Цахим орчинд хувийн нууцлалаа хангах ЗӨВЛӨМЖҮҮД


YOLO.mn | YOLO.MN
2024-05-01

Цахим орчинд гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд хувийн нууцлалаа хамгаалах нь маш чухал. Иймд цахим орчинд хувийн нууцлалаа хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг танилцуулъя. 

1. Хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байх: Хүний эмзэг буюу эрсдэлд оруулж болзошгүй мэдээлэлд гар утасны дугаар, төрсөн он сар өдөр, цахим хаягуудын нууц үг зэрэг мэдээлэл багтдаг. Энэ мэдээллийг нийтэд дэлгэх, хэн нэгэн хүнд мэдэгдсэнээр сэтгэл санаа, санхүү, бие махбодын гээд олон аюулд өртөж болзошгүй.


2. Бусдаас тусламж хүсэхээс бүү зайлсхийгээрэй: Хэрэв та цахим дээрэлхэлд өртсөн бол гэр бүл, асран хамгаалагч, сургуулийн нийгмийн ажилтан, хуулийн байгууллагад хандаарай. Мөн хүүхэд хамгааллын 108 утсаар холбогдож тусламж авахад ч нээлттэй юм. 



3. Танихгүй хүнээс зурвас ирсэн бол болгоомжлоорой: Нэрээ нууцалсан, зураггүй хаягаас найзын хүсэлт илгээх, “танилцъя, дотносъё” зэрэг зурвас ирсэн бол заавал нягталж, шалгаарай. Мөн заавал тэдэнд хариулах албагүй гэдгээ санаарай.



4. Өөрийн сторинд байршлаа хуваалцахаас татгалзаарай: Стори, зураг оруулахдаа цаг тухайд нь, хаана байгаа байршил зэргээ оруулах нь таныг эрсдэлд учруулж болзошгүй юм. Иймд сторигоо 1-2 цагийн дараа оруулахыг зөвлөе. 



5. Бусдын төхөөрөмжөөр цахим хаяг руугаа нэвтэрсэн бол заавал LOG OUT: Бусдын эсвэл олон нийтийн ашигладаг төхөөрөмжөөс өөрийн цахим хаяг руу нэвтэрсэн бол ашиглаж дуусаад заавал log out хийхийг зөвлөж байна. 



6. Танихгүй хүн таныг сүрдүүлж, дарамталбал BLOCK хийгээрэй: Хэн нэгэн таныг зүй зохисгүй үгээр доромжлох, дээрэлхэх тохиолдол гарвал дотнын хүмүүстээ хэлээд тэр хүнийг Block эсвэл Report хийгээрэй. 


7. Цахим орчинд бусдыг хүндэлж, эерэг байгаарай: Хэн нэгэнд хэлсэн зохисгүй үг, үйлдэл бусдад сэтгэл зүйн шарх үүсгэж болзошгүй учир ямар ч тохиолдолд хэн нэгний нэр хүндэд халдах, тэдний тухай худал мэдээлэл тараах, гүтгэн доромжлох зэрэг үйлдэл гаргахаас болгоомжилж, бусдын орон зайг хүндэтгээрэй. 



8. Хувийн нууцлалаа хангах цахим тохиргоонуудыг хийгээрэй: Бүртгэлгүй төхөөрөмжөөр цахим хаягуудад чинь нэвтэрсэн тохиолдолд мэдэгдэл ирэх, Facebook-ийн хайлтын системээс өөрийн цахим хаягийг нуух зэрэг тохиргоог хийж байгаарай. 



Эдгээр зөвлөмж болон тохиргоог заавал хэрэгжүүлж, цахим орчинд эерэг, аюулгүй хандлагыг эрхэмлээрэй. Мөн өөрийгөө, бусдыг хүндэлж, цахим орчинд эерэг, зөв хандлагыг түгээгээрэй.

Цахим орчны ухаалаг хэрэглээг дэмжих, хувийн нууцлал, аюулгүй байдлаа хангах, эерэг хандлагыг түгээх зорилгоор Мобиком Корпорацаас "Ухаалаг хэрэглээ" аяныг зохион байгуулж, Улаанбаатар болон орон нутгийн сургуулиудад интерактив хичээл орж байна.  

 

#nuutslal