Өсвөр нас бол хүний өсөлт хөгжлийн хамгийн чухал үе. Эл насанд бие физиологи, сэтгэлзүйд нь гэнэтийн өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ өсвөр насныхны талаарх баримтаас хуваалцъя.
Ой тогтоолт муу
Өсвөр насныхны дийлэнх нь ой тогтоолт муу, мартамхай байдаг байна. Тэдний бие, сэтгэлзүйд өөрчлөлтүүд гардаг тул энэ үед тархи цочролд орж мартамхай болох нь бий. Түүнчлэн тэдний тогтворгүй сэтгэл зүй, олон зүйл бодох зэрэг ч нөлөөлдөг байна.
Донтох хандлагатай
Өсвөр насныхны тархинд допамины (таатай мэдрэмж төрүүлдэг даавар) түвшин бага байдаг. Харин хүссэн зүйлээ хийх, авах үед насанд хүрсэн хүнийхээс илүү их допамин ялгардаг. Тэд өөрт нь сайхан санагдсан зүйлээ хэт олон удаагийн давтамжтай хийснээр донтолтод өртдөг байна.
Орой унтаж, орой сэрнэ
Бидний нойрыг хүргэдэг мелатонин даавар гэж бий. Энэ даавар өсвөр насныханд шөнийн 23 цагаас хойш ялгардаг байна. Тийм учраас өсвөр насныхан орой унтаж, орой сэрдэг аж.
24 нас хүртэлх залуучуудыг өсвөр үеийнхэн гэх үү?
Орчин үеийн залуус өмнөх үеийнхнийг бодвол орой хүнтэй сууж, хожуу амжилтад хүрэх нь их байгаа учраас тэдний өсвөр нас хойшлогдож байна хэмээн эрдэмтэд үзэх болсон аж. Тиймд өсвөр насыг уртасган 24 нас болгох хэрэгтэй гэжээ. Гэхдээ энэ зүйл биелэх магадлалын хувь маш бага.
Эрсдэлтэй үйлдэл хийх магадлал өндөр
Энэ насныхан дааврын хэлбэлзэл, нийгмийн дарамт, биеэ даах чадвар, тархины хөгжил зэргээс шалтгаалан илүү эмзэг байна. Тэд өөрт тулгарч буй асуудлуудаа хэт хүндээр хүлээж аван, түүнээсээ болж эрсдэлтэй үйлдэл хийх магадлал өндөр байдаг аж.
Тэдний хамгийн сайн найз бол “Чихэвч бас Утас”
Өсвөр насны хүүхдүүдийн хувьд гормоны өөрчлөлт, сэтгэл санааны тогтворгүй байдлаас үүдэн аав ээж болон бусад хүмүүстэй харилцахад төвөгтэй санагддаг байна. Тэд ихэнх цагийг утас, чихэвчтэйгээ найзалж өнгөрөөдөг ба энэ нь асуудлуудаас ангижрахад тусалж, өөрийнхөө ертөнцөд тайван байгаа мэт мэдрэмж төрүүлдэг аж.
Найзуудтайгаа ихэнх цагийг өнгөрөөх дуртай
Өөрийгөө болоод бусдыг ойлгохгүй будилж буй өсвөр насныхныг хүлээн авах чухал хүрээллийн нэг нь үе тэнгийнхэн. Учир нь тэдэнд тулгарч буй асуудал, үерхэл шохоорхол, баяр баясал нь ив ижил. Тийм ч учраас өсвөр насныхан гэртээ байхаас илүүтэй найзуудтайгаа цагийг өнгөрөөх дуртай байдаг.
Таван хүүхдийн нэг нь сэтгэцийн эмгэгтэй
Өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй байдаг аж. Сургуулийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, гэр бүлийн таагүй харилцаа, амьдралын нөхцөл зэргээс шалтгаалан сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай болох нь түгээмэл. Зарим нь сэтгэцийн асуудлаа даван туулж чаддаг бол, зарим нь бууж өгөн муу зуршил буюу архи, тамхинд орох, цаашлаад амиа хорлох ч эрсдэлтэй.
Шаргуу хөдөлмөрлөн амжилтад хүрэх биш, амар аргаар амжилтад хүрэхийг эрмэлздэг
Өсвөр насныхны оюун ухаан нь бүрэн гүйцэт төлжөөгүй тул шаргуу хөдөлмөрлөн ажил хийхэд боловсроогүй байдаг аж. Тиймээс тэд тууштай хөдөлмөрлөхөөс илүүтэй амархан, хурдан аргаар амжилтад хүрэхийг илүүд үздэг аж.
Шүүмжлэл сонсох үед тэдний тархи унтардаг
Эцэг эх нь өсвөр насны хүүхдээ шүүмжлэх үед тэдний тархины мэдээлэл боловсруулах хэсэг нь бүрэн унтардаг байна. Харин эцэг эхийнх нь сэтгэл хөдлөл хэт өндөр болох үед тархины эс нь буцаж сэргэдэг гэсэн сонирхолтой судалгаа байдаг аж.
Дээрх баримтууд нь өсвөр насныхны хувьд бүгдэд биш дийлэнхэд нь тохиолддог зүйл гэдгийг санаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх