Дусал мэдлэг: Дэлхийн хамгийн гүн 9 нуур


О.Батхишиг | YOLO.MN
2024-01-04

Хөлгүй гүн нуур бол тааварлашгүй ертөнц. Байгалийн онцгой зохицолдолгоогоор бүтсэн дэлхийн хамгийн гүн 9 нуурыг  Yolo.mn сайтын уншигч таны мэдлэгт дусал нэмэр болгон хүргэж байна.

Кратер нуур (1943 фут, 592 метр) 

Орегон мужийн Каскадын нуруунд байрладаг Кратер нуур нь АНУ-ын хамгийн гүн нуур юм. 7700 жилийн өмнө Мазама хэмээх асар том галт уул дэлбэрсний дараа эл нуур үүссэн түүхтэй.  

Great Slave  нуур (2,015 фут, 614 meters) 

Канадын баруун хойд нутаг дэвсгэрт орших эл нуурыг Атабаск хэлээр ярьдаг Индианчуудын нэрээр нэрлэсэн. Энэ бол Хойд Америкийн хамгийн гүн нуур бөгөөд Канадын хоёр дахь том нуур юм. Хойд зүгийн хатуу ширүүн уур амьсгалаас үүдэн энэ газар сийрэг хүн амтай ч өвлийн улиралд өдөр бүр хэдэн зуун тээврийн хэрэгсэл Йеллоунайфаас Деттагийн  рүү мөсөн замаар зорчдог. 

Исык нуур (2192 фут, 668 метр) 

Киргизийн Тянь-Шань уулсын дунд орших дэлхийн хамгийн том уулын нууруудын нэг  бол Исык юм. Нуурын Киргиз нэр нь Ысык-көл гэдэг нь "Халуун нуур" гэсэн утгатай бөгөөд энэ бүс нутагт өвлийн температур тогтмол -26 ° C хүрдэг бөгөөд хэзээ ч хөлддөггүй. Эрдэмтэд үүнийг нуурын  давсжилт, газрын гүний дулааны идэвхжилтэй холбон тайлбарладаг.  Энэ нуур нь Торгоны замын чухал зогсоол  байсан. Нуурын гүн, археологийн баялаг нь судлаачид болон эрдэнэсийн эрэлчдийн сонирхлыг төрүүлж буй. Нуурын гүнд оршдог эртний балгас болох "Киргиз Атлантис"-ыг олох найдлагатайгаар экспедицүүд эрэл хийдэг.  

Няса нуур (2316 фут, 706 метр) 

Няса нуурын урт, гүн, температурын давхарга нь эрс өөр орчинг бүрдүүлдэг тул ер бусын биологийн төрөл зүйл арвинтай. Нуурт 1000 гаруй төрлийн загас бүртгэгдсэн бөгөөд энэ нь дэлхийн цэнгэг усны загасны 15 орчим хувийг эзэлдэг.  

О’Хиггинс/Сан Мартин нуур (2742 фут, 836 метр) 

Андын нурууны хүн ам цөөтэй бүсэд оршдог Чили дэх  Сан Мартин гэх энэ нуур  Аргентин-Чилийн хил дээр оршдог бөгөөд баруун зүгээс цутгадаг О’Хиггинс мөсөн голоор тэжээгддэг. Нуур нь мөсөн голын усанд ууссан чулуулгийн гурилын өндөр агууламжаас болж сүүн өнгөтэй.  

Восток нуур (2950 фут, 900 метр) 

Антарктидын Восток нуур нь бараг 4 км мөсөн дор булагдсанаараа  жагсаалтад багтсан нууруудаас онцгой. Эл нуур нь мэдэгдэж буй мөсөн доорх хамгийн том нуур юм. 1970-аад оноос хойш эрдэмтэд мөсөн дор их хэмжээний цэвэр ус хуримтлагдсан гэж таамаглаж байсан ч  1996 он хүртэл Британи, Оросын судлаачид мөс нэвтлэх радар ашиглан нарийн хэмжилт хийж чадаагүй. Нуурын биологийн идэвхжил нь нууцлаг хэвээр байсан бөгөөд 2012 онд судлаачдын баг нуурын гадарга хүртэл амжилттай өрөмдлөг хийсэн нь  томоохон нээлт болсон юм. Дээжийг судалж буй эрдэмтэд нянгийн амьдралын олон шинэ хэлбэрийг олж илрүүлсэн гэж мэдэгджээ. 

Каспийн тэнгис (3360 фут,1025 метр) 

Кавказын нуруу, Төв Азийн тал хээрийн хооронд орших  хойд зүгээс урагшаа 1200 км үргэлжилдэг, дэлхийн хамгийн том битүү усан сан бүхий давсархаг нуур бол Каспийн тэнгис юм.  Каспийн тэнгисийн эрэг орчмын загас агнуур, аялал жуулчлал нь хөрш орнуудын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн их хэмжээний газрын тос, байгалийн хийг Каспийн тэнгисийн ёроолоос далайн өрөмдлөгөөр дамжуулан олборлодог. 

Танганика нуур (4710 фут,1436 метр) 

Танганка нуур нь дэлхийн хоёр дахь том цэнгэг, гүн нуур юм.Энэ нь Замби, Бурунди, Танзани, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын хил дээр байрладаг. Чулуун зэвсгийн үеэс хойш нуурын эрэг дээрх хүмүүс загасчлан аж төрж ирсэн. 

Байгаль нуур (5,315 фут , 1,620 метр) 

Байгаль нуур нь дэлхийн хамгийн гүн, цэнгэг устай нуур төдийгүй дэлхийн нийт  цэнгэг усны 20 гаруй хувийг эзэлдэг, 20-25 сая жилийн насжилттай эртний нуур юм. Байгаль нуурт  олон тооны ховор амьтан, ургамлын төрөл зүйл амьдардаг.  Сонирхуулахад цэнгэг усанд л амьдардаг дэлхийн цорын ганц далайн хав Байгаль нуурт бий. 

 

 

#нийтлэл