Саяхан Фредерик Бастиа-ийн “Хууль” номыг уншиж дуусгалаа. Харин энэ бичвэрээрээ эл номын тухай бяцхан тэмдэглэлээ хуваалцахаар шийдсэн юм.
Юун түрүүнд зохиолчтойгоо танилцацгаая. Фредерик Бастиа 1801 онд баруун өмнөд Франц улсын хэсэгт орших Байонн боомт хотод төрсөн. Тэрбээр өсөж том болохын хэрээр эдийн засгийн ухааныг гүнзгийрүүлэн судлах болсон бөгөөд энэ салбартаа “чөлөөт худалдаа”-ны талаар дэлгэрүүлсэн санаанууд болон “Адам Смитийн эдийн засгийн гол онолууд”-ыг таашаагч гэдгээрээ алдаршсан нэгэн. Иймдээ ч гадаад орны импортын барааны татварыг нэмэх, хил нэвтрүүлэлтийг чангаруулах замаар дотоодын эдийн засгийг эрчимжүүлэх зорилготой “протекционизм”-ийн онолыг ихээхэн шүүмжилдэг байв.
Фредерик Бастиа 1846 онд өөрийн эсээ цуглуулгыг бий болгон нэгтгэж, түүнийгээ ЭДИЙН ЗАСГИЙН СОФИЗМ (Sofismi economici) гэх нэртэй ном болгон хэвлүүлж байсан аж. Энэхүү номоороо дамжуулан эдийн засгийн онолын үндсэн зарчмуудыг тайлбарлаж, алдаатай ойлгогдсон санаануудыг яагаад алдаатай гэдгийг нь жишээгээр батлах гол оролдлого хийсэн гэдгээрээ олонд танигдсан.
Түүний энэхүү номонд багтсан нэгэн чухал бүтээл нь “Лаачингийн өргөдөл” нэрт эсээ билээ. Уг эсээнд франц даяарх лаа үйлдвэрлэгчид нэгдэж нарны бий болгосон шударга бус өрсөлдөөнийг эсэргүүцэн тэмцэж буй талаар гардаг. Нэрт эдийн засагч маань тэрхүү бичвэртээ гадны импортлогчдыг нартай зүйрлэж, протекционизм-ыг хошигнон шүүмжилсэн юм.
Фредерик Бастиа-ийн улс төр, эдийн засгийн хүрээн дэх ерөнхий итгэл үнэмшил нь “төр, засгийн газарт байх эрх мэдэл нь зөвхөн иргэдийн эрхийг хамгаалж, амьдралыг нь дээшлүүлэхэд зориулагдсан байх учиртай” гэх санаанд төвлөрнө. Тиймдээ ч одоо бидний яриаг эхлүүлсэн “ХУУЛЬ” номоо туурвисан байх.
— ХАРИН ОДОО НОМ РУУ ГАА ШИЛЖИЦГЭЭЕ!
“Хүн бол амьдрал, авьяас чадвар, үйлдвэрлэл буюу өөрөөр хэлбэл хувь хүн, эрх чөлөө, өмч хөрөнгийн цогцолбор юм.” -Фредерик Бастиа
Хүний хөдөлмөр, өмч хөрөнгө, эрх чөлөө нь юунаас ч хараат бусаар тухайн хүний бүрэн мэдэлд орших учиртай. Ямар ч төрийн эрх баригч, том хүчин энэхүү халдашгүй эрх, эзэмшлийг хөндөх учиргүй. Яагаад гэвэл энэ эрхүүд нь хаа нэг төр, засаг, эсвэл тэдний боловсруулсан хуулиар олгогдоогүй бөгөөд заяагдмал шинжтэй.
Хууль гэж юу вэ? Хууль бол ийм зүйл, тийм зүйл гэж оноож хэлэх адармаатай байж болох учраас эхний ээлжинд энэ том нэртэй зэрэгцэн оршдог үүргийнх нь тухай санах гээд үзье. Хууль нь нийгмийг бүрэлдүүлэгч субьектуудын хүлээх үүрэг, хариуцлагыг хооронд нь уялдуулан тодорхойлох, эрхийг хамгаалах замаар нийгмийн харилцааг зохицуулж, шударга ёсыг тогтоох үүрэгтэй.
Тэгвэл илүү лавшруулаад харвал “ХУУЛЬЧИЛАГДСАН” гэх үг нь ямар утгыг илэрхийлэх вэ? Юутай ч сөрөг хэв шинж агуулсан утга толгой руу шууд цохиод орж ирэхгүй байх. Ямар нэг талаараа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, өөр хэн нэгэн эсвэл эд юмсад хохирол учруулаагүй гэдэг шинж шууд тодорч ирж байгаа биз?
ТЭГВЭЛ “ХУУЛЬ ЁСНЫ ТОНУУЛ” ГЭЖ ОРШИХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Шууд хариулт гэвэл тийм. Гэхдээ хууль ёсны тонуул гэхээс илүү “хуульчилагдсан тонуул” гэвэл илүү зохилтой. Зөвхөн боломжтойгоор ч барахгүй өнөө цагт оршсоор байгаа зүйл учраас энэхүү ном дээр тэгтлээ их онцлогдсон байх.
“Хүн бүр өөрийн бие, өөрийнхөө эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах зүйл ёсны заяагдсан эрхийг бурхнаас хүртсэн. Амьдралын шаардлагаас үүдэн гарсан эдгээр гурван тулгын чулууны аль нэгийг хамгаалья гэвэл нөгөө хоёрыг нь ч зайлшгүй хамгаалахад хүрдэг.” -Фредерик Бастиа
Хууль өөрөө шударга ёсыг тогтоох гол зорилготойгоор анх бүтээгдсэн гэдгийг хүн бүр мэднэ. Иймдээ ч бидний нийгэм дэх ихэнх хүмүүс хуулийг шууд шударга ёс гэж ойлгодог. Үүнээс үүдээд шударга бус байдлыг үүсгэж болох үйлдлүүд эсвэл цөөнхөд хэт давуу байдал олгосон эрхүүдийг “ХУУЛЬЧИЛСАН ДАРУЙД” л энэ нь “зөв зохистой” юм байна гэсэн автомат кодчилол үүссэн байдаг. Тонуул, хүчирхийлэл, дээрэм хүртэл хуульчлагдаж болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Хуульчилсан болгон шударга биш.
ХУУЛЬ БОЛ ТАРНИ БИШ, ХАРИН ХЭРЭГСЭЛ.
ЭНЭ ХЭРЭГСЭЛ ЯГ ЗОРИЛГО РУУГАА ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭГДЭЖ ЧАДАЖ БАЙНА УУ, ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ХАРИН ҮРГЭЛЖ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ АЖ.
Хууль нь тонуулаар хожигч нарын зэвсэг болж болдог бөгөөд үүнийг “тонуулыг хууль өөгшүүлэх явдал” гэж нэрлэдэг.
Тэгвэл хуульчлагдсан тонуулыг хэрхэн олж мэдэх вэ?
Зохиолчийн маань дурдсанаар бол:
“Энэ нь туйлын хялбар. Хууль нэг хүний эд хошлыг нөгөө хүмүүст өгч байна уу үгүй юу гэдгийг хараад үз дээ. Хууль нэг хүнийг гэмт хэрэг үйлдүүлэлгүйгээр нөгөө иргэний хүч хөдөлмөрөөр тэтгээд байна уу үгүй юу гэдгийг хараад үз дээ. Тэгвэл энэ хуулийг цаг алдалгүй устга. Яагаад гэвэл энэ нь өөрөө зөвхөн бусармаг зүйл төдий биш харин бусдыг шийтгүүлэхэд уриалан дуудаж ирээдүйн бусармаг зүйлийг тэтгэх хөрс болж байгаагийнх нь хувьд даруй устгах шаардлагатай”
Хууль нь өөрийн гүйцэтгэх үүргээсээ хэт халин гарч, эсрэг чиглэлд үйлчилж эхлээд буй тохиолдол тун олон. Хэн нэгний эд хөрөнгө, ажил хөдөлмөрөөс өөр нэг хүн үндэслэлгүйгээр ашиг хонжоо хүртэхээс авахуулаад л энэ бүхэн үүсэн бий болдог.
Сэтгүүлч М.Анужин
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх