвэл эхлээд Манай ангийн нэг банди намайг юм ярьдаг эсвэл жоохон нээлттэй болчихвол намайг өө чи дуугардаг байсан юмуу, ..... ярьж байна, эсвэл юм ярьдаг нээлттэй болсны дараа чи өмнө нь дуугардаггүй, ярьдаггүй байсан шдээ гээд надаар тоглоом хийх юм шиг санагдаад энэ үгийг сонсохыг хүсээгүй, айдгаас болон гэж бодсон.

Дараа нь бодоод байхад намайг бага байхад ээж аав хоёр их муудалцдаг байсан. Аав архи ууна нэг удаа гэрийн багана хугалж байсан. Бас ээж аав надад хичээл зааж өгөхдөө намайг маш их загнадаг байсан гэхдээ би бараг санадаггүй аав надад хичээл зааж би уйлсан чинь гарч наад нүүрээ угаа гээд би шөнө гараад цасаар нүүрээ угааж байснаа л санадаг. Аав архи уугаад нэг удаа үхнэ гээд хоолой дээрээ хутга тулгаж ээж эмээ хоёр аавыг аргадаж байсныг. Аав буу барьж ээжийг буудна гэж байсныг санадаг.  Тэгэхэд би сургуульд ч ороогүй жоохон хүүхэд байсан.

Энэ багийн явдлаас болж би цэцэрлэгт байхаасаа эхлээд дуугай их дотогшоо хүн болсон байх гэж боддог. Би эцэг эхтэйгээ тийм дотно биш, аавтай бага зэрэг, ээжтэй хамт хоёулхнаа байхаар эвгүй санагдаад ярих юм олдохгүй яг танихгүй хүнтэй явж байгаа ч юм шиг. Би одоо яаж хэтэрхий дуугай биш өөрийнхөө үзэл бодлыг чанга дуугаар чөлөөтэй илэрхийлж чаддаг болох вэ? Надад туслаач. Заавал хариулаад өгөөрэй.

ЗАХИДЛЫН ХАРИУ:

Өдрийн мэнд. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад чамайг өөрийн бодол санаагаа бусдад чөлөөтэй илэрхийлж өөрийн харилцааны ур чадвараа сайжруулах хүсэлтэй байгааг ойлголоо. Өөрийн бодол санааг бусдад илэрхийлж ойлгуулах нь  харилцааны ур чадварыг бүрдүүлэх нэг хэсэг бөгөөд  бусдын санаа бодлыг хүлээцтэй сонсож хүлээж авах нь ч мөн харилцааны ур чадвар юм.  Харилцаанд хүн бүр өөр өөрийн байр сууринаас оролцдог бөгөөд зарим хүмүүс бусадтай харилцахдаа  сонсохоос илүү өөрөө ярихыг эрмэлздэг / зан төлөвийн хувьд гадагшаа чиглэсэн / бол зарим нь ярихаас илүү бусдыг сонсдог /зан төлөвийн хувьд дотогшоо чиглэсэн / байх нь бий. Энэ нь тухайн хүмүүсийн  хувийн онцлогтой холбоотой байдаг. Гэхдээ зан төлөвийн хувьд  гадагшаа эсвэл дотогшоо чиглэсэн байлаа ч  харилцаанд  хэт их ярих эсвэл үргэлж бусдыг сонсдог байхын аль аль нь тохиромжтой биш юм. Тухайлбал:

  • Та нүдээ аниад дотроо  аль болох том хэмжээтэй  нэг савыг төсөөлөөрэй.
  • Тэр савыг  “ Мэдрэмжийн  Сав”  гэж нэрлэе.
  • Тэр саванд  таны бусад хүмүүсээс сонсож хүлээн авч буй мэдээлэл, мэдрэмж бүрийг  ус болон урсан орж  байна гэж төсөөлье.
  • Мөн таны бусдад илэрхийлж яриагүй санаа бодол, мэдрэмж  бүхэн тэр савруу урсан орж  байгаагаар төсөөлөөрэй. 
  • Хэчнээн том хэмжээтэй сав байсан ч  тэр саваас юу ч гадагшлуулахгүй дээрээс нь ус нэмж хийгээд л байвал нэг л өдөр сав  дүүрч хальж асгарна шүү дээ.

Яг үүнтэй ижил  өөрийн бодол санаа мэдрэмжийг бусдад илэрхийлж ярихгүй байх нь  биднийг сэтгэл зүйн хувьд тайван бус тухгүй  болгодог. Тиймээс харилцааны  хувьд бусдыг сонсох болоод өөрийн бодол санааг илэрхийлж ярих  аль алийг нь тэнцвэртэй байлгахыг хичээгээрэй. Энэ ч мөн харилцааны ур чадвар юм шүү. Ур чадвар бол авьяас шиг төрөлхийн заяагдмал зүйл биш бөгөөд түүнийг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

Харин өөрийн санаа бодлыг илэрхийлэхдээ өөртөө итгэлтэй байгаарай. Энэ нь эхэндээ тийм ч амаргүй байхыг ойлгож байна. Гэхдээ  харилцааны ур чадвар гэдэг бусад ур чадвараас ялгаатай нь  дан ганц ном уншаад эсвэл тэмдэглэл хөтлөөд сайжирдаг зүйл биш бөгөөд бусад хүмүүстэй харилцаж байж л хөгждөг зүйл гэдгийг ойлгоорой. Тиймээс хүмүүстэй ярилцахын хэрээр, олон дахин давтагдсаны хүчинд чи хэнтэй яаж ярих, ямар үед ямар үг хэллэг ашиглахаа бүгдийг сайтар мэддэг болно. Мөн бусадтай харилцахдаа инээмсэглэх нь тухайн хүнтэй харилцахад таатай байгааг илэрхийлдэг бол анхааралтай сонсож байгаагаа илтгэж ярьж буй хүн рүүгээ харах нь харилцааг илүү үр дүнтэй болгодог. Түүнчлэн өөрийгөө илэрхийлэх,  өөрийн санаа бодлыг бусдад ойлгуулах чадвараа илүү сайжруулж  хөгжүүлэхийг хүсвэл  илтгэл, мэтгэлцээний клубд хамрагдаад үзээрэй. Энэ нь өөрийн ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ шинэ найз нөхдийн хүрээлэлтэй болоход туслах юм.

Мөн чи захидалдаа өөрийн гэр бүлтэй холбоотой бага насны зарим дурсамжийн талаар дурджээ. Хүн бүрийн хувьд хүүхэд насны “бүх дурсамж” нь гоё байдаггүй. Гоё нь ч бий муухай нь ч бий. Гэхдээ бидний өнгөрсөн бидний ирээдүйг тодорхойлохгүй юм шүү. Хэдий цаг хугацааны хувьд бүх зүйл болоод өнгөрсөн ч зарим дурсамжууд бидэнд таагүй мэдрэмжийг төрүүлэх нь бий. Учир нь бид нимбэгийг том томоор нь хазаад идэж байна гэж төсөөлөхөд арааны шүлс ялгарч яг л нимбэг идсэн мэт хариу үйлдэл бидний тархи үзүүлдэг. Энэхүү бодит байдал болон төсөөллийг ялгахгүй байх нь тархины хамгийн том сул тал юм. Тиймээс өнгөрсөн дэх таагүй үйл явдлын талаар бодох нь яг л тухайн цаг үед очсон мэт мэдрэмжийг бидэнд төрүүлэх нь бий. Харин тархины хамгийн том  давуу тал бол тодорхой цаг хугацаанд / өнгөрсөн, эсвэл одоо / хязгаарлагдахгүй үргэлж өсөж хөгжиж өөрчлөгдөж байдаг уян хатан чанартай юм. Тиймээс одоо байгаа нөхцөл байдал, боломжуудад төвлөрч өөрийн ур чадваруудыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм шүү. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан

ЗАХИДАЛ 2:

Би одоо 24 настай. Найз охин маань 20 настай.

Бид хоёрын харилцаа их давгүй сайхан байсан юм. Одоо бол байнга хэрэлдээд ойлголцдоггүй. Би л яарилцъя гэхгүй бол тэр надтай ярилцах хүсэлгүй болсон юм шиг санагдаад байгаа.

Бид хоёр хамт амьдраад хагас жил болж байсан. Одоо бол салсан байгаа. Салсан ч гэсэн би тэрэнгүй бол амьдрах ч хүсэлгүй зүгээр оршсон хүн болчихсон. Одоо бол байнга л уучлалт гуйж байгаа, намайг сүүлийн удаа уучлаач гээд л..

Тэр хүн л миний амьдралд байх юм бол бүх дэлхий минийх болох юм шиг санагдаж байна.

Энэ жинхэн хайр мөн болов уу? Бид хоёр үерхээд нэг л жил болох гэж байна. Нэг жилд 5.6 салсан байхаа. Салах болсон шалтгаан нь миний хараас болсон би их хартай юм байналээ. Гэхдээ хардах шалтгаан гаргахгүй бол хардана гэж юу байхав дээ л гэж боддог. Ер нь тэгээд хардах шалтгаан нь найзууд нь байдаг.  Найзуудтайгаа гарч орно гарахаараа утсаа авахаа байчихна бүүр сүүлдээ гэртээ ирж хонохоо ч байсан.

Энэ явдал хэд хэдэн удаа давтагдаад би хэрэлдээд салсан боловч мартаж чадахгүй яах гэж хэрэлдэв дээ гэж бодож шаналж одоо ч уучлал гуйж байна энэ жинхэнэ хайр мөн болов уу?

Би тэр эмэгтэйн юунд хайртай болчихоод доромжлуулсан ч гэсэн араас нь гүйгээд байгаан бол жинхэнэ хайр гэж юу вэ? Ойлгох юм байдаггүй ээ.

ЗАХИДЛЫН ХАРИУ:

Сайн байна уу? Бидэнд  хандаж захидал илгээсэнд баярлалаа. Найз охиноосоо салсан ч мартаж чадахгүй байгаа юм байна гэж ойлголоо. Насанд хүрэгчдэд хоёр төрлийн хайр байдаг. Эхнийх нь “Д” хайр буюу өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд хамт байдаг хайр. Жишээ нь: Өөрийгөө хамгаалуулах, тайвшруулах, санхүүгийн хэрэгцээгээ хангах гэх мэт. Энэ төрлийн хайр бол өгдөггүй зөвхөн авдаг төрлийн хайр юм. Харин “Б” хайр нь дээрхээс эрс ялгаатай. Өөрийн төсөөлөл, өөрийгөө үнэлэх үнэлэмж, хайр сэтгэлийн чухлыг ойлгох чадвар зэрэг хүний өсөлт хөгжилтөд нөлөөтэй бүхнийг дэмжиж урамшуулдаг хайр юм.  Мэдээж хосын харилцаанд маргаан байлгүй яах вэ? Маргалддаггүй хайрыг төгс хайр гэж ойлгохгүй шүү дээ. Төгс хайр гэдэг бол харилцан бие биедээ итгэх итгэл, харилцаа, хүсэл тэмүүлэл, ойлголцол, тууштай байдал буюу хамт байх шийдвэр дээр үндэслэдэг. Энэ бол эрүүл харилцааны хэв маяг юм. Хайртай учраас харамлах, санаа зовох мэдрэмж бий болохыг үгүйсгэхгүй. Харин хайртай гэдгээ дэмжиж, хүндэлж, ойлгож байгаагаар илэрхийлж, эрүүл харилцааны хэв маягийг бүрдүүлбэл харилцаа илүү удаан үргэлжлэх боломжтой.  Тиймээс та хоёрын харилцаа аль төрлийн хайр байсан талаар эргэцүүлээрэй.  Мэдээж салсны дараах мэдрэмжийг даван туулах хэцүү гэдгийг ойлгож байна. Салалт бол хүнд хамгийн их стресс үүсгэдэг хүчин зүйлүүдийн нэг юм. Гэхдээ энэ мэдрэмж үүрд үргэлжилнэ гэсэн үг биш. Салалтын дараах үе шатууд гэж байдаг. 

  1. Салалтаа хүлээн зөвшөөрөхгүй байх.
  2. Болсон үйл явдлыг шүүн тунгаах, дасах
  3. Салалтыг даван туулах болон ганц бие амьдралаа зохион байгуулах
  4. Амьдралаа дахин бүтээх болон шинэ амьдралын хэв маягийг бий болгох.

Иймээс болсон үйл явдалд анализ хийж шийдвэр гаргахыг зөвлөж байна. Амжилт хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 

Туслах сэтгэл судлаач Б.Буянжаргал

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#захидал #захидлын хариу