YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна. Захидлын хариуг ЗӨВЛӨГӨӨ цэсний СЭТГЭЛЗҮЙ булангаас авдаг шүү.
Захидал 1:
Сайн байна уу? Энэхүү захиа очих өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Намайг М гэдэг. Би одоо 17 настай энэ жил 12-р ангид орж байгаа юм. Хүн болгон хүсэл тэмүүллээрээ хийдэг хоббитой байдаг даа. Тэгээд энэ хоббиноосоо аз жаргалыг амсаж амьд байгаагаа мэдэрч явдаг билээ. Би гар бөмбөгийн спортоор хичээллэдэг. Үүндээ үнэхээр их дуртай. Энэ спортоороо хичээллэж л байвал би юуг ч хийж чадах юм шиг сайхан байдаг юм.
Надад тохиолдсон асуудал бол...
Аав ээж маань миний энэ хүсэл сонирхлыг дэмжихгүй байгаа нь надад үнэхээр хэцүү байна. Би өөрөө дуртай болохоороо л аав ээжийг аргалаад л явдаг байлаа. Би олон тэмцээн уралдаанд оролцож медал авч ирсэн. Гэсэн аав ээж минь надад "Чи тэмцээнд оролцоод төмрийн сэг л авч ирж байгаа биз дээ" гэж хэлж байсан. 11р ангид байхдаа ингээд л аргалаад явдаг байсан. Тэгээд цаг хугацааны эрхээр аав ээжийг намайг хүлээн зөвшөөрчих байх гэж бодтол одоо хүртэл намайг ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнээс болоод аав ээжтэйгээ байнга маргалдаж хичээл номоо ч хийх урам зориггүй болсон.
Би яахав аав ээжийгээ намайг хичээлээ хаячих болов уу гэсэндээ ингээд байгаа гэдгийг мэддэг ч гэсэн би хичээл спорт хоёроо давхар аваад явж чадна гэдгтээ 100% итгэлтэй байгаа юм. Тэдэнд хэлсэн ч гэсэн намайг ойлгохгүй байна.
Надад туслаач. Би яг яах ёстой юм болоо. Над шиг асуудалтай хүүхдүүд зөндөө байдаг шүү бидэнд туслаач
ЗАХИДЛЫН ХАРИУ
Өдрийн мэнд. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад аав ээж чинь чамайг илүү сайн ойлгоосой, чиний хүсэл сонирхлыг дэмждэг байгаасай гэж хүсэж байгааг нь ойлголоо. Бас үүний тулд чи чамгүй их хичээл зүтгэл гаргасан байна. Ойлгох байх гээд аргалаад яваад байсан гэсэн байна. Ирээдүйн төлөвлөгөөгөө, спорт болон хичээлээ яаж зохицуулах талаар өөрийн бодлоо хэлсэн болов уу? Бодитоор яаж зохицуулах вэ? гэдэг асуулт юм шүү. Төлөвлөгөө гэдэг бол цаг хугацаатай, тодорхой, үйлдлийн дараалалтай байдаг шүү дээ. Мөн спорт болон хичээлээ давхар аваад явна гэдэг нь ирээдүйд сонгох мэргэжил нь спортоос өөр гэж ойлголоо зөв үү? Өөр мэргэжил сонгох гэж байгаа гэж ойлгоод дараах зөвлөгөөг хүргэж байна.
Үл ойлголцол гэдэг нь харилцагч талууд өөр өөрийн санаа бодлыг дөвийлгөж бусдын санаа бодлыг хүлээж авахгүй, ойлгохгүйгээс болж шийдэлд хүрч чадахгүй байхыг хэлдэг. Гэхдээ энэ нь найз нөхдийн, ажил хэргийн, гэр бүлийн гээд бүхий л харилцаанд байдаг. Үл ойлголцлыг үр дүнтэй шийдвэрлэснээр харилцаа илүү бат бөх болдог бөгөөд түүнийг шийдвэрлэх хамгийн зөв арга бол үр дүнтэй ярилцлага юм.
Харин үр дүнтэй ярилцахын тулд харилцагч талууд дан ганц өөрсдийн байр суурийг илэрхийлж бусдад ойлгуулахыг хичээх бус харилцан бие биеийнхээ санаа бодлыг сонсож, хүлээн авч, ойлгох нь чухал юм. Учир нь харилцаанд бусдын байр суурийг ойлгох нь тэдэнд өөрийгөө ойлгуулах эхлэл болдог. Тиймээс энэ удаад аав ээжтэйгээ ярилцахдаа эхлээд тэдний санаа бодлыг сонсвол ямар вэ? Энэ нь тэдний сонголтоор бүхнийг шийд гэсэн үг биш. Харин тэдний чиний ирээдүйн талаар ямар хүлээлттэй байгааг асуугаад үзээрэй. Үүний дараагаар өөрийн юунд дуртай, ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг, өөрийн ирээдүйн зорилгын талаар аав ээжтэйгээ нээлттэй чөлөөтэй хуваалцаарай. Мөн тэрхүү зорилгодоо хүрэхэд спортоор хичээллэх нь саад болохгүй харин ч эрч хүч, урам зориг өгдөг талаар аав ээждээ хэлж ярилцах замаар ойлгуулахыг хичээгээрэй. Бид сэтгэл хөдлөл тогтворгүй байгаа үедээ өөрийгөө илэрхийлэхдээ чанга ярих, буруу үг ашиглах буюу бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлэхээр хэлэх гээд байдаг талтай. Тиймээс аль болох тайван байх үедээ ярилцахыг хичээгээрэй. Ярилцахад хүндрэлтэй байна гэвэл захидал бичиж болно шүү. Эсвэл энэ захидлаа ч аав ээждээ уншуулах боломжтой. Ярилцлага амжилттай болоход олон удаагийн оролдлого, хичээл зүтгэл хэрэгтэй юм шүү. Чамд амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан
Захидал 2:
Сайн байна уу? Би одоо 17 настай, төгсөх ангийн сурагч. Хоёр жилийн өмнөөс хамт суудаг хүүхэдтэйгээ дотносож сургууль болоод ангид тохиолдсон явдлуудаа ярилцдаг найзууд болсон. Ангийн бусад хүүхдээс хөндийрч тэр хүүхэдтэй л бүхнээ хуваалцдаг болсон үеэс биед хамаагүй хүрч сүүлдээ бэлгийн харилцаанд орохыг шахаж шаарддаг, ятгадаг болсон. Эхэндээ дургүй байгаагаа илэрхийлж, бусдаас нууж хааж нилээдгүй хугацааг өнгөрүүлсэн ч түүний хүсээд байгаа зүйлийг өгчихвөл надаас холдох болов уу гэсэн бодлогогүй алхмаас болж харамсаад ч барахгүй алдаа гаргачихсан.
Ингээд л улам үнэ цэнэгүйн дээр түүний барьцаанд орчихсон. Найзуудтайгаа нийлж дээрэлхэх, доог тохуу хийх бүрд нь хүндээр хүлээж авч өөртөө итгэлгүй болж хичээлдээ ч төвлөрч чадахгүй болсон. Ангид өөр дотно найзгүй, ахиад тэр бүхнийг мэдэрнэ гэхээс гол зурах шиг л болох юм. Яавал энэ байдлаас гарч чадах бол?
ЗАХИДЛЫН ХАРИУ
Өдрийн мэнд. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад чамайг хүнд нөхцөл байдалд байгааг ойлголоо. Хүний биед зөвшөөрөлгүй хүрэх нь үнэ цэнэ үл хамаарах хүчирхийллийн шинжтэй дарамт юм шүү. Ийм тохиолдолд сэтгэл санаа тогтворгүй, сандарч тулгамдан хүн буруу шийдвэр гаргах талтай байдаг. Тэрнээс чиний буруу гэсэн үг биш юм шүү. Чи буруугүй. Энэ тохиолдолд итгэдэг ойр дотнын насанд хүрсэн хүмүүсээс тусламж авах нь маш чухал юм шүү. Хэрвээ хэлж тусламж авахгүй бол тэр хүний хэрээс хэтэрсэн байж боломгүй үйлдэл үргэлжилсээр байх бөгөөд шийдэхэд улам л хэцүү болно. Мөн энэ асуудлыг ганцаараа шийдэхэд хүндрэлтэй, хэн нэгний тусламж хэрэгтэй асуудал юм шүү. Одоо хэлэхэд ичиж, санаа зовж, намайг юу гэж бодох бол гэхээс айж байгаа байх. Ойлгож байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэхгүй бол маш удаан хугацаанд чамайг зовоож чиний сэтгэцийн эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй юм шүү. Эхний ээлжид ойр дотнын хүмүүсдээ хэлэхэд хэцүү байна гэвэл сэтгэл зүйчтэй биетээр уулзахыг зөвлөж байна. Асран хамгаалагчтай хэцүү байгаагаа хэлж эхний ээлжид итгэж болох хүнтэй ярилцахыг хүсэж байгаагаа илэрхийлээрэй.
Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлдэг төвүүд болон сэтгэл зүйн зөвлөгөө явуулдаг зарим төвүүдийн мэдээллийг үлдээлээ.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх