Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Захидал 1:
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 18 настай. Яах учраа мэдэхгүй байхад yolo гээд сайтыг олж харлаа. Тэгээд танайхаас зөвлөгөө авахаар шийдээд энэхүү захиаг бичиж байна.
Би хүнтэй ч сайн ярьж чаддаггүй бүрэг ичимхий, дуу цөөнтэй, зожиг, интроверт төрлийн хүн. Одоогоос яг жилийн өмнө би нэг охинд сайн болоод, өөрөө жоохон ичимхий болохоор бид хоёр сайн ярилцаж чаддаггүй байсан юм. Тэгсэн гэнэт нэг өдөр миний зориг оров бололтой сэтгэлээ илчлэхэд яагаад ч юм татгалзаад надаас зайгаа барьж эхэлсэн. Магадгүй би түүнд таалагдаагүй байх. Өмнө нь хүнтэй үерхэж байгаагүй болохоор ч тэр үү хайр дурлалын тал дээр жоохон маруухан юм л даа. Гэхдээ тэр охин өөр хүнд хайртай тэгсэн мөртлөө одоо хүртэл би түүнийг мартаж чадахгүй намайг тоогоогүй болохоор нь өөрийгөө үзэн ядаж, тэр хүнтэйгээ ярилцах гэхээр надад дургүй юм шиг санагдаад, юу ч хийж өгсөн надаас залхаад байх шиг.
Мэдэхгүй юм даа бүүр сүүлдээ тэр хүнээс болоод гараа хүртэл зүсэж байсан. Түүнгүйгээр бүх зүйл утгагүй санагдаж, тэр хүн л байвал болчих юм шиг санаад яг л бороо орохоор шүхэр хэрэгтэй байдаг шиг зүгээр л их нандин хүн. Яагаад өөрт нь хайргүй хүнд хайртай болдог юм бол? Сүүлийн үед өөрийгөө их үзэн ядаж, би л байхгүй болчихвол болох юм шиг яг үнэндээ өөрийгөө алмаар санагддаг болсон. Яавал дээр вэ гэдгийг хэлээд өгөөч. Бас хайр дурлалын тал дээр зөвлөгөө авахыг хүсэж байна. Баярлалаа.
Захидлын хариу:
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Хэн нэгэнд сэтгэлтэй болж, дурлана гэдэг хүн бүрийн хувьд их нандин, үнэ цэнтэй зүйл боловч бид хэнд сэтгэл татагдаж, хэнд хайртай болохоо удирдах боломжгүй юм. Чамд хэцүү байгааг төсөөлж байна. Хайртай хүндээ сэтгэлээ илчилнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Харин чиний хувьд зориг гарган хайртай хүндээ сэтгэлээ илчилж үйлдэл хийсэн нь том алхам. Гэхдээ энэ нь үргэлж зөвшөөрсөн хариулт авна гэсэн үг биш бөгөөд хүн бүхэнд үерхлийн харилцаагаа өөрсдөө сонгох эрхтэй гэдгийг ойлгоорой. Тиймээс бусдын сонголтыг хүндэтгэж хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал юм шүү.
Харин бусад хүмүүс ямар ч сонголт хийсэн бай энэ нь биднийг өөрийгөө буруутгах шалтгаан болох ёсгүй гэдгийг мөн ойлгоорой. Жишээ нь хэн нэгэнд өөрийн дуртай нэг өнгийг сонгох даалгавар өгөхөд тухайн хүн “Ногоон” өнгийг сонголоо гээд бусад сонгогдоогүй өнгөнүүд нь муухай гэсэн үг биш. Энэ сонголт нь зөвхөн тухайн хүний хүсэл сонирхол дээр тулгуурлаж буй. Учир нь хүн бүрийн хүсэл сонирхол аливаад татагдах үнэт зүйл нь өөр өөр байдаг. Тиймээс одоогийн энэ байдал чинь тодорхой хугацаанд таатай биш байх ч ганцхан хүнээр өөрийгөө тодорхойлж өөртөө дүгнэлт хийх нь өрөөсгөл юм шүү. Бусдыг хайрлаж сурах нь юун түрүүнд өөрийгөө хайрлахаас эхэлдэг.Үүний тулд эхлээд өөрийн давуу болон сайн талуудаа олж мэдэх, өөрийн сэтгэл санааг тайван байлгах, өөрийн дуртай зүйлсийг хийх, зорилгодоо анхаарал хандуулахад буюу өөртөө илүү цаг зарцуулж өөрийгөө хайрлаарай.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан
Захидал 2:
Сайн байна уу? Би гадаад сурдаг юмлдаа. Өнгөрсөн жил Монголд байхдаа 4сард нэг охинтой танилцаад 11сард үерхэж эхлээд 1сард холын харилцаанд байж чадахгүй гээд хүрсэн юм. Надаас насаар дүү болохоор би ч зовоохыг хүсээгүй. Одоо харин буцаад намайг санаад байна, намайг буцаж очиход дахиад ярилцья гэсэн шийдвэрийг бий болгосон. Гэхдээ хичнээн алдмааргүй байгаа ч гэсэн холын харилцаанд өөрийг нь зовоомооргүй байна яах вэ би?
Захидлын хариу:
Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Таныг хосын холын зайн харилцаандаа шийдвэр гаргахад эргэлзээтэй нөхцөлд байгааг нь ойлголоо. Захидлаас уншихад өмнө нь та хоёрын хувьд холын зайн харилцаанд тодорхой хугацааг өнгөрүүлсний дараа тухайн харилцааг дуусгах шийдвэрийг харилцан бие биетэйгээ хэлэлцэж байгаад гаргасан гэж бичсэн байна.Тэгвэл тухайн үед холын зайн харилцаагаа дуусгахад юу нөлөөлсөн гэж бодож байна вэ?Тухайн харилцааг цааш үргэлжлүүлэхэд юу хамгийн том сорилт байсан ? талаар эргэцүүлээд үзээрэй.
Холын зайн харилцаа нь нь амжилттай үргэлжлэх боломжтой хэдий ч энэ нь хосуудын хувьд хэн хэнээс нь ердийн харилцаанаас илүү их хүчин чармайлт шаарддаг. Холын зайн харилцаагаа хадгалахад тууштай харилцаа холбоо, итгэлцэл, тодорхой байдал чухал. Үүний тулд тогтмол ярилцаж, бодол санаа, мэдрэмжээ илэн далангүй хуваалцаж, хамтрагчийнхаа хэрэгцээг сонсох нь чухал байдаг. Холын зайн харилцааг илүү бат бөх болгодог өөр нэг чухал зүйл бол уулзах өдрөө төлөвлөх бөгөөд энэ нь хосууд ирээдүйн талаар тодорхой төсөөлөлтэй байхад тусалдаг. Мөн түүнчлэн мессеж бичих, дуудлага хийх, зураг, видео хуваалцах зэргээр хамтрагчаа өдөр тутмын амьдралдаа оруулах нь хосын харилцааг илүү дотно болгодог бөгөөд хамгийн гол нь харилцаагаа хөгжүүлж, тусдаа байсан ч бие биедээ үнэнч байх нь чухал юм шүү. Иймд холын зайн харилцаандаа шийдвэр гаргахаас урьдаж тухайн харилцааг тогтвортой, тууштай үргэлжлүүлэхэд ямар ямар сорилтууд тулгарч болох талаар, мөн тэдгээрийг хэрхэн даван туулах талаар хамтрагчтайгаа харилцан нээлттэй, тодорхой ярилцаж хамтын шийдвэрт хүрэхийг зөвлөж байна. Мөн бид хэн нэгний өмнөөс сонголт хийж шийдвэр гаргах нь тухайн хүний хүсэл сонирхлыг харгалзаж үзэхгүй байна гэсэн үг бөгөөд хосын харилцаанд тэр хүний хүсэж буй зүйл болон таны хүсэж буй зүйл юу болох талаар сайтар ярилцаж хамтын шийдвэр гаргах нь чухал юм шүү. Хэрвээ хэн нэгэн нь үргэлжлүүлэхийг хүсэхгүй байвал нэгнийхээ сонголтыг хүндлээрэй.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх