“СУРАГЧ СОЛИЛЦООНД хамрагдаад ирсэн хүүхэд илүү НЭЭЛТТЭЙ, ЗОРИЛГОТОЙ болдог”


Сондор | YOLO.MN
2017-02-07

Нэгэн хэвийн сургалтын арга барил орчноо өөрчилж өөр улсад тэр дундаа гадаадын хөгжингүй орны боловсролын тогтолцоо, орчинд нь хэсэг хугацаанд суралцах нь тухайн хүүхдэд олон давуу тал авчирдаг.

Жишээ нь тухайн хүүхэд өөртөө улам итгэлтэй болно, өөр улсын соёлд суралцсанаар бие хүн болж төлөвшихөд нь сайнаар нөлөөлөхөөс нь гадна хэлний мэдлэгээ ч сайжруулдаг гэж “YFU Mongolia” олон улсын соёлын солилцооны байгууллагын захирал Б.Уянга ярьсан юм. Хүүхдүүдийн ихээр сонирхдог сурагч солилцоо гэж юу болох хэрхэн хамрагдаж болох талаар  сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.

YOLO: Сурагч солилцооны үүсэл хөгжлийн талаар яриагаа эхэлье.
Дэлхий дээр олон улсын сурагч солилцооны хоёр том байгууллага байдаг. Эхнийх нь дэлхийн нэгдүгээр дайны дараа үүссэн AFS бол хоёр дахь нь хоёрдугаар дайны дараа үүссэн Youth For Understanding юм. Үүнээс хойш олон жижиг байгууллагууд ч бий болсон. Дэлхийн II дайны дараа ХБНГУ-ын нийгэм хэцүү байдалтай, тэр дундаа өсвөр насныхны хувьд сэтгэлээр унасан, дорой байдалтай байсан.

АНУ-ын Конгрессоос Герман хүүхдүүдийг хэсэг хугацаанд өөрийн улсдаа байлгаад буцааж байсан юм. Нэг үгээр тэдэнд ардчилсан шинэ нийгмийг үзүүлээд ийм сайхан орчин, эерэг нийгмийг та бүхэн бүтээж чадна гэх итгэлийг өгч байгаа гэсэн үг. Төд удалгүй энэ хөтөлбөр нь амжилттай болж үр дүнгээ өгч дараа жил нь Америк хүүхдүүдийг Германд солилцоогоор амьдруулсан юм.

Өсвөр насны буюу 15-18 насны хүүхдүүдийг сонгосны учир нь тэд дайны  үеийн үзэл сурталд өртөөгүй байснаас гадна шинэ зүйлд дасан зохицох, гадаад хэл бие даан сурах чадвар сайтай байв. Үүнээс хойш орон орны байгууллага ч нэгдсэн.

Үүнд манай улс 2004 онд нэгдэж, Герман улс руу анх сурагч солилцоогоор хүүхдүүдийг явуулж байсан. Хуучныг бодох юм бол одоо илүү соёлын, эв нэгдлийн солилцоо хийж байна.

YOLO: Сурагч солилцооны гол онцлог юу байдаг юм бол?
15-22 насныхныг гадаад орны соёл, ахуй орчинд дасан зохицох чадвартай, олсон мэдлэг, туршлагаа дүгнэн цэгнэх түвшинд хүрсэн байдаг гэж үзэн энэхүү хөтөлбөрт хамруулдаг.

Аливаа соёлын ялгааг бид сөрөг талаас нь харах гээд байдаг. Харин сурагчид өөр бусад оронд очоод ямар нэгэн зүйлийг “ямар муухай юм бэ” гэх сөрөг хандлагаар бус “ямар сонирхолтой юм бэ, тэд биднээс өөр юм байна” гэж эерэгээр харж, аливаа зүйлийн учир шалтгааныг нь харж чаддаг болдог. Америк, Герман, Япон, Финланд зэрэг улс сурагч солилцоог  шууд утгаар нь дэмждэг.

Учир нь энэ нь эргээд маш их эерэг зүйлийг нийгэм, эх орондоо авчирдаг гэдгийг тэд сайн мэддэг. Сурагч солилцоонд хамрагдаад ирсэн зөвхөн тухайн хүүхдэд бус түүгээр дамжуулж найз нөхөд, гэр бүл гээд эргэн тойрны хүрээлэлд маш их соёлыг түгээж байдаг юм. Үүгээрээ маш их ач холбогдолтой.
Герман, Америк улсууд жил бүр мянга гаруй хүүхдийг засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүйгээр хоорондоо солилцдог. Солилцоогоор яваад эх орондоо ирсэн хүүхэд дараа жил нь яваад ирсэн хүүхдэдээ туслах гэх мэт сайн дурын ажил их хийдэг.

YOLO: Танай байгууллагаар дамжаад жилд хичнээн хүүхэд сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддаг вэ?
Манай YFU олон улсын байгууллага нэг болон наймдугаар сард гээд жилд хоёр удаа сурагчдыг солилцооны хөтөлбөрт хамруулдаг. Жилд ойролцоогоор 10 хүүхэд явдаг юм. Ингэхдээ нөгөө улсаас тоогоо урьдчилаад өгчихдөг юм. Бид тухайн тоондоо тааруулаад хүүхдүүдээ шалгаруулж аваад явуулдаг гэсэн үг.

YOLO: Сурагч солилцоонд хамрагдах хүүхдүүдээ хэрхэн шалгаруулж авдаг вэ?
Нэн түрүүнд ярилцлага хийдэг. Хамгийн чухал нь бие даах чадварыг харгалзана. Дараа нь эрүүл мэндийн асуудал байдаг. Мөн амьдралынх нь цаашдын зорилго юу байна, түүнийхээ төлөө үнэхээр хичээж чадахаар байна уу гэдгийг ярилцлагаас нь чухалчилдаг. Зорилгодоо үнэнч хүүхдийг сонгох нь бидний хөтөлбөрийн үр дүнд ч чухал нөлөөтэй.

YOLO: Сурагч солилцоогоор хамгийн ихдээ хэдэн жил байвал зүгээр байдаг вэ?
Нэг жил хамгийн шалгарсан хугацаа. Энэ хугацаанд тухайн орны хэлээ түлхүү сурахаас гадна соёлын талаар ч мэдлэгтэй болох хангалттай хугацаа болдог. Аяллаар явах, соёлын зах зухаас нь танилцахыг хүсвэл зургаа болон түүнээс бага  сараар явж болно.

YOLO: Ойрын хугацаанд хэзээ хүүхдүүд явсан бэ?
Өнгөрсөн нэгдүгээр сард 2017 оны хамгийн анхны хүүхдүүд Америк, Герман улс руу явсан.

YOLO: Герман, Америкаас өөр улсууд байгаа юу?
Нийт 60 гаруй улс байна. Хаашаа ч явсан болно. Хүүхдүүдийн ихэвчлэн сонгож байгаа нь Америк, Герман, Япон, Энэтхэг зэрэг улсууд байдаг.

YOLO: Үнэ мөнгөний хувьд хэд орчим төгрөг байдаг вэ?
Улсаасаа шалтгаалаад харилцан адилгүй байдаг. Америк болон Европын орнууд үнийн хувьд арай хямд. Австрали, Канад бол үнэтэй тусна. Үргэлжлүүлээд их сургуульд суралцах сонирхолтой бол Европын орнууд дажгүй. Учир нь их сургууль нь үнэгүй байдаг. Мөн явах хүртлээ төлбөрөө сараар эсвэл улирал бүрээр хуваагаад төлөх бүрэн боломжтой.

YOLO: Тэтгэлэгт хамрагдах боломжтой юу?
Монгол, гадаадын Засгийн газар, байгууллагын нэрэмжит гэх мэт олон янзын тэтгэлэг байна. Тэдгээрээс хүссэн тэтгэлгээ сонгоод хамрагдах бүрэн боломжтой. Гол нь тухайн тэтгэлгийн зорилго нь юу вэ гэдгийг сайн мэдэх нь чухал. Жишээ нь ямар нэг байгууллагын нэрэмжит тэтгэлэг байлаа гэхэд байгууллагыг сурталчлах, санхүүгийн боломжгүй хүүхдэд туслах, гадаад хэлтэй хүүхдийг дэмжих гэх мэт олон зорилго бүхий байдаг. Тухайн зорилгод нь тохирсон материалаа бүрдүүлэх нь чухал.

Зүгээр суугаад байгаа хүүхдэд тэтгэлэг олдохгүй нь ойлгомжтой. Тиймээс гол нь тухайн хүүхдийн хичээл зүтгэл чухал. Жишээ нь, Аргентин улсын Марта Биглианигийн тэтгэлэг манайд жил бүр зарлагддаг. Тэтгэлэгт хамрагдах боломж маш их, хүүхдүүд ч их асуудаг хэр нь яг тэтгэлэг зарлагдахад маш цөөн буюу хоёр гурван хүүхэд л өрсөлдөж материалаа өгдөг.

YOLO: Үүний шалтгаан нь юу байна вэ? Тэтгэлгийг сонирхож буй хүүхдүүдэд хүргэх мэдээлэл нь хомс байна уу?
Манай байгууллага сайн дурын байгууллага учир реклам сурталчилгаа хийдэггүй. Өөрийн вэб сайт, фэйсбүүк хуудаснаа ямар нэг үйл ажиллагаа, тэтгэлэг зарлагдах гэхчилэн мэдээллээ л байрлуулдаг. Бидний гол зорилго бол нийгэмд томорч гайхуулах бус идэвх санаачилгатай хүүхдэд чанартай солилцоо хийх юм. Тухайн хүүхдэд сайн боловсрол эзэмшүүлээд Монгол улсын нийгэмд сайн боловсон хүчин бэлтгэх л чухал.

Тиймээс тэтгэлгийн талаарх мэдээллийг тухайн хүүхэд өөрөө сайн судалж хайж олох хэрэгтэй.

YOLO: Тэтгэлэгт танайхаас хүүхэд санал болгодог уу? Эсвэл тухайн хүүхэд өөрөө хамрагдах уу?
Ер нь сайн хүүхдэдээ л өгөхийг боддог. Хүмүүсийн дунд хамаатны хүүхдэдээ өгдөг гэх мэт өрөөсгөл ойлголт байдаг. Энэ бол үгүй юм. Ар гэр, дүү нарыг нь судалж, ямар хүсэл тэмүүлэлтэй, зорилготой хүүхэд болохыг нь ярилцлагаас нь мэдэж болдог. Жишээ нь, саяхан хөтөлбөрт хамрагдсан н.Анхбаяр хүү хичээл зүтгэл сайтай.  Монголд сурсан гэхэд Англи хэлийг маш сайн эзэмшсэн. Бүрдүүлээд ир гэсэн болгоныг яг тухай бүрт нь бэлдээд л ирдэг. Ийм хүүхдүүд л амжилттай суралцдаг, бид хөтөлбөрт хамруулахдаа дуртай байдаг.

YOLO: Өөрөө тэтгэлэг олоод танай байгууллагаар дамжин явж болох уу?
Бололгүй яах вэ, энэ бол бүрэн нээлттэй. “Ямар мундаг юм бэ” гээд л угтаад авна. Хүүхэд зөвхөн нэг газар материалаа өгөөд хүлээж суух бус өөр өөр газруудад захиа бичиж болно. Өөрөө чадна л гэж бодож байвал байгууллагуудад материалаа өгөх хэрэгтэй. Одоо бол интернэтээр захиа бичиж явуулах гэх мэт бүх боломж нээлттэй болсон цаг.

YOLO: Очиж байгаа зочин гэр бүлээ хэрхэн сонгодог вэ?
Зочин гэр бүлийг сонгох маш сонирхолтой. Тухайлбал Герман, Америкт зочин гэр бүл олон байдаг. Бараг хот, тосгон, муж болгонд бий. Тухайн сурагч маань ярилцлагад орсоныхоо дараа анкет бөглөдөг. Энэ анкетад найз нөхөд, гэр бүлтэйгээ татуулсан зургаа оруулна. Мөн элдэв харшилтай эсэх, ямар амьтнаас айдаг, эм тариа хэрэглэдэг, ямар сургуулийг хаана төгссөн гэх мэт бүх нарийн мэдээллээ дэлгэрэнгүй оруулдаг. Дугуй унадаг, усанд сэлдэг, спортоор хичээллэдэг, ном уншдаг гээд сонирхдог зүйлсээ нэг нэгэнгүй бичдэг. Энэ мэдээлэл дээр тулгуурлаад тохирсон орчных нь зочин гэр бүлийг хайна. Очих айлуудынхаа материалыг бас авдаг. Тэгээд тохирох гэр бүлийг нь сонгож өгнө дөө. Ер нь гадаад хүмүүс Монгол хүүхдүүдийг байлгах сонирхол их байдаг. Монголчууд дасан зохицох чадвар сайтайн дээр ямар ч зүйлд шантардаггүй, мэрийлттэй учир тэр байх. Ялангуяа эмэгтэй хүүхэд авч байгаа ээжүүд ажилсаг гээд их дуртай байдаг шүү. Зочин айлын нас бол хамаагүй байдаг.

YOLO: Яваад ирсэн хүүхдүүд хэр өөрчлөгдсөн байдаг вэ?
Их өөрчлөгдсөн байдаг шүү. Тэд илүү нээлттэй, зорилготой болсон байдаг. Сурагч солилцоогоор яваад ирсэн хүүхдүүдийг Монголд нь дасгах сургалт хийе гэж бодож байна.  Монгол хүний зан угаас аливаа шинэ юманд дасахдаа сайн учир очсон орныхоо соёл, зан чанарыг хурдан сурдаг. Тиймээс тэнд дассан соёлын байдал болон эндэхийн ялгаа, хүмүүсийн харилцаа, аливаад хэрхэн хандах талаар зааж зөвлөх хэрэгтэй гэж бодож байна.

YOLO: Хүүхдүүдэд эх орноо голох сэтгэхүй суучихгүй байгаа?
Ихэнхдээ "Ямар өөр юм бэ" гэдгийг л ойлгож ирдэг. Тэд өөр байгаа учир шалтгааныг нь ойлгож ухамсарласан байдаг учир тэр зүйл дээр санаа зовохгүй байж болно. Муухай зүйл гэж байдаггүй, энэ бол соёлын ялгаа л юм байна гэдгийг  илүү ухамсарласан байдаг гэсэн үг.

YOLO: Эцэг эхээс баярласан сэтгэгдэл их ирдэг үү?
Тэгэлгүй яахав. “Маш их баярлалаа. Манай хүүхэд маш өөрчлөгдсөн байна. Биеэ даагаад их ухамсартай, юмыг өөрөөр сайнаар хүлээж авдаг болсон” гэх мэт бараг бүх ээж аав  баярладаг. Тухайн хүүхэд өсвөр насандаа юмыг хүлээж аван өөрчлөгдөх боломж их байдаг. Тиймдээ ч хүүхдүүд маань мэргэжлээ сонгохдоо хүртэл өөрөөр сэтгэдэг болоод ирдэг. Зан чанарын хувьд хүртэл нөлөөлдөг.

YOLO: Хөдөө орон нутгаас хүүхдүүд хэр хамрагддаг вэ?
Бид хөдөө орон нутгаас хүүхэд явуулах дуртай. Гэвч хэлний бэрхшээл их тулгардаг. Сэлэнгэ аймгаас ирсэн Э.Саранзаяа охин Герман яваад саяхан ирсэн. Хэл нь маш сайжирсан төдийгүй тэнд байхдаа ирээдүйд сурах их сургуулийн асуудлаа зохицуулаад ирсэн байна. Буцаад их сургуульдаа сурахаар явна. Зочин айлынх нь хүүхэд Япон руу сурагч солилцоогоор явж ирээд “Саранзаяа эгчийн өрөөнд би орно” гэсэн ээж нь “Саранзаяа эгч нь ирж их сургуульдаа сурна. Чи түр л байрлаж болно. Одоо чиний өрөө биш болсон” гэх жишээний өөрийнхөө хүүхэд мэт хайрладаг болсон байна лээ. 

Урд талын эгнээнд улаан хүрэмтэй нь Э.Саранзаяа

YOLO: Сурагч солилцоонд хамрагдахад англи хэлний түвшин ямар байх шаардлагатай вэ?
Америк руу ELTIS шалгалт (English Language Test for International Students буюу Олон улсын сурагч, оюутнуудад зориулсан англи хэлний шалгалт) 212 оноотой байхад болно. Бусад улс руу 200 оноо байхад болдог. Шалгалтандаа тэнцээгүй бол хэлний бэлтгэлд хамрагдаж дахин өгөх  боломжтой. Ер нь шалгалтанд бэлтгүүлэлгүй шууд авах нь түвшинг нь зөв тогтооход тусалдаг.

YOLO: Сурагч солилцоонд хамрагдаж байгаа хүүхдэд тухайн улсаас хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?
Бусад улсын Засгийн газраас дэмждэг учир бүх Элчин сайдын яамууд тухайн хүүхдээс визний хураамж авдаггүй. Зарим улс руу 16 нас хүрсэн хүүхдээс 30 евро авдаг. Мөн дансандаа батлан даалт байршуулах хэрэггүй. Энэ нь эцэг эхэд нь илүү дэм болдог. Энэ мэтчилэн улс бүр сурагч солилцоонд хамрагдсан өөрийн хүүхдэдээ тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг юм.

YOLO: Ярилцсанд баярлалаа.

 

Герман улс руу нэг жилийн сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаад явахаас өмнө Э.Танан, Г.Төгөлдөр нартай уулзсан юм.

Орос 3-р сургуулийн 11-р ангийн сурагч Э.Танан:
Би ирээдүйд Герман улсын их сургуульд хүнсний технологийн чиглэлээр суралцана гэж төлөвлөж байгаа. Тиймээс наана нь хэл болон соёлын нөхцөл байдалтай сайн танилцаад ирье гэж бодоод сурагч солилцооны нэг жилийн хөтөлбөрт хамрагдах гэж байна.


“Хобби” сургуулийн 11-р сургуулийн сурагч Г.Төгөлдөр
Герман улсад нэг жил сурч, амьдраад үзье гэж шийдсэний үндсэн дээр явах гэж байна.  Очих гэж байгаа зочин айл минь хоёр хүүхэдтэй. Өмнө нь сурагч солилцоогоор хүүхэд авч байсан туршлагатай айл. Хөрш айлын хүү харин надтай чацуу юм байна лээ. Тэр надад бүхий л зүйлд зааж зөвлөөд тусална гэсэн.


Герман улс руу нэг жилийн хугацаагаар сурагч солилцоонд хамрагдаад ирсэн, Сэлэнгэ аймгийн “Ерөө” дунд сургуулийн 12-р ангийн сурагч Э.Саранзаяа:
Би очоод л хэлээ сайн сурчихна даа гээд их амар юм бодоод явсан. Гэхдээ яг орчинд нь очиход миний Герман хэл яагаа ч үгүй байгааг мэдэрсэн. Тиймээс очсон даруйдаа эхний нэг сар маш их хичээгээд бага багаар гайгүй болсон. Герман хэлээ өөрийн болгочихсон чинь хүнтэй харилцах, хичээлээ ойлгох, Герман улсаар танилцах аялал хийхэд маш дөхөм болж эхэлсэн. Миний бодлоор би хүний газар ганцаараа ийнхүү нэг жилийг өнгөрөөхдөө бие дааж сурч, ичимхий биш илүү нээлттэй болж чадсанаас гадна Герман хэлээ маш сайн эзэмшиж чадсан.

Гадаад улс руу явахаас нь өмнө сурагчдад чиг баримжаа олгох бэлтгэл семинарыг тогтмол хийдэг аж. Энэ үед сурагч солилцоонд хамрагдаад ирсэн хүүхдүүд явах гэж буй найзууддаа туршлагасаа хуваалцаж, тухайн улсын соёлын байдлын талаар бяцхан зөвлөгөөг хүргэдэг байна. Мөн явах гэж буй хүүхдүүд хэрхэн юун дээр анхаарах талаар асууж байлаа.

#YFU #Scholarship #School