Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би хэрхэн видео тоглоомонд өгдөг үнэтэй цагаа өөрийн суралцах цөөхөн цаг заваар солих вэ?
Би ойрд маш их видео тоглоом тоглодог болчихлоо. Ойрд ч гэж сүүлийн хоёр жил. Энэ нь миний сурах болон бусад бүх зүйлийг үгүй хийж байна. Гэтэл би үүнийгээ мэддэг хэрнээ өөрийгөө зогсоож чадахгүй юм.
Сайн байна уу.? Би одоо 19-настай 2-р түвшины оюутан. Надад тулгамдаад байгаа асуудал бол би өөрөө өөртөө эзэн нь болж чадахгүй байгаа явдал юм. Энэ их тэнэг сонсогдож байгаа байх. Би ойрд маш их видео тоглоом тоглодог болчихлоо. Ойрд ч гэж сүүлийн хоёр жил. Энэ нь миний сурах болон бусад бүх зүйлийг үгүй хийж байна. Гэтэл би үүнийгээ мэддэг хэрнээ өөрийгөө зогсоож чадахгүй юм. Би амралтын өдрүүдээр үдээс хойш босоод л үүрийн 5 хүртэл тоглочихоод байдаг.
Надад уг нь сурах эрмэлзэл, бодсон зорилго байгаа хэрнээ би яагаад энэ тоглоомноос өөрийгөө татаж чадахгүй байгаагаа ойлгохгүй байна. Би тоглоомноос болих гэж нетээ сунгахгүй байж үзсэн гэтэл би гэнэт л тоглох сонирхол төрөөд писинд орж тоглодог. Нетгүй үедээ бүүр найзуудыгаа уриалж байгаад л писинд дагуулж хонодог. Магадгүй би донтсон байх. Би ер нь аливаа зүйлд донтохдоо амархан би мөн тамхи татдаг.
Би тамхинаас гарах гэж нэг бус удаа оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн. Тамхинаас болоод би оройд хоол идэж чадахаа болиод байгаа мэт санагдаж байна. Би бас орой болгон Кола уудаг. Энэ нь мөн адил дон болоод байх шиг байна. Ээж минь хүртэл надад анхааруулж "ядаж энэ Колагаа боль ясны сийрэгжилттэй боллоо" гэдэг. Би "За" гэж хэлдэг хэрнээ энэ зүйлээс баттай татгалзаж нэг л болохгүй байна. Би энэ бүхнийг мэдэж байгаа хэрнээ яагаад гарч чадахгүй байгаа юм бол гэж сайн бодож үзсэн л дээ. Эцсийн дүндээ би өөрийн үзэл бодолдоо хатуу байр суурьтай байж чаддаггүй өөрийн зөв гэж үзэж байгаа бодлоо хурцалж огт чадахгүй байгаа гэж бодсон.
Тэгвэл хэрхэн өөрийн үзэл бодолдоо хатуу байр суурьтай болох вэ?
Би хэрхэн видео тоглоомонд өгдөг үнэтэй цагаа өөрийн суралцах цөөхөн цаг заваар солих вэ?
Би ч уг нь юмыг муугүй хурдан ойлгож эхний хэдэн сард багш нарын нүдэнд өртчихөж чаддаг хүүхэд л дээ гэхдээ миний энэ зуршил намайг "алж" байна. Надад туслаач, надад зөвлөгөө өгөөч.
ЗӨВЛӨГӨӨ: Заримдаа хүмүүс амьд харилцаанаас хэт холдон зожгирсон үедээ юманд донтох байдал ихэсдэг
Өөрийн сул талуудаа мэдэж байна, бас үүнийг засах хэрэгтэй гэдгийг ухамсарлаж байна гэдэг нь өөрчлөлт хийх хамгийн эхний алхам.
Сайн байна уу, захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн сул талуудаа мэдэж байна, бас үүнийг засах хэрэгтэй гэдгийг ухамсарлаж байна гэдэг нь өөрчлөлт хийх хамгийн эхний алхам. Тиймээс чи эхний алхмаа аль хэдийн тавьсан байна. Харин одоо үүндээ тууштай байх л үлдлээ. Харин яаж тууштай байх вэ? Ер нь яагаад хүмүүс писи тоглоом тоглох дуртай байдаг эсвэл донтдог юм бэ? Донтолт гэж юу юм бэ?
Писи тоглоомонд сайн тал олон бий, жишээлбэл стратегийн тоглоом тоглосноор багаар ажиллаж сурна, хурдан шийдвэр гаргадаг болно гэх мэт. Харин сөрөг тал нь анхаарал нэг зүйлд удаан төвлөрөхөө болих мөн хэт их тоглосноос хичээл номоо цалгардуулах, донтох хүртэл аюултай. Тиймээс танд огт тоглохоо боль гэж зөвлөхийн оронд харин писи тоглоомыг арай өөр өнцгөөс хараарай гэж зөвлөж байна. Өөрөөр хэлбэл писи тоглоом бол чиний хобби буюу дуртай зүйл. Харин хэтрүүлчихвэл донтолт болно. Тиймээс писи тоглоомыг яг л ууланд авирах, гитар тоглох зэрэг шиг өөрийн хобби болгох хэрэгтэй. Хоббиг чөлөөт цагаараа алжаалаа тайлах гэж бас өөрийн сэтгэл санааг сэргээх гэж өөрийгөө хөгжүүлэх, найз нөхөдтэй болох зорилгоор хийдэг шүү дээ.
Донтолтын хувьд, хүний тархи өөрт маш их таалагдсан, амттай зүйлд донтдог. Жишээ нь, чихэрлэг амттан идсэний дараа тархин дах шагнал урамшууллын хэсгийг цочроодог учраас ахин идэх хүсэл маш их төрдөг. Харин тамхины хувьд тамхинд донтоно гэхээсээ илүү тамхинаас хамааралтай болох эрсдэл их байдаг. Өөрөөр хэлбэл хүсэхгүй, таашаал авахгүй байгаа ч татахаа больж чадахгүй байхыг хэлнэ. Тамхинаас гарах олон аргууд байдгийг судлан өөрт хамгийн тохирно гэж бодсон аргаа хэрэглэж үзээрэй. Мөн өөр ямар шалтгаанаас болж тамхи татаад байна вэ гэдгээ тунгаараарай. Заримдаа хүмүүс амьд харилцаанаас хэт холдон зожгирсон үедээ юманд донтох байдал ихэсдэг.
Төгсгөлд нь дээрх зөвлөгөөнүүдийг даган амжилт гаргасны дараа, жишээ нь тамхиа хаяж чадсаны дараа, илүү их цагийг хичээлдээ зарцуулдаг болсоны дараа чиний өөртөө итгэх итгэл нэмэгдэж дараагийн удаа үзэл бодолдоо үнэнч гаргасан шийдвэртээ үнэнч байх хандлага тань нэмэгдэх болно. Танд амжилт хүсье!
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн
Туслах сэтгэл судлаач
Б.Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх