Захидал: Найз залуу маань жижигхэн зүйл дээр маргалдаж, байнга салъя гэх боллоо


ССҮТөв | YOLO.MN
2022-11-04

YOLO.mn сайт нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Найз залуу маань жижигхэн зүйл дээр маргалдаж, байнга салъя гэх боллоо

Сайн уу? Би одоо 18 настай. Энэ жил оюутан болж буй жирийн л нэг охин байна. Найз залуутайгаа үерхээд бараг жил болж байна. Түүндээ үнэхээр хайртай. Миний анхны хайр (бас сүүлийн хайр байх болно гэж итгэдэг) Бид хоёр ЕБС-даа нэг ангид сурдаг байсан. Тиймдээ ч бие биенээ сайн мэднэ. Манай найз хөвгүүн даруухан нэгэн. Харин энэ жил тэр их сургуульд орж нэлээн хэдэн шинэ найзуудтай болсон. Ихэнх найзууд нь эмэгтэй учраас надад бага зэрэг харамлах хардах мэдрэмж төрдөг. Энэ мэдрэмжээ ч нуулгүй түүнд хэлчихдэг. Гэтэл ойрын хэдэн өдөр байнга л жижигхэн зүйл дээр маргалдаж салъя, больё гэх боллоо. Надад хайртай үгүйд нь ч хааяа эргэлзэх юм. Үнэхээр миний бодсоноор надаас залхаад өөр хүнд сэтгэл алдраад байгаа юм болов уу? Удаан үерхэхээр ингэж үл ойлголцох нь ихэсдэг юм болов уу? Ийм харилцааг хэн хэнийгээ удаан зовоолгүй дуусгасан нь дээр үү? Надад зөвлөгөө өгөөч. Үнэхээр юу хийхээ мэдэхгүй байна. 

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийнхөө мэдрэмжийг зөв илэрхийлж, тэр хүний мэдрэмжийг ч асууж харилцан ярилцаарай

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Түүнийг бусдаас харамлаад үүнээс болж таагүй байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Энэ яриа чинь цааш харилцан яриа болж чадсан уу? Одоогоор харилцаа хөндийрөөд байгаа гэж мэдрээд байгаа гэж ойлголоо. Хосын харилцаа хоёр талаас ярилцаж байж ойлголцох боломжтой байдаг. Өөрийн чинь таамаг, бодол нэг талын мэдрэмжийг илэрхийлэх болохоос хосын чинь бодол гэж хэлэх боломжгүй. Бусдын өмнөөс бодлыг нь хэлэх боломжгүй шүү дээ. Тиймээс харилцан ярихыг л зөвлөж байгаа юм шүү. Харилцан яриа маань хоёр тал ижил өөрсдийн мэдрэмжийг илэрхийлэх хэрэгтэй. Нэг тал нь илүү их ярих нь ойлголцолд хүрэхэд хүндрэлтэй байх талтай. Өөрийн мэдрэмжийг ч илэрхийлэх мөн түүний бодол болоод мэдрэмжийг сонсох хүсэлтэй байгаа талаараа илэрхийлээрэй. Олон эмэгтэй найзтай байгаагаа найз хөвгүүн нь өөрөө юу гэж бодож, ямар мэдрэмжтэй байгаа талаар нь асуугаарай. Мөн мэдрэмжээ илэрхийлээд өнгөрөх биш тэр хүний бодол, мэдрэмжийг сонсож тэгвэл цаашид хэн хэндээ ойлгомжтой, таатай байдлаар асуудлыг шийдэж болох вэ? гэдэг талаар ярилцаарай. Харилцан ярилцах үедээ өөрсдийн хайрын хэл юу вэ? гэдгийг мөн ярилцаарай. Жишээ нь 1. Би тэврүүлэх, үнсүүлэх дуртай 2. Хамтдаа цаг өнгөрүүлэхэд дуртай 3. Өдрийн турш хамт байхгүй хэдий ч юу хийж байгааг минь асуухад чинь дуртай. Би үүнийг хайрын хэл гэж ойлгодог г.м. Юу өөрийн чинь хувьд хайр гэж мэдрүүлдэг зүйлсийн талаар илэрхийлж ярилцаарай. Найз залуу чинь ямар үг үйлдэл, яриаг хайр гэж хүлээж авдаг талаар сонсох хүсэлтэй байна гэдгээ ч илэрхийлээрэй. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач М.Анир 

АСУУДАЛ:  Тэр надад сайн болов уу?

Сайн байна уу? Би наймдугаар ангид байхдаа ангийнхаа нэг хөвгүүнтэй сар орчим үерхээд салсан. Тэр явдлын дараа би тэр хүнд одоог хүртэл сайн юм шиг  мэдрэмж төрөөд байна. Бас тэр ч гэсэн надад сайн юм шиг санагдаж, харах болгонд харц тулгардаг. Бас тэр албаар миний эргэн тойронд эргэлдээд байгаа юм шиг мэдрэгддэг. Би юу гэж ойлгох вэ? Надад сайн юм болов уу?

ЗӨВЛӨГӨӨ: Мэдрэмжээ бодитоор хүлээн зөвшөөрөх нь биднийг тайвширхад тусална

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Бусдын бодол, үйлдлийг бид урьдчилж хэлэх боломжгүй. Тэр үнэхээр өөрт чинь сайн хэвээр эсэх, эсвэл энэ өөрийн чинь дотоод хүсэл үү? Үүнийг хөндлөнгийн хүн хэлэх боломжгүй. Хайртай байсан хүнээ тавьж явуулах тийм ч амар биш. Түүнтэй өнгөрүүлсэн сайхан дурсамж бүр өөрт чинь үлдсэн байгаа. Иймээс түүнийг тавьж явуулах хэцүү байгаа юм болов уу. Чи юу гэж бодож байна вэ? Хэрэв тавьж явуулж чадахгүй байна гэвэл түүнийг мартаж чадахгүй байгаа талаараа түүнд илэрхийлж чадах уу? Тэр хөвгүүний чамд сайн хэвээрээ эсэхийг мэдэх, ойлгох шууд зам бол түүнээс асуух явдал. Хэрэв чадахгүй байх гэж бодож байгаа бол энэ нь мөн чиний сонголт. Харин түүнийг санах, гуниглах, ганцаардах, найдах зэрэг нь өөрт чинь яг одоо мэдрэгдэж байгаа мэдрэмж тул үгүйсгэх хэрэггүй. Хүлээн зөвшөөрөөд уйлмаар байвал уйлж, бухимдмаар байвал бухимдаарай. Мэдрэмжээ бодитоор хүлээн зөвшөөрөх нь биднийг тайвширхад тусалдаг юм шүү. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач М.Анир 

АСУУДАЛ: Би шинэ сургуульдаа явах дургүй. Өмнөх ангийнхыгаа санаж байна

Сайн байна уу? Би одоо 17 настай төгсөх ангийн сурагч. Энэ жилийн зунаас л аав ээж минь намайг шилжүүлэх сургууль хөөцөлдөөд, нэг сургуульд шалгалт өгөөд тэнцчихсэн юм. Ер нь би их дургүй байсан ч тухайн үедээ ормооргүй байна гэж нэг хэлээд л өнгөрсөн. Тэгээд сая есдүгээр сарын 1-нээс шинэ сургуульдаа орсон л доо. Их сайн, ирээдүйтэй сургууль болохоор хүүхдүүд их дуртай орсон. Өмнөх сургууль маань ч гэсэн нэр хүндтэй сайн сургууль ч аав ээж хоёр олон хүүхэдтэй гээд их дургүй байдаг байсан л даа.
Хичээлдээ сууж эхлээд давгүй байсан ч үнэхээр хүнд санагдсан. Надаас бусад нь хуудас хуудсаар нь бодож чадаж байсан гээч. Тэгэх бүрд толгойд байнга хуучин анги бодогддог. Үнэхээр дурсамжтай сайхан байждээ гээд л... Арванхоёрдугаар анги сүүлийн жил болохоор олон арга хэмжээ болно шүү дээ. Гэтэл би тэр бүгдээс нь хоцроод, шинэ сургууль руугаа явах маш дургүй болсон. Мөн ангийн багш нь их ааштай, ямбатай, харилцахад хэцүү болохоор үнэхээр стрессдэг. Болсон учраа аав ээждээ хэлсэн боловч уурлаад дуугарахгүй их хэцүү байна. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Хэцүү санагдаж байгаагаа эцэг эхдээ хэлээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Хэцүү санагдаж байгаа талаараа эцэг эхдээ хэлж дэмжлэг авмаар байна гэдгээ илэрхийлээрэй. Дэмжлэг гэдэг нь ойлгож буй байдал, урмын үг, тайтгаруулах үгс байж болно шүү дээ. Тиймээс мэдрэмжээ илэрхийлсэн бол юу хүсэж байна вэ? гэдгээ илэрхийлэхийг хичээгээрэй. Бодит байдал дээр мэдээж шууд л хуучин сургууль руугаа явах боломжгүй болов уу. Тиймээс аав ээждээ хуучин сургууль руу гаа буцна гэж хэлээгүй харин сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй байна гэдгээ хэлээрэй. Хуучин сургуульдаа сайхан дурсамжууд үлдээсэн учраас хорогдоод байгаа болов уу. Шинэ орчинд дасах хугацаа дунджаар 6 сараас 1 жил болдог гэсэн судалгааны үр дүн бий. Дасах хугацаа өөртөө олгоорой. Ангийн хүүхдүүдтэйгээ өөрийгөө муу байна гэж харьцуулах биш. Харин тэднийг харж юун дээр илүү өөрийгөө хөгжүүлэх талаар баримжаа авч байна гэж бодоорой. Бусдаас удаан байлаа гээд энэ өөрийн чинь бүхий л чадварыг тодорхойлохгүй юм шүү. Хуучин ангиа санаж байгааг нь ойлгож байна. Гэхдээ өнгөрснөө бодоод л байх юм бол одоо цагт болж буй гоё зүйлсийг анзаарахгүй байх магадлалтай шүү дээ. Тиймээс өөртөө дасах хугацаа олгож одоо цагтаа төвлөрч юмсыг байгаагаар нь ажиглаад үзээрэй.  

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач М.Анир 

АСУУДАЛ: Гэрийнхэн минь миний хүсэл сонирхлыг тоохгүй байна

Сайн байна уу? Би 17 настай. Өнгөрсөн зургаадугаар сард 12 дугаар ангиа төгссөн. Манай ах өнгөрсөн жилийн есдүгээр сард Герман хэлний дугуйланд явж урт хугацааны гэрээ буюу сувилагчийн гэрээ хийсэн. Гэхдээ удалгүй хичээлдээ явахаа больчихсон. Тэгээд манай гэрийхэн гэрээг нь миний нэр дээр шилжүүлээд би одоогоор В2 түвшин хүртэл сурчихаад байна. Гэхдээ яг юуны төлөө сурж байгаагаа ойлголхгүй байна. Би яг яах гэж байгаа билээ, ингэх нь зөв үү? гэсэн бодол сүүлийн хоёр сар толгойноос минь салахаа больсон. Би зурах дуртай. Тийм болохоор 10 дугаар ангидаа урлагийн сургууль руу орж дүрслэх урлаг гэсэн мэргэжлээр сурсан. Энэ есдүгээр сард СУИС-ийн дүрслэх урлагийн ангид орсон юм. Гэтэл гэрийнхэн маань намайг Герман явж л байвал бусад нь хамаагүй гэсэн шиг хандаж, тоохгүй байгаа. Би яах ёстой вэ? В2 түвшний хичээл энэ арван нэгдүгээр сард дуусна. 

ЗӨВЛӨГӨӨ: Үнэхээр чиний зорилготой нийцэхгүй байвал өөрийгөө илэрхийлээрэй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Ахынх нь гэрээ өөрийн чинь нэр дээр шилжсэнээр заавал Герман явах юм байна тийм үү? Гэрээ цуцлуулах тухай заалт бий юү? Гадаад хэл сурч байгаа нь өгөөжтэй хэдий ч ирээдүйн зорилго тодорхойгүй байгаа юм байна. Энэ талаар эцэг эхтэйгээ ярилцмаар байна гэж өөрийн зүгээс илэрхийлсээр байж чадах уу? Зорилго тавихгүйгээр Герман улсад сурлаа гэж бодоход тогтвортой сурч чад0ах эсэх? Өөрийн хүсэл сонирхлын эсрэг төлөвлөөгүй замаар явах хэцүү байгаа талаар? Мөн германд очоод өөрийнхөө хүссэн мэргэжлээр суралцах өөр арга зам байгаа эсэх талаар эцэг эхтэйгээ ярилцахаас өөр сонголт байхгүй болов уу. Эцэг эхтэйгээ ярилцаарай. Энэ нөхцөл байдалд өөрийн чинь шийдвэрээс гадна эцэх эх чинь илүү шийдвэр гаргах хандлагатай байгаа тул тэдэнтэй ярих нь чухал юм шүү. Ярилцлага эхлүүлэхэд маш олон удаагийн оролдлого мөн ярилцлага амжилттай болоход олон удаагийн давтамж хэрэгтэй юм шүү. Нэг ярихад ойлголцохгүй, уурлах эсвэл маргах тохиолдох гарна. Дахиад нэг ярилцахад үл ойлголцох, гомдох зэрэг асуудлууд үүсэх магадлалтай юм шүү. Үнэхээр чиний зорилготой нийцэхгүй байвал өөрийгөө илэрхийлээрэй. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач М.Анир 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Сэтгэл зүй