Ганцаардал бол жам ёсны мэдрэмж. Бүгд л сэтгэл зүйн хувьд их, бага аль нэг хэмжээгээр энэ мэдрэмжийг хүлээж авдаг. Зарим нь олон хүнтэй газар байхдаа хүртэл нэг л гэрэвшингүй байж ганцаараа байхыг илүүд үзэх нь бий. Тэгвэл энэ мэдрэмжийг сэтгэлдээ мэдэрч буй бол дараах зургаан зөвлөгөөг танд хүргүүлье.
1. Бүрэн мэдэрч, хүлээн зөвшөөрөх
Сүүлийн жилүүдэд бид сэтгэл гутрал болоод ганцаардлын тухай их ярих болсон. Ганцаараа байна гэдэг нь сул дорой, найз нөхөдгүй хүнийг илтгэхгүй. Тиймээс та эдгээр өдрүүдэд энэ мэдрэмжийг илүүтэй мэдэрч буй бол туулж буй зүйлээ үгүйсгэлгүй харин бүрэн мэдрэхийг хичээгээрэй. Мөн удаан хугацаанд ийм байдалд байхгүйн тулд хүлээн зөвшөөрснийхөө дараа өөртөө бага зэрэг шүүмжлэлтэй хандан, хэрхэн шийдэж, урагшлах талаар эргэцүүл.
2. Нийгмийн харилцаанд өөрийгөө идэвхжүүлэх төлөвлөгөө гаргах
Амьдралын өдөр тутмын үйл явдлууд нэг л төвөгтэй санагдаж байнга л энэ болохгүй, тэр болохгүй, яана даа гэх цөхөрсөн хандлага гаргах болсон юм биш биз. Тэгвэл энэ уйтай нөхцөл байдлаас ангижрахын тулд дотны найз эс бөгөөс зүгээр л ярилцахыг хүсдэг хүнтэйгээ болзоот цаг товлоорой. Үргэлж асуудлыг ярихаас илүүтэй өдрийг хөгжилтэй өнгөрөөх, амьдралын өчүүхэн жижиг зүйлээс ч гэрэл гэгээг мэдрэх боломжийг өөртөө олго.
3. Тогтмол харилцах дотны нэгэнтэй холбоо тогтоох
Хамт байх нэгэн бий гэх тэр халуун дулаан мэдрэмжийг үлдээх нэгэнтэй аль болох ойр байхыг эрмэлз. Байнгын харилцаа холбоо, алсуур нэгнээ мэдрэх, хуваалцах, хөндүүр орон зайг тань анагаах нэгэн бий гэдгийг мэдрэх нь амьдралыг илүү баяр баясалтай болгоно.
4. Жаргалтай болгодог зүйлээ тултал хийх
Та юунаас хамгийн их тайвшралыг, сэтгэл тэнийлгэх баяр баяслыг мэдэрдэг вэ? Энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хэрэв хариултаа олсон бол сонирхол нэг хүмүүсийн бүлгэмд элсэхийг зөвлөе. Учир нь ижил сонирхолтой хүмүүс нэгнээ илүү сайн ойлгож, хамт буй цаг хугацаагаа утга учиртай өнгөрүүлдэг.
5. Шинэ зүйлийг туршиж үзэх
Ганцаараа байх нь нэг талаас өөрийгөө хөгжүүлэх үнэт боломж юм. Олон хүнтэй хамт байх нь өөртөө бүрэн төвлөрөх цагийг багасгаж гадны хүчин зүйлд санаа чилээхэд хүргэх нь цөөнгүй. Тиймээс та ганцаараа байхыг илүүд үзэж буй бол энэ цаг хугацааг үр дүнтэй зарцуулаарай. Та шинэ хэл сурахыг хүсэж байна уу эсвэл компьютерын программ дээр ажиллаж сурмаар байна уу, эсвэл шинэхэн хоббиныхоо эрэлд гарч олон зүйлийг туршиж үзэж болох юм. Эдгээр жижиг үйлдэл бүр таны өөртөө итгэх итгэлийг нэмж, сэтгэл ханамжийг мэдрүүлнэ.
6. Бусдад гар сунгах
Бусдад туслах нь сэтгэл санааг мэдэгдэхүйц сайжруулдаг болохыг олон судалгаанаас харж болно. Тиймээс та өөрийн хүслээр сайн дурын ажлыг эхлүүлж эсвэл эдгээр бүлгэмүүдэд элсэж болох юм. Энэ нь бусадтай тогтмол харилцаа тогтоох хөшүүрэг болно.
Эх сурвалж: Self.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх