Нэг л өдөр, таны гар утсыг огт танихгүй этгээд барьж байна гээд бод доо. Таны зургуудыг үзэж, мессежийг уншиж, Facebook-тээ бичсэн болгоныг чинь харж, бүр таны өмнөөс бичиж ч чадна. Магадгүй та таксинд мартаад буучихсан, зөрж өнгөрсөн этгээд аваад зугтчихсан, автобусанд явж байгаад хулгайлуулсан ч байж болно.
Хэдхэн жилийн өмнө бусадтай утсаар ярьж, мессеж бичихээс өөр “ид шидгүй” байсан гар утас өнөөдөр бидний бүхий л мэдээллийг агуулдаг ухаантай бөгөөд аймшигтай зүйл болжээ. Банкны мэдээлэл, найз нөхдийн тухай гээд бүхнийг агуулж байдаг учраас гар утсаа алдана гэдэг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжигдэх төдий хохирол байхаа больсон юм.
Гар утас асар их мэдээлэл агуулж байгаагийн хэрээр түүнийгээ хамгаалах боломжийг бидэнд өгсөн. Та юун түрүүнд гар утастайгаа БАЙХ үедээ дараах алхмуудыг хийх хэрэгтэй.
БЭЛТГЭЛ АЖИЛ
Утсан дээрх гэрэл зураг, бичлэг, утасны жагсаалт гэх мэт мэдээллүүдээ өөр газарт давхар хадгалж, хүн таах аргагүй нууц үг ашиглаж, утсаа зайнаас удирдах аппликейшнийг идэвхжүүлэх зэргээр утсаа алдахаас сэргийлэх арга хэмжээг аваарай.
Нэгдүгээр алхам: НУУЦ ҮГЭЭ ЗӨВ СОНГОХ
Судалгаагаар хэрэглэгчдийн дийлэнх нь нууц үг гэдгийг зүгээр л ядаргаатай дамжлага гэж үздэг болохыг тогтоосон нь бий. Тийм ч учраас маш олон хэрэглэгч 1234, 123456 гэх мэт тооны цуврал эсвэл гар утасныхаа дугаар, төрсөн он сар зэргийг нууц үг болгон сонгодог.
Ялангуяа дөрвөн оронтой нууц үг гэдэг ердөө 1000 боломжтой хялбархан “цоож” юм. Тиймээс юун түрүүнд олон оронтой байх тусам үл таних этгээд нууц үгийг нь таах боломжийг багасгана. Үсэг, тэмдэгт оролцуулбал нууц үгийг улам баталгаатай болгодог.
Жишээлбэл Bold1990 гэсэн нууц үг хялбар нууц үгийн тоонд орно. Харин 8o!d5683 гэвэл илүү хүнд нууц үг болж байх жишээтэй.
iPhone 5S болон түүнээс хойшхи Apple-ийн бүтээгдэхүүнүүд, Samsung-ийн Galaxy S5 загвараас хойшхи гар утаснууд хурууны хээ уншдаг болсон нь хэрэглэгчдийг мөн л буруу зуршилд сургах нэг шалтгаан болов.
Хурууны хээ дахин давтагдашгүй хэмээх тайлбараас болоод хэрэглэгчид давхар оруулдаг нууц үгээр хялбархан тооны цуглуулга сонгох хандлагатай болжээ. Тиймээс мөн л хүн таахад хэцүү нууц үг сонгох ёстой.
Андроид утаснуудад гарсан нэг том дэвшил нь Pattern хэмээх есөн цэгийн дарааллаар утасны түгжээг тайлах технологи. Гэвч нэг дутагдалтай тал нь хэрэглэгчид мөн л хялбар дарааллыг сонгох хандлагатай байдаг.
2015 онд хийсэн судалгаагаар хэрэглэгчдийн 77 хувь нь аль нэг булангаас эхэлдэг, 44 хувь нь зүүн дээд булангаас эхэлдэг болохыг тогтоожээ.
Ингээд зүүн дээд булангаас эхэлдэг хэрэглэгчид дунджаар дөрвөн ширхэг цэг дамжуулан Паттернаа зурдаг аж.
Хамгийн сонирхолтой нь зүүн дээд цэгээс эхэлсэн бол баруун тийш эсвэл зүүн тийш гурав дахь цэг хүртэл зурна. Энэ нь эхэлсэн цэгийн яг зэргэлдээх цэг рүү дамждаг гэсэн үг бөгөөд яг голын цэгээс бусад нь бүгд хоёрхон боломжтой.
Харин залуу үеийнхэн, өсвөр насныхан илүү хэцүү Паттерн сонгодог болох нь тогтоогджээ. Гэтэл насанд хүрэгчид, хөгшид ердөө л цагаан толгойн үсэг хийх нь элбэг байдаг аж.
Хоёрдугаар алхам: ТУСГАЙ АППЛИКЕЙШН ХЭРЭГЛЭХ
Дээр дурдсанчлан бидний ашиглаж буй ухаалаг утас үнэхээр олон талаараа ухаалаг болсон. Жишээлбэл, байршил тодорхойлох GPS, интернет сүлжээнд холбогддог гээд олон давуу тал бий. Тийм ч учраас утсаа алдсан тохиолдолд байршлыг нь тодорхойлж, утсан дээрх мэдээллийг устгах зэрэг арга хэмжээ авахад танд тусгай аппликейшн хэрэг болно.
Мэдээж хэрэг аппликейшнийг ажиллуулахын тулд таны утас асаалттай, сүлжээнд холбогдсон байх шаардлагатай. Харамсалтай нь хулгайч нар гар утсыг олсон, эсвэл авсан даруйдаа унтрааж, СИМ картыг нь гаргаж хаях нь түгээмэл.
Гэхдээ та утсаа байхгүй болсныг мэдмэгцээ шууд шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Андроид утаснуудын хувьд Google Account, iOS утаснуудын хувьд Apple ID зэрэг нь утсаа эргүүлж олох, бусад этгээд ашиглах аргагүй болгох зэрэгт хэрэг болно.
АНДРОИД УТАСТАЙ БОЛ: Таны утас Андроид 2.2 болон түүнээс хойшхи үйлдлийн системтэй байх ёстой бөгөөд Google Settings доторх Android Device Manager дээр тохиргоо хийх ёстой. Ингээд утсандаа тохиргоо хийсний дараа компьютероос Android Device Manager-рүү орж утасныхаа хонхыг ажиллуулах, доторх мэдээллүүдийг устгах, түгжих боломжтой болно.
iPhone АШИГЛАДАГ БОЛ: iOS үйлдлийн системтэй төхөөрөмжүүд дээр “Find My iPhone” гэсэн аппликейшн бий. Анх утсаа ашиглаж эхлэх үед танаас Apple account-аараа нэвтрэх эсвэл шинээр нээхийг шаарддаг учраас тийм ч хэцүү биш.
Ингээд та өөрийн ашигладаг Apple account-ыг iCloud-тай холбосон байхад утсаа алдсан тохиолдолд мөн л компьютер болон өөр iOS төхөөрөмжөөр дамжин утасныхаа байршлыг тодорхойлох, хонхыг нь ажиллуулах, доторх мэдээллүүдийг устгах, түгжих боломжтой болдог.
2016 оны эхний хагасын байдлаар Монгол Улсад байгаа 3 сая гаруй гар утасны 1,9 сая нь Андроид болон iOS үйлдлийн системтэй байжээ.
Apple компанийн хувьд гар утасны хамгаалалтыг том алхмаар урагшлуулсан. iOS 7 болон түүнээс хойшхи үйлдлийн системүүд дээрх бүх мэдээллийг нь устгасан ч бай танихгүй этгээд ашиглахаас сэргийлсэн “Activation Lock” хэмээх горим бий.
Энэ горимын ачаар ямар ч этгээд /АНУ-ын ХМТ-ноос бусад нь/ алдагдсан утсыг ашиглах боломжгүй болсон юм. Activation Lock гэхдээ зарим нэг сөрөг үр дагаврыг бий болгожээ.
Жишээлбэл хулгайлсан, олсон этгээд тухайн утсыг ашиглах ямар ч боломжгүй учраас сэлбэг болгон худалдаж борлуулахаас өөр аргагүй болсон юм. Хэрвээ iOS төхөөрөмжөө алдсан бол бүтнээр нь эргэж олно гэдэг тун амаргүй болжээ.
Түүнчлэн зарим тохиолдолд хэрэглэгчид өөрсдийн Apple account-ыг мартсанаас болж утсаа ашиглах аргагүй болдог гэмтэй. Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр Монголд хулгайн болон алдагдсан гар утсыг хэрвээ Андроид бол Factory Reset хийгээд гэрийг нь сольж зардаг, iOS бол сэлбэг болгон борлуулдаг гэнэ.
ЦЕГ-аас мэдээлснээр хулгайн гар утаснуудын 29 хувь нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжин буцаж зах зээл дээр гардаг аж.
Гуравдугаар алхам: ЗУРВАС БИЧИХ
Магадгүй хачин сонсогдож болох юм. Та гялгар утасныхаа гадрыг муухай болгохыг хүсэхгүй ч байж болох юм. Гэхдээ бидний утасны үнэ цэнэ зөвхөн худалдаж авсан мөнгөн дүнгээр хэмжигддэг цаг нэгэнт өнгөрсөн учраас хэрвээ шаардлагатай гэж үзвэл “Хэрэв олсон бол ЭНЭ дугаараар холбогдоорой” гэх мэтийн зурвас бичээд наачхаж болно.
Учир нь гар утсаа хулгайд алдахаас гадна бид өөрсдөө хаях тохиолдол их байдаг. Хаа нэгтээ мартаад явах, халааснаасаа унагах гээд утсаа алдах боломжит хувилбар олон.
Тэгэхээр эргээд тантай холбогдох утасны дугаар, цахим шуудан зэргийг цаасан дээр бичээд, хэвлээд эсвэл бүр гар утасныхаа аль нэг хэсэгт арилдаггүй үзгээр бичиж болно. Хэрвээ аз тохиож, шударга хүн таарвал таны утсыг эргүүлж өгөхөд амар байх шүү дээ.
Учир нь программ хангамжийн хувьд шийдэх аргууд нь үргэлж эрчим хүч болон сүлжээнд холбоотой байхыг шаарддаг. Харин цаасан дээр бичээд наачихсан байхад ямар ч тохиолдолд холбогдож болно.
Дөрөвдүгээр алхам: ХЭРЭГЦЭЭТЭЙ ЗУРАГ, БИЧЛЭГ болон БУСАД МЭДЭЭЛЛЭЭ ХАДГАЛЖ АВАХ
Хамгийн энгийнээр та утсаа усанд унагаад эвдчихлээ гэж бодъё. Дотор нь байсан юугаар ч орлуулах аргагүй гэрэл зургууд, дахиж авч болохгүй болсон утасны жагсаалт, хайртай хүний тань бичлэг гээд олон зүйлс тэнд бий.
Гэвч эвдэрсэн учраас авах боломж хомс. Хэрвээ алдчихсан бол бүр ч бүтэхгүй. Та утсаа өөрөө олох эсвэл хэн нэгэн авч ирэх хүртэл тэр бүх дурсамж, хэрэгтэй мэдээллүүд мөнхөд алга болох гэмтэй.
Тэгэхээр зөвхөн хулгай гэлтгүй өөр бусад бүхий л эрсдэлээс сэргийлж утсан дээрх мэдээллүүдээ тодорхой давтамжтай, боломжтой бол байнга компьютер болон бусад зүйлс дээр хадгалж явахад гэмгүй.
Ийм боломж хомс байлаа ч гэсэн Apple компани хэрэглэгчдэд iCloud, Google компани Google+ зэрэг үүлэн тооцоололд суурилсан үйлчилгээнүүдийг санал болгодог. Эдгээр үйлчилгээнүүд нь нэг бол автоматаар нэг бол хэрэглэгчийн оролцоотойгоор хэрэгцээтэй мэдээллүүд болох гэрэл зураг, бичлэг, утасны жагсаалт зэргийг хадгалдаг.
Гэхдээ хэмжээний хувьд хязгаартай, таны утасны багтаамж ихэвчлэн дээрх үйлчилгээнүүдээс их байдаг болохоор бүх мэдээллийг хадгалахгүй гэсэн үг. Нэг бол нэмэлт мөнгө төлж багтаамжийг нь нэмэгдүүлж болно эсвэл зүгээр л гэрийнхээ компьютероос эхлээд бусад зүйлс дээр давхар хадгалаад байж болно.
Энд дурдаж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс хамгийн чухал нь энэ юм. Таны утас эвдэрсэн, хулгайд алдсан, гээсэн тохиолдолд хамгийн үнэ цэнэтэй зүйлс нь зураг, бичлэг тэргүүтэй мэдээллүүд байх болно. Надад итгээрэй.
Харин утсаа алдсан бол...
Юун түрүүнд ийм зүйл танд тохиолдохгүй гэж найдъя. Гэхдээ юу ч болж болох учраас дараах алхмуудыг мэдэж байх хэрэгтэй.
АЛХАМ 1: Мэдээллээ устга
Утсаа алдсан бол одоо тусгай аппликейшнээ ажиллуулах ёстой гэсэн үг. Тухайн төхөөрөмж дээрх бүртгэлтэй хаягаар нэвтэрч ороод “Алга болгосон”, “Доторх мэдээллүүдийг нь устгах” гэсэн сонголтуудыг хийх хэрэгтэй.
Та хэрвээ мэдээллүүдээ хадгалж авч байсан бол одоо устгахад харамсах зүйл байхгүй. Ядаж л захын этгээд таны зургуудыг үзэхгүй шүү дээ.
АЛХАМ 2: Өөрийн ашигладаг нууц үгүүдээ солих
Утас ухаалаг болсон учраас таныг ашиглах бүрт аппликейшнүүд код нэхэж “зовоодоггүй”. Тийм ч учраас тухайн утсыг ашиглаж байгаа хүнийг утас “эзэн” л гэж бодох учраас олж авсан, хулгайлж авсан этгээд таны Facebook-ээс эхлээд бүхнийг үзэж чадна гэсэн үг.
Тэгэхээр нууц үгнүүдээ солих хэрэгтэй. Ингэснээр утас нууц үг өөрчлөгдсөн болохоор дахин оруулахыг хүснэ. Харин өнөөх этгээд мэдэхгүй учраас хандаж чадахгүй болох юм.
АЛХАМ 3: Бусдад мэдэгдэх
Юун түрүүнд банк, цагдаагийн газруудад утсаа алга болгосон гэдгээ мэдээлэх хэрэгтэй. Жишээлбэл та ямар нэг банкны аппликейшн ашигладаг бол таны утсыг олсон этгээд гүйлгээ хийх ч эрсдэл бий.
Эрт мэдэгдэх тусам болзошгүй эрсдэлээс сэргийлнэ. Утсаа хаясан гэдгийг цагдаад эрт мэдэгдэх нь буцааж олох магадлалыг нэмэгдүүлэх хамгийн анхны зөв алхам юм.
ТООНУУД БА ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
ЦЕГ-аас мэдээлснээр өнгөрсөн 2016 онд 17909 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 8,5 хувь нь гар утас алдагдсан гэсэн мэдээлэл байжээ. Гар утсаа хулгайд алдсан, дээрэмдүүлсэн, алга болгосон зэрэг нийт 13554 дуудлага ирсэн аж.
Хулгайч нарын хувьд өөрөө ашиглах, бусдад зарж борлуулах болон барьцаалан зээлдүүлэх газарт тавих зэрэг шалтгаанаар бусдын гар утсыг хулгайлдаг бөгөөд хулгайн гар утасны 29 хувь нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжжээ.
Үүнээс гадна гар утсаа гээсэн тохиолдолд олоод өгөх явдал тун хомс байдаг аж. Учир нь иргэд хулгайлаагүй л бол гэмт хэрэг гэж боддоггүй. Гэтэл Эрүүгийн тухай хуульд бусдын алдсан, гээсэн эд хөрөнгийг завших нь баривчлах хүртэл ялтай гэмт хэрэг гэж заажээ.
Доорх инфографикт өнгөрсөн онд гарсан гар утастай холбоотой гэмт хэргийн тоон мэдээлэл, Эрүүгийн тухай хуулийн заалт зэргийг тусгалаа:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх