Төв Азийн цээжинд орших Монгол нутгаас тэртээх Тайвань орныг зорьж, эрдмийн их далайд хөл тавьсан тухайгаа хуваалцаж байгаадаа баяртай байна.
Намайг Төгөлдөр овогтой Маргад гэдэг. Миний бие 2023 оны хавар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Ингээд тухайн оныхоо 9-р сард Тайпэйн Анагаах Ухааны Их Сургуулийн “Анагаах ухааны олон улсын төгсөлтийн хөтөлбөр”-т элсэн орж, боловсролоо дээшлүүлэн, мэдлэгийн хүрээгээ тэлэх зорилго тавин сурч боловсрохоор амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлсэн юм.
Өргөн уудам, уулархаг газар нутагтай Монгол орон үргэлж миний гэр байсаар ирсэн. Хил хязгааргүй тал нутагт өссөн би эх орныхоо нүүдэлчдийн өв уламжлал, тэсвэр хатуужил болоод оюун санааг гүнээ үнэлдэг нэгэн. Гэсэн хэдий ч би арван жилийн бяцхан охин байхдаа Монгол Улсын хил хязгаарыг давж, шинэ боломжуудыг судлах хүсэл эрмэлзэлтэй болсон билээ.
Бүрэн дунд боловсролоо хятад хэлний сургалттай нийслэлийн тэргүүний “Үй-Цай” бүрэн дунд сургуульд эзэмшсэн ба аль багаасаа хятад хэлтэй улсад суралцахаар шийдсэн байсан. Тайвань чөлөөт ардчилсан нийгэмтэй, эрүүл мэндийн салбарын инновацаараа дэлхийн индексээр дээгүүрт бичигддэг бөгөөд аюулгүй суралцах орчин болоод амьжиргааны өртөг харьцангуй доогуур учраас хамгийн оновчтой, зөв сонголт гэж бодсон. Тиймээс Тайваний анагаахын их сургуулиудыг судалж, 3 сургуульд элсэх хүсэлтээ явуулж, сургууль тус бүрээс тэтгэлэг авсан бөгөөд Тайваний Боловсролын Яамны тэтгэлэгт мөн хүсэлтээ илгээж, тэнцсэн гэсэн хариуг авч чадсан.
Эцэст нь, миний сонгосон хөтөлбөр зөвхөн магистр, докторын зэрэг олгохоос гадна олон улсын клиникийн сургалтын хөтөлбөрөөр гадаадын эмч нарт сургуулийн харьяа дөрвөн эмнэлэгт эмнэлзүйн дадлага хийх боломжийг олгодог учраас арлын өндөр хөгжилтэй энэ орны тус сургуульд анагаахын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар элсэн орсон. Энэ нь миний анагаахын цаашдын карьерт онцгой өөрчлөлт авчирсан сонголт гэж бодож байна.
Төрөлх эх нутгаа орхин Тайваньд ирэхэд сэтгэл догдлол, айдас түгшүүр аль аль нь мэдрэгдэж байлаа. Өнгө өнгийн гэрэл гялбаа, эрч хүч мэдрэгдсэн Тайбэй хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжнууд нь Монголын хөдөөгийн амар амгалан тайван сайхан байдлаас эрс ялгаатай байв. Шинэ орны амьдралд дасан зохицоход нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоос эхлээд мандарин хэлийг орчинд нь хэрэглэж сурах гэх мэт тулгамдсан асуудлуудыг дурдаад дуусашгүй. Гэхдээ сорилт болгоноос суралцах, цаашлаад өсөж дэвших боломж гарч ирдэг гэж би боддог.
Анхны тулгарсан бэрхшээлүүдийн нэг бол Тайваний өдөр тутмын хоолны хэв маягт дасан зохицох явдал байв. Тайвань арлын орон учраас далайн хоол ихтэй бөгөөд хоол нь амттай,
олон янз байсан ч шинэ амт, орц найрлагад дасах хэрэгтэй болсон. Шөнийн гудамжны гоё гоё үнэртэй жижиг сажиг амттан, төрөл бүрийн амттай уух зүйлсээс эхлээд янз бүрийн ногоогоор амталсан аягатай гоймон гэх мэт Тайваний хоолны соёлтой танилцах нь өөрөө адал явдал болжээ.
Хэдийгээр сорил бэрхшээлүүд эхэндээ багагүй байсан ч, Тайваний ард түмэн намайг ирсэн цагаас минь элгэмсэг дотно, тусархуу зангаараа хүлээж авсан юм. Бас нэгэн сэтгэл ханамжтай байсан зүйл бол Тайваний ард түмэн англи хэлний өндөр мэдлэгтэй байсан явдал юм. Хятад хэлний Мандарин аялгуу хэл нь Тайваний ард түмний унаган хэл боловч ихэнх хүмүүс, ялангуяа хот суурин газрын хүмүүс англиар тодорхой хэмжээгээр ярьж, ойлголцож байгааг анзаарсан. Энэ нь тухайн оронд амьдарч суралцахад, мөн түүнчлэн тухайн хүмүүстэй харилцах харилцааг илүү амар болгон, шинэ орчинд илүү хурдан дасаж, тайван байхад тусалсан.
Түүнчлэн Тайваньд суралцсанаар англи, хятад хэлний мэдлэгээ дээшлүүлэх маш том боломж олдсон юм. Багш болон ангийнхан, үйлчилгээний газрын ажилчид зэрэг олон хүмүүстэй өдөр тутамдаа харилцах замаар хэлний чадвараа сайжруулж байгаа. Их сургуулиас санал болгож буй хэлний хичээлүүд нь миний хэл сурах аяллыг улам хөнгөвчилж, англи, хятад хэлний аль алинд нь сайн суралцсаар байна.
Тайвань нь эрүүл мэндийн дэвшилтэт тогтолцоотой, судалгаа, инновацад онцгой анхаарал хандуулдаг анагаах ухааны салбартаа тэргүүлдэг хөгжилтэй улсуудын нэг юм. Шилдэг эмнэлгийн байгууллагуудаас эхлээд нэр хүндтэй эрүүл мэндийн мэргэжилтнүүд төрөн гарч байгаа нь Тайваний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ололт амжилтыг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөж байгааг харуулж байна. 2023 оны Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний индексээрээ Тайваний эрүүл мэндийн тогтолцоо дэлхийн шилдгээр шалгарч, 110 орноос тэргүүлжээ. Энэхүү өргөмжлөл нь Тайваний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр хүндийг улам тодотгож, тус улсын анагаах ухааны боловсрол, практикийн өндөр стандарттай байгааг илтгэж байгаа юм. Тайваний эрүүл мэндийн тогтолцоо нь хүртээмж сайтай, хүн амыг иж бүрэн хамруулсан, хүлээх хугацаа богино, зардал бага, төлөвлөлт, үндэсний судалгааны мэдээллээ цуглуулах бүрэн боломжтой байдаг учраас дэлхийд танигдах нь аргагүй бизээ.
Тайваньд сурч байгаа энэ хугацаанд Тайваний анагаах ухааны салбарын ур ухаан, хичээл зүтгэлийг өөрийн нүдээр харах завшаан олдсон. Анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн дэвшлийн талаарх семинар, хурлуудад оролцож, эрүүл мэндийн салбарынх нь амжилтыг дэргэдээс нь харж, урам зориг авч байна.
Цаашид Монгол Тайвань хоёр орон эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжтой байгаад нь маш их баяртай байна. Хоёр орон тус тусын давуу тал, туршлагаа солилцсоноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийхээ тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, инновацыг бий болгож чадна.
Хамтын ажиллагааны нэг тод жишээ бол Тайваний эмч, оюутнууд жил бүр Монголд ирж хөдөө орон нутгийн иргэдэд үнэ төлбөргүй сайн дурын үзлэг хийдэг явдал юм. Энэхүү үйл ажиллагаа нь боломж бололцоо муутай иргэдэд нэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна Тайвань Монголын эмнэлгийн мэргэжилтнүүдийн хоорондын туршлага солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж байна.
Эмнэлгийн шууд тусламж үйлчилгээнээс гадна хамтын ажиллагаа хөгжиж байгаа өөр өөр салбарууд байгаа. Халдварт өвчин, эх, хүүхдийн эрүүл мэнд зэрэг хоёр орны эрүүл мэндийн асуудалд чиглэсэн хамтарсан судалгааны төслүүд нь анагаах ухааны шинжлэх ухаанд үнэ цэнтэй ойлголт, ахиц дэвшил авчирч байна. Мөн түүнчлэн анагаахын оюутнууд болон мэргэжилтнүүдэд зориулсан солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр мэдлэг, туршлагаа хуваалцах, оролцогчдын боловсролыг дээшлүүлэх зэргээр урт хугацааны түншлэлийг бий болгох боломжийг олгож байна. Цаашлаад эрүүл мэндийн дэд бүтцийг хөгжүүлэх хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой. Үүнд эмнэлгийн байгууллагуудыг сайжруулах, телемедициний шийдлүүдийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдлага, засаглалыг бэхжүүлэх зэрэг багтаж болох юм.
Эдгээр хамтын хүчин чармайлтаар бид хоёр орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүнг сайжруулаад зогсохгүй анагаахын шинжлэх ухаан, дэлхийн технологийн дэвшилд хувь нэмрээ оруулж чадна. Монгол Тайвань хоёр орон хамтран ажилласнаар манай хүн амд илүү эрүүл, бат бөх ирээдүйг бий болгож чадна гэж бодож байна.
Миний Монголоос Тайвань руу хийсэн аялал маань хөгжил дэвшил, ололт амжилт, гайхалтай адал явдлаар дүүрэн байна. Замд гарч ирсэн боломжуудаа алдахгүйг хичээж, анагаах ухааны салбартаа өндөр амжилт гаргахыг тэсэн ядан хүлээж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх