Ярианы чадвар нь сонирхолтой зүйлийг уйтгартай, уйтгартай зүйлийг сонирхолтой ч болгож чаддаг билээ. Хүн бүрийн ааш зан өөр ч энгийн харилцаанд цэгцтэй ярьж өөрийгөө ойлгуулах, бусадтай ойлголцох гэдэг маш чухал. Чухам яаж ярианы чадвараа сайжруулж, бусадтай хэрхэн харилцах талаар тусгай техникүүдийг Окамото Жүнкогын “Дэлхийн хамгийн шилдэг ярих техник” багтаасан байдаг. Тэгвэл контент бүтээгч Г.Бөридэм эл номыг эх хэлнээ орчуулсан нь худалдаанд гарсан цагаасаа долоо хоногийн бестселлер ном болоод буй. Burii university юүтүб сувгийн контент бүтээгч Г.Бөридэм багадаа ярианы чадвар тааруу байсан ч эдгээр аргуудыг өөртөө дадуулан контент бүтээж эхэлжээ. Ингээд “Дэлхийн хамгийн шилдэг ярих техник” номыг хураангуйлан уншигч танд хүргэе.
Дуу хоолой
Нэг хоолойны өнгөөр ярих нь уйтгартай байдагтай хүн бүхэн санал нийлнэ. Эсрэгээрээ хоолойны өнгөө чангалж, суллаж, хурдан, удаан ярьдаг хүн бусдын анхаарлыг татаж чаддаг. Юу ярихаасаа шалтгаалаад өргөлт, бууралтыг ашигла. Хамгийн чухал зүйлээ хамгийн зөөлөн хэл эсвэл хамгийн чухал зүйлээ илүү хүчтэй хэл.
Ярих гэдэг өөрийн өнцгөөс харах биш
Харилцан яриа гэдэг бол мэдээллийг дамжуулж буй болон хүлээж авч буй талын ойлголцол. Харилцан ярилцаж байгаа тохиолдолд нөгөө хүнийхээ оронд өөрийгөө тавьж үзэн мэдэрч ярихыг хичээвэл хоёр талын яриа бие биенээ ойлгоход тусалдаг. Харилцан яриа гэдэг юу ярихаас илүү ямар сэтгэгдэл төрүүлж үлдэх вэ? гэдэгт хамаардаг ойлголт.
Би биш бид гэж ярих
Үргэлж “Би ингэж бодож байна. Би ийм байдалтай байна, миний бодлоор”зэрэг өөрийн өнцгөөс ярилгүй бид гэж ярих. ”Бид бусдыг хүндэтгэн харилцах хэрэгтэй, бид амархан гомддог, бид амьтдыг хайрлах хэрэгтэй.” гэх мэтчилэн бид төвтэй яриа нь хамтдаа хийе бүтээе гэсэн төлөвийг илтгэдэг.
Өмнө нь-Дараа нь-Төгсгөлд
Энэ дарааллаар юмсыг яривал цэгцтэй ойлгогдохоос гадна хүний сонирхлыг татдаг. Жишээ нь “Би бизнес эрхэлдэг. Миний бизнес одоо амжилттай байгаа учраас та нарт хэрхэн бизнес хийх талаар зөвлөе.” гэх албаны мэт ярианы оронд “Би өмнө нь бизнес хийх ямар ч туршлагагүй байлаа.Олон удаа бүтэлгүйтсэн. Гэхдээ дахин дахин оролдсоны эцэст амжилттай болж миний бизнес биш манай компанийн бизнес болж чадсан. Тиймээс та нарт зөвлөмж хүргэе.” гэвэл хүний сонирхол татагдана.
Мэдрэх-Хүндэтгэх-Хүлээн зөвшөөрөх-Үнэлэх
Хүний яриаг сонсохдоо нөгөө хүний санаа бодлыг мэдрэн ойлгож, хүндэтгэж буйгаа илэрхийлэх нь таатай нөхцөл байдлыг бүрдүүлэхэд хөтөлдөг. Цаашлаад ярианаас “Та энэ бүхнийг хийх гэж их хичээсэн байх даа. Тууштай юм аа.” гэх зэрэг сайн талыг нь олж харсан зүйлүүдээ хэлж хүлээн зөвшөөрүүлэх. Мөн үнэнийг хэлж зөвөөр харилцагчаа үнэлэх нь ярианы чухал чадвар юм.
Дүгнэлт болон жишээг хослуулах
Бид кино үзээд хурдан мартдаггүйн шалтгаан бол сонирхолтой түүхтэй бас дүгнэсэн сургамж үлдээдэг учир бидний сэтгэлд хоногшиж үлддэг. Бусдад өөрийн сонирхолтой зүйлээ ярих гээд учраа нэг л олж өгөхгүй байвал Дүгнэлт-Учир шалтгаан-Жишээ-Дүгнэлт гэх дарааллаар өөрийн санаагаа илэрхийлбэл оновчтой. Жишээ нь: “Бид хүчтэй байх хэрэгтэй. Учир нь амьдралд юу ч тохиолдож мэднэ. Чи өнөөдөр хайртай хүнээсээ саллаа гээд бүх зүйл сүйрсэн юм шиг хандах нь утгагүй. Тиймээс л хүчтэй байх хэрэгтэй.” гэх дадахад хялбар энгийн дараалал.
Нөгөө хүнээ ойлгох
Өөрөө яриад дараа нь танд ч гэсэн тийм байдаг биз дээ?, Яг ийм үе байдаг тийм биз?, гэхдээ зүгээрээ хамтдаа суралцъя.” гэсэн тухайн хүн болон өөрийнхөө тухай хамтад нь агуулсан маягаар яривал хүмүүс таны яриаг тааламжтайгаар сонсох болно. Мөн “Яриаг минь сонсдогт талархдаг шүү,баярлалаа.” гэж талархал болон мэдрэмжээ бишүүрхэлгүй хэлж байгаарай.
Тоо баримттай ярих
Мэдээ мэдээллийг тоо баримттай ярьвал илүү сонирхолтой болно. Эссэ бичихэд баримт, жишээ ямар чухал байдаг билээ яг түүнтэй адил. Жишээ нь “Шинэ жилийн хямдрал зарлалаа. Бүх бараа 50% хямдарч байна.” гэх энгийн жишээнээс харахад тоон дээр ач холбогдол өгч хүмүүсийн сонирхлыг татах гэсэн маркетинг юм.
Эх сурвалж: “Дэлхийн хамгийн шилдэг ярих техник” ном
Д.Дөлгөөн
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх