СУРВАЛЖИЛГА: “Update 2024” эвентээс таны мэдэх ёстой бүх зүйлс


Б.Саранчимэг | YOLO.MN
2024-09-23

Нийгмээ өөрчлөх, нийгэмдээ болон өөртөө шинэчлэлт оруулах хүсэлтэй залуусын оролцоог дэмжсэн “Update 2024” эвент өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө. Тус өдөр автомашингүй өдөр тохиосон ба залуучууд өөрсдийнхөө төлөө оюундаа мэдлэг нэмж, бусдаасаа суралцахаар MPM Event Hall-д цуглажээ.

“Shared Responsibilities” буюу “Хамтын хариуцлага” гэх уриан дор нэгдсэн залуус салбартаа тэргүүлэгч панелист, экспертүүдийн бодит туршлагыг сонсохоос гадна танилын хүрээллээ тэлэн, үе тэнгийн залуустайгаа мэдлэг мэдээлэл солилцсон үйл ажиллагаа болсон юм.

Уг үйл ажиллагаа нь гурав дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил “ЦойлогсоZ”, “Лантуун Дохио ТББ”, “Гэж Юу Вэ”, “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”, “Нийтийн Эрх Ашгийн Сан” хамтран зохион байгуулав. Ингээд зургаан цаг үргэлжилсэн арга хэмжээг тоймлон хүргэж байна.


ШИНЭЧЛЭХ ХҮСЭЛТЭЙ ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУС

Товлосон цаг болж хөтлөгч Д.Амартүвшин /комедиан Амараа/ тайзнаа гарч ирэн эвентийн үнэ цэн, ач холбогдлыг танилцуулан үйл ажиллагааг нээлээ. Үүний дараагаар өөрсдийн арвин туршлагыг хуваалцахаар салбаруудын төлөөлөл болсон зочин илтгэгчид илтгэлээ танилцуулав. Тэд “Залуус бүгд хамтран ажиллаж аливаа асуудлыг хөндөөд орхих биш илүү гүнд нь орж бүтээлчээр шийддэг байгаасай, оршин байгаа нийгмээ болон өөрийгөө, хүрээлээ эергээр өөрчилдөг залуусын хот болоосой” гэсэн санааг залууст хэлэхийг зорьж байлаа.  

“Залуучуудын байгууллагуудыг харвал хамтаръя, нэгдье гэсэн уриатай харагддаг. Энэ бол зөв. Гэхдээ тэрнээс цааш хөндөх агуулга нь юу вэ гэхээр бид нэгдээд шударга ёс гэх зүйлийг өөрсдийн зарчим болгож чадвал нэгдлийг зөв зүйл рүү чиглүүлж, бодит нөлөөллийг гаргаж чадна.

2024-2032 онд бидний үеийнхэн өөрсдийн үүргээ ухамсарлаж, хариуцлага болон бүтээмжээрээ өрсөлдөж чадвал илүү сайхан ирээдүйг бүтээж чадна гэдэгт итгэж байна. Суралцсан зүйлээ бусадтайгаа хуваалцъя, мөрөөдөлдөө хамтдаа хүрье, нэг хувиар илүү хариуцлагатай байцгаая” хэмээн “ЦойлогсоZ”-ын гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Б.Батзориг илтгэлийнхээ үеэр ярьж байв.

ТЭГШ ХҮРТЭЭМЖ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч залуусын бас нэгэн төлөөлөл шүү дээ. Тэд ч нийгмээ өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй. “ЦойлогсоZ”-ын залуус үйл ажиллагаагаа тэгш хүртээмжтэй байхаар зохион байгуулан “Дохионы хэлмэрч”-тэй байсан нь зөв шийдэл болжээ. Тэд зөвхөн ганц энэ удаагийн биш зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаанд дохионы хэлмэрчтэй ажилладаг байна.

Мөн танхимд ирсэн залуучуудаар хязгаарлалгүй онлайнаар давхар хүргэж байсныг онцлууштай.

“ЦойлогсоZ” багийн гишүүн, зохион байгуулагч Б.Жавзандулам “Өнөөдрийн арга хэмжээнд нийтдээ 500 гаруй хүн оролцож байна. Өмнөх жил манай эвент задгай талбайд хоёр өдрийн фестиваль болон өргөн цар хүрээтэй болж байсан. Харин энэ жил цөөхөн хүнтэй бөгөөд илүү чанартай арга хэмжээ болж байгаа болов уу хэмээн харж байна. Судлаад үзэхэд нийгмийн талаар нөлөөллийн ажил хийдэг байгууллага олон байдаг хэдий ч түүнийг нь нэгтгэдэг зүйл ховор юм шиг ажиглагдсан. Энэхүү эвентээр дамжуулан тэрхүү хүмүүсийн нэгтгэн, хооронд нь танилцуулах мөн залуучуудад түгээх зорилготой.

Энэ удаагийн онцлог нь volunteer буюу сайн дурын оролцогчид их бий. Ихэнх volunteer зөвхөн сертификат авахын төлөө оролцдог. Харин манай зүгээс тэдэнд нийгмийн ажилд оролцох нь олон талаар ашигтай байдаг гэдгийг таниулахаар ажиллаж байна. Залуучууддаа хандаж хэлэхэд ямар нэгэн зүйл хийхдээ түүндээ дурлаж хийгээрэй. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Нийгмийн оролцоонд ч тэр. Сайн дурын ажил хийхдээ өөртөө болон бусдад хэрхэн нөлөөлж байна гэдгээ ухамсарлан сэтгэл хангалуун ажиллаарай гэж хэлмээр байна” гэлээ.

CHARLIE & ҮҮЛЭН

Энэхүү үйл ажиллагааны хамгийн дэггүй, хөөрхөн зочид бол Charlie, Үүлэн хоёр байлаа. Тэд бол “Азтай Савар” ТББ”ын түр оршин суугч нохой, муур юм. Уг үйл ажиллагаанд тэд өөрийг нь хайрлаж, хамгаалах эздээ олохоор иржээ.

Азтай Савар ТББ-ын сайн дурын ажилтан М.Цагаандолгор “Өнөөдрийн үйл ажиллагаанд “Азтай Савар” байгууллага болон гэрийн тэжээвэр амьтны тухай хуулиа танилцуулах, байгууллагынхаа мерчиндайз бараа бүтээгдэхүүнийг борлуулан оролцлоо.

“Азтай Савар ТББ” маань 2013 оноос хойш амьтан аврах, үрчлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлд хөдөө орон нутгийн малын эмч нарыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлсэн. Charlie нохойны хувьд одоо нэг настай. Харин Үүлэн буюу шарков муур маань манайд орж ирээд удаагүй байна. Саяхан есдүгээр сарын 14-нд манайх “Bepawsitive” гээд арга хэмжээ зохион байгуулсан. Гэтэл энэ арга хэмжээн дээр ирээд шарковыг маань эзэн нь орхиод явчихсан байсан. Тиймээс өнөөдөр үрчлүүлэхээр энд ирсэн байна. Үрчлүүлэхэд ямар нэгэн төлбөр, мөнгө байхгүй. Амьтанд хайртай, хариуцлагатай хүмүүст үрчлүүлнэ. Амьтан гэдэг сэтгэл хөдлөлөөр авдаг зүйл биш. Түүнтэй бүхий л амьдралынх нь туршид хамт байна гэж бодож л үрчилж авах хэрэгтэй.

Бидэнд тулгардаг нэг том асуудал бол эцэг эхчүүд нохой муураас гадна туулай, яст мэлхий зэрэг бүх төрлийн амьтныг хүүхдэдээ бэлэг болгоод өгчихдөг. Тэгээд нэг юм уу хоёр жилийн дараа нөгөө амьтнаа гаргаад хаях тохиолдол маш олон. Үүнээс сэргийлээд манай байгууллага “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ыг санаачилж 2023 оны арванхоёрдугаар сард албан ёсны хуультай болж чадсан” хэмээн хэлж байлаа.

Үйл ажиллагаа дуусахад Charlie & Үүлэн хоёр маань өөрсдийг нь хайрлах, хариуцлагатай мундаг залууст үрчлэгдэж чадсан юм.

ХАМТЫН ХАРИУЦЛАГА

Арга хэмжээний хоёрдугаар хэсэгт зочин панелистууд орчин цагийн медиа салбарын чиг хандлагын талаар сонирхолтой яриа өрнүүлэв. Медиа сэтгүүлзүйн салбарын төлөөллүүд болох “Noorog”, “Unnu”, “HumanZ”, “Unread”-ын гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагчид ирж өөрсдийн үзэл бодлыг хуваалцан, хамтын хариуцлага, ирээдүйн залуус, нийгэмд тулгамдаж буй асуудлын шийдэл зэрэг олон асуудлаар хэлэлцэж байв.

Хөтөлбөрт оролцогч 12-р ангийн сурагч Э.Анударь “Анх удаагаа энэхүү арга хэмжээнд оролцож байна. Өмнө нь зөндөө харж байсан ч гэсэн нас маань бага байсан учир экспертүүдийн ярьж буй зүйлийг сайн ойлгохгүй байх бэрхшээл тулгарч байсан. Одоо ЭЕШ өгөх төгсөх анги учраас өөртөө хөрөнгө оруулалт хийж, мэдлэгээ тэлэхийн тулд уг эвентэд оролцож байна. Миний хувьд эх хэл, улсаа хүндэлдэг хүн. Гадаадад 4-5 жил суурьшиж байгаад саяхан буцаж ирсэн. Тиймээс “Гадаад хэлээр гангарагчид төрөлх хэлээ мөхөөнө” гэж иш татсан үг нь толгойд үлджээ” гэлээ.

 “Энэхүү арга хэмжээнээс хамтын хариуцлага гэдэг зүйлийг ойлгож авлаа. Хувь хүний хөгжлөөс илүү нийтээрээ ашгийн төлөө явах ёстой юм байна. Хамгийн эхний илтгэгч Tapan Mishra-ийн монголын залуучуудыг өндрөөр үнэлдэг нь таалагдсан.

Би саяхнаас эхэлж volunteer хийж байгаа. Хүмүүстэй харилцаж, нийгэмшиж байгаа нь таалагддаг. Цаашдаа зохион байгуулж буй олон эвентэд оролцох хүсэлтэй байна” хэмээн хөтөлбөрт оролцогч НЕБ-ын 30-р сургуулийн сурагч Н.Үйлс хэлж байсан юм.

“НАМАЙГ ЭНДЭЭС АВААД ЯВ, ҮДЭШ БОЛСОН Ч ХАМААГҮЙ...”

Ингээд арга хэмжээний бас нэгэн шигтгээ GenZ үеийн төлөөлөл, дуучин Nene буюу Батдэлгэр тайзнаа гарч ирэн тайзыг доргиов. Дуртай дуучнаа харсан залуус ч дууг нь дагаж дуулсаар, зарим нэг нь бүжиглэнэ. Ямартай ч олон цагийн турш сууж илтгэл сонссон тэдэнд зугаатай байсан бололтой.

\

Уг арга хэмжээнд зохион байгуулагчдаас гадна иргэний нийгмийн олон байгууллагуудын “booth” харагдаж байв. Тэд өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулан, шинэ гишүүн бүртгэж авах, 18 нас хүрсэн залууст үнэ төлбөргүй “Богд” банкны compass картыг бэлэглэж байсан ба ирсэн залуус уйдах завгүй хэдэн цагийг өнгөрөөв.

Мөн “Joy in responsibilities” гэсэн сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгджээ.

Уг хөтөлбөр нь 2022 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд ирэх жил ч болох юм. Эцэст нь хувь хүндээ болон нийгэмдээ update хийцгээе залуусаа.

Үйл ажиллагааны зургуудыг хажуу тийш сум дээр дарж гүйлгэн үзээрэй.

#Update 2024