Туул: Яг үнэндээ өдөр болгон л хичээлд яваад л, бүх зүйл нэг л хэвийн байх юм. Амьдрах ямар ч урам байхгүй, утга учир нь юу болохыг ч мэдэхээ байлаа. Чи надаас олон эгч ч гэлээ миний найз. Чи над шиг байхдаа ийм зүйл мэдэрч байгаагүй юу?
Сарнай: Хмм... Миний бодлоор бараг хүн болгонд ийм асуудал тулгардаг. Би ч бас чам шиг дунд сургуулийн сурагч байхдаа өдөр болгон болдог үйл явдлуудаас залхчихсан л явж байж билээ. Өглөө босоод юу хийхээ бодохоор л урамгүй шүү хэхэ. Тэглээ гээд би шантраагүй ээ. Ямар нэгэн том зүйлд хүрэх, том зорилго тавихад би бэлэн биш байсан болохоор арай жижиг зүйлээс эхлэе гэж бодсон. Тэгээд л элдвийн зүйл сонирхож эхэлсэн дээ. Дуу хөгжмийг бүр урсгал төрлөөр нь эгнүүлж байгаад л сонсоод, дуртай төрөл маань юу юм бэ гээд л хайж гарсан. Олсон. Спортыг сонирхож ах нарыгаа дагаад тоглолт үздэг байлаа. Гэхдээ тэр нь даанч миний хүсэл сонирхолд нийцэх эд биш байна лээ. Тэгээд одоо бол хааяа нэг харах төдийгөөр л сонирхож байгаа.
Спорт гээч юмны дараа нь хэзээ ч толгойд “үзэх юмсан” гэж бодогдож байгаагүй балет үзэх хүсэл бий болсон. Эхлээд театрт ороход шууд л нойр хүрээд явчихдаг байж билээ. Дараа нь хөгжим нь ямар сайхан юм бэ гэж бодож суух болсон. Ингээд л сонирхож, үзэж явж байхдаа урлагийн сонирхлыг минь улам өдөөж өгөх хүмүүстэй ч танилцсан.
Нээрээ, арван жилдээ би нэг хичээлээр давтлага авдаг байлаа. Тэгэхэд нэг хүүг мэддэг болсон юм. Тэр бас л над шиг шалгалт өгөх гэж, гэхдээ бүүр зураач болох гээд, тэр сургуульдаа орохын тулд давтлаганд явдаг байсан. Анх сонсоод юун хачин юманд дуртай юм гэж бодож байсан чинь одоо би өөрөө энд тэнд гарч байгаа зургийн үзэсгэлэнг бараг алгасалгүй үзэхийг хичээж, зарим таалагдсан зургийн урд нэлээд хэдэн минут зогсож алмайраад л явж байна. Нэг удаа бүр зураг хараад уйлсан гээд л бодчих. Уран зургийн түүхийг ч сонирхоод л... Ямартай ч өөрийнхөө хувьд их өөрчлөгдсөн юм даг.
Одоо бодоход юуг ч сонирхохгүй байна гэдэг, эрэл хайгуул хийхгүй байх нь улам бүр амьдрал утгагүй гэж бодоход хүргэдэг юм шиг санагддаг. Сонирхолдоо хөтлөгдөж, ганц замаар биш, маш олон жим гаргаад явах нь илүү сонирхолтой санагддаг юм аа. Угаасаа тэр жим болгоны чинь төгсгөлд, дунд нь ч тэр зөндөө олон хүмүүс, адал явдал, хачин сонин зүйлс олноороо тааралдана. Тэгээд ч ийм их зүйлийг алдаж, “амьдрал минь утгагүй байна” гэчихээд л гэртээ суугаад байх уйтгартай, харамсмаар биз дээ?
Хүсч байгаагаа хийгээд эхэлбэл чи хөтлөгдөөд л явчихна. Жижиг жижгээр сонирхсоор, мэдсээр дараа нь том хүсэл мөрөөдөлтэй, хийх юмсан гэж нууцхан хүсдэг зүйлтэй, амьдрал чинь уйтгартай биш, утгатай болоод явчихна даа.
Туул: “Юуг ч сонирхохгүй, эрэл хайгуул хийхгүй байх нь улам бүр амьдрал утгагүй гэж бодоход хүргэдэг” гэдэг чинь ямар гоё санаа вэ? Надад маш их таалагдлаа. Юу гээч? Би сагс их сонирхдог ш дээ, чи мэдэх билүү? Өө нээрэн, мэдэхгүй л байх даа, би бодоод явдгаас хэзээ ч хийе гэж бодож байгаагүй юм байна... Харин энийгээ үйлдэл болгоно оо. Ахаасаа хаана хичээллэж болохыг асуувал мэдэх байх. Би спортод хичнээн дуртай гэж санана!
Сарнай: Харж байна уу? Чиний нүд бүр сэргээд ирлээ. Өдөр болгоныг хүсэн хүлээн сэрдэг болох гэж байгаад найз нь чиний өмнөөс маш их баяртай байна.
Яг одооноос улам илүү судалж мэднэ гэж бодож байгаа 3 зүйлээ бичээрэй. Эсвэл өөрийн Хүслийн Жагсаалтдаа нэмээрэй.
Дээр бичсэн гурван зүйлээ нүдэндээ харагдаж байхаар газраа тэмдэглээд аваарай. Хэзээ нэг өдөр гуниглаад ирвэл эдгээрийг хараад урам авч болно шүү дээ.
Санаж явахад илүүдэхгүй зүйлс:
Эх сурвалж: ССҮТ., Боломж дандаа чиний гарт, УБ., 2012
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх