Юм болгон ядаргаатай, залхмаар санагдаад байна


YOLO.mn | YOLO.MN
2024-08-26

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

ЗАХИДАЛ 1:

Сайн байна уу. Би одоо 17 настай. Охидууд зүгээр нөгөө хүнийхээ гарнаас нь атгаад хөтлөлцөөд явахад л догдлол мэдэрдэг шүү дээ. Харин би тийм биш. Ямар ч догдлол мэдэрдэггүй, сэтгэл хөдлөлгүй. Яагаад юм бол. Ийм байдалтай зөндөө удаж байна. Бас хүнтэй харьцлаа гэхэд амархан залхдаг ер нь юм болгон аймаар ядаргаатай, залхмаар санагдаад байна. Сэтгэл зүйтэй холбоотой юу?

ЗӨВЛӨГӨӨ:  БУСАДТАЙ ЗААВАЛ АДИЛХАН БАЙХ АЛБАГҮЙ БӨГӨӨД ЗААВАЛ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ИХТЭЙ БАЙХ АЛБАГҮЙ ЮМ ШҮҮ. 

Сайн  байна уу ? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад таныг харилцаан дахь өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжийг илүү ойлгох хүсэлтэй байна гэж ойлголоо. Хүн бүрийн хувьд харилцаан дахь сэтгэл хөдлөлийн хувьд харилцан адилгүй өөр өөр байдаг бөгөөд зарим хүмүүсийн хувьд өчүүхэн жижиг зүйлд баярладаг, догдолдог эсвэл уурладаг бол зарим хүмүүсийн хувьд өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжийг илэрхийлэхээс илүү бодож эргэцүүлдэг байх нь бий. Энэ нь тухайн бие хүний хувийн зан төлөв бүхий онцлогтой холбоотой юм. Иймд бусад хүмүүсийн харилцаан дахь сэтгэл хөдлөл, мэдрэмж хэрхэн яаж илэрч байна гэдэгт анхаарч өөрийгөө харьцуулахаас урьдаж юу “Юу чиний сэтгэлийг хөдөлгөдөг вэ?”, “Чи ямар үед илүү их баярлаж догдолдог вэ?”,”Ямар үед уурлаж бухимддаг вэ?” Чи өөрийн сэтгэл хөдлөлийг хэрхэн илэрхийлдэг талаар эргэцүүлж өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжийг ойлгож танин мэдэхэд цаг гаргаарай. Заавал адилхан байх албагүй бөгөөд заавал сэтгэл хөдлөл ихтэй байх албагүй юм шүү. Өөрийн сэтгэл хөдлөлийн онцлогоо таньж мэдэн гол нь зөв илэрхийлдэг байх нь чухал юм. Өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгож танин мэдэх нь бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ойлгох эхлэл болдог юм шүү. Амжилт хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан

ЗАХИДАЛ 2:
Сайн байцгаана уу? Би одоо есдүгээр анги төгсөж байгаа хөдөө орон нутагт сурдаг хүүхэд. Сэтгэл зүйч мэргэжлийг их сонирхож байгаа ч гэсэн яг ямар хичээлээ сонгох талаар огт мэдлэггүй байгаа юм.  Туслаач.

 

ЗӨВЛӨГӨӨ: МЭДЭЭЛЛИЙГ ТУХАЙН СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХАЯГ, ХОЛБОГДОХ ДУГААРААС АВАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Тухайн мэргэжилд шаардлагатай ЭЕШ-ын талаарх мэдээллийг тухайн сургуулийн элсэлтийн журам, сургалтын хөтөлбөр, албан ёсны цахим хаяг, холбогдох дугаараас авахыг зөвлөж байна. Монгол улсад сэтгэл судлаач мэргэжлээр бэлтгэдэг зарим их дээд сургуулиудын албан ёсны цахим хаягийг үлдээж байна. Чамд амжилт хүсье. 

МУБИС: https://burtgel.msue.edu.mn/
МУИС: https://elselt.num.edu.mn/
ОТИС: https://www.otgontenger.edu.mn/
ХУИС: https://elselt.humanities.edu.mn/


Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

 

#захидал #захидлын хариу