Тасралтгүй урагшилдаг идэвхтэй хүмүүс эдгээр 8 дадлыг хэрэгжүүлдэг


О.Батхишиг | YOLO.MN
2023-12-23

Өдөр тутмын зуршил,  амжилт хоёр хоорондоо нягт холбоотой. Бидний өдөр тутамдаа хийдэг жижиг үйлдлүүд цаг хугацааны явцад амьдралын асар том ахиц болж хувирдаг.  Амьдралдаа байнга ахиц дэвшил гаргадаг хүмүүс нийтлэг зүйлтэй. Тэгвэл  тасралтгүй урагшилдаг хүмүүс өдөр тутам эдгээр 8 дадал зуршлыг байнга хэрэгжүүлдэг аж.  

Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх 

Тэд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдгийн дээр дасан зохицож чаддаг. Амьдралд тодорхойгүй, гэнэтийн зүйл дэндүү олон. Нэгээс нөгөө рүү шилжих явц, ажил сургуулийн өөрчлөлт, өөрийгөө сорьсон уралдаан тэмцээн, шинэ зүйлийг туршиж эхлүүлэх бүрд хүн хоорондын болоод давагдашгүй олон хүчин зүйл тулгарна. Энэ үед би чадахгүй, энэ миний хийх зүйл биш зэргээр нөхцөл байдлыг гутранги сэтгэхүйгээр хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Харин юутай ч нүүр тулсан бай ард нь гарч өөртөө алга таших хэрэгтэй. Юмс үргэлж ээдрээтэй байдаг шүү дээ.    

Тогтмол эргэцүүлэх 

Бидний хамгийн их хэрэгжүүлдэг атлаа хэзээд нарийн нягт хийдэггүй ухамсрын үйлдэл бол эргэцүүлэх юм. Алдаа оноо, авир үйлдэл, харилцаа хандлага, ололт туршлага зэргээ нарийн тунгааж сурах хэрэгтэй. Орой бүр унтахынхаа өмнө өдрийн тэмдэглэлдээ юу сайн болсон, юу нь болохгүй байсан, энэ бүхний тухайд юу мэдэрсэн талаар бичихэд ердөө 10 минут зарцуулна шүү дээ. Ердийн бодлоос илүүтэй түүнийгээ цааснаа мэдэрч буулгах нь хэтдээ чамбай нэгэн болох суурь болох төдийгүй амьдралдаа сэтгэл дүүрэн байхад нөлөөлнө.  

Эрүүл мэндийг нэн тэргүүнд  

Амжилттай гялалзсан нэгэн байна гэдэг зөвхөн ажил, хичээлийн ололт, санхүүгийн хараат бус байдлаар хязгаарлагдахгүй. Ихэнх хүмүүс хэт улайран хичээнгүйлэн ажиллаж, суралцахдаа эрүүл мэндээ гээж орхидог. Угтаа амьдралд тулгарах ээдрээт сорилтуудыг даван туулах хамгийн том хүч бол таны биеийн болоод, оюун санааны эрүүл хүчирхэг байдал шүү дээ.   

Тасралтгүй суралцах 

Амьдралын идэвхтэй хүмүүсийн хамгийн хүчирхэг зэвсэг бол тасралтгүй суралцах хандлага мөн. Мэдлэг, ур чадвар бол динамик шинж чанартай. Тиймээс оюунаа тогтмол цэнэглэж ном уншин, сургалт хөтөлбөрт хамрагдаж, суралцахуйц нэгнээс зөвлөгөө аван өөрийгөө үргэлж хөгжүүл. Тухтай бүсээ тайлж, өөрийн дутмаг чадваруудаа мэдрэх нь уналт мэт боловч угтаа урагшлах хүч юм шүү. Тасралтгүй суралцахын нэг сайн тал нь өөрийгөө шинэ мэдээллээр баяжуулаад зогсохгүй оюун ухаанаа идэвхжүүлж, үзэл бодлоо төлөвшүүлэхэд чиглэдэг.  

Зорилгоо тодорхойлох 

Тэд өөрсдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг чиглэл, зорилготой байх хүчийг ойлгодог. Зорилгоо тодорхойлох нь зөвхөн юунд хүрэхийг хүсэж буйгаа мэдэх хэрэг бус алс хэтийн мөрөөдлөө жижиг хүчээр гүйцэлдүүлэхийн нэр. Зорилго тодорхойлно гэдэг нэг өдөр, долоо хоног, нэг сараар хийх зүйлээ тухайлан жагсааж өөртөө хэт дарамт учруулахын нэр бус алхам бүртээ өөрийгөө чиглүүлэх юм. 

Талархаж сурах 

Талархана гэдэг амьдралыг үзэх таны хараанд гэрэл нэмэх хөдөлгүүр мөн. Өөрт буй давуу талаа хэт дөвийлгөж эс бөгөөс дод үзэлгүй мэдэрч үнэлэх хэрэгтэй. Өглөөний нарны дулаан илч, шаргал туяа, танихгүй нэгний хэлсэн дулаахан үг, чадахгүйгээ мэдэж суралцаж буй өөртөө, бүтэн амьсгалж байгаадаа хүртэл талархалтай хандаарай.  Талархаж сурах нь эерэг хүч, тэсвэр хатуужлыг хүнд төлөвшүүлдэг.   

Харилцаа холбоо тогтоох 

Ахицтай амьдралыг чухалчилдаг хүмүүс бусадтай хүчтэй, утга учиртай харилцааг тогтоож чаддаг. Тэд бусадтай холбогдож тэднийг сонсож ойлгон, боломжтой үед тусалдаг. Гэр бүл, найзуудтайгаа ойр дотно харилцаатай байх, мэргэжлийн хүчтэй сүлжээг бий болгох, эсвэл танихгүй хүмүүст эелдэг харьцах эсэхээс үл хамааран харилцан үйлчлэл бүр нь суралцах, өсч хөгжих, амьдралдаа урагшлах боломж юм. Тиймээс харилцаандаа хөрөнгө оруулалт хийж заншаарай. 

Өөртөө итгэх 

Эдгээр бүх зуршлын гол цөм нь өөртөө итгэх явдал.Энэ бол бусад бүх зуршлыг бий болгодог тулгын чулуу юм. Өөртөө итгэх нь хэт их итгэлтэй байх эсвэл алдаа дутагдлаа үл тоомсорлох явдал биш. Энэ нь өөрийн давуу болон сул талуудыг хүлээн зөвшөөрч, өсөж дэвжих, амжилтад хүрэх чадварт итгэхийг сонгох явдал юм. Өөртөө итгэх итгэлгүйгээр хэчнээн сайн зуршлуудыг хөгжүүлсэн ч бэрхшээл, шүүмжлэлд амархан автдаг. Гэхдээ та өөртөө итгэвэл өөрийнхөө хамгийн том хөгжөөн дэмжигч болно.Та бэрхшээлийг даван туулж, боломжуудыг ашиглаж, замд тань тохиолдсон саад бэрхшээлийг үл харгалзан урагш тэмүүлж сурдаг. 

  

 

#нийтлэл