М.Анужин: Нэг зүйл л ойлгочихвол түүнтэй холбогдолтой бүхэн анхаарлыг минь татаж, гүнзгийрүүлж судлахыг хичээдэг


Tomujin Academy | YOLO.MN
2023-12-04

Yolo.mn дэлхийн топ их дээд сургуульд тэтгэлэгтэй тэнцсэн, олон улсын хөтөлбөрүүдэд хамрагдсан сурагчдыг онцлон хүргэж буй билээ. Энэ удаа АНУ-ын Иелийн Их Сургуулийн зуны хөтөлбөрт хамрагдсан М.Анужинтай ярилцлаа.  

YOLO:Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу? 

-Сайн байна уу? Намайг Анужин гэдэг. Томужин Алтернатив сургуулийн арванхоёрдугаар дугаар ангийн сурагч. 

YOLO:“Yale University”–ийн зуны хөтөлбөрт хамрагдсанд нь баяр хүргэе. Хөтөлбөрийнхөө талаар хуваалцвал? 

 Анх арваннэгдүгээр ангидаа их сургуулийн талаар судалгаа хийхэд “Yale University” надад нэлээн таалагдсан. Тийм болохоор мэдээллүүдийг нь судалж, тогтмол уншдаг болсон. Харин инстаграмм хуудаснаас нь зуны хөтөлбөрийн талаар олж мэдэн өргөдлөө илгээхээр шийдсэн дээ. Хөтөлбөрт материалаа бэлдэх нь их сургуульд өргөдөл илгээх процессын жижиг хувилбар шиг санагдсан. Өргөдлөө явуулахад дүнгийн хуулбар, эсээнүүд, багшийн тодорхойлох захидал, хэлний оноо шаардлагатай. Гэхдээ хэлний оноо тийм ч чухал биш.

Би тэр үед хэлний оноо аваагүй байсан. Гэхдээ энэ хөтөлбөрт заавал хамрагдах юм сан гэж боддог байлаа. Ийн өргөдлөө илгээн арванхоёрдугаар сард тэнцсэн хариу авсан.  Зуны хөтөлбөр зургаан сард эхлэж хоёр долоо хоногийн хугацаанд эрчимжүүлсэн байдлаар суралцуулдаг. Хөтөлбөрт хамрагдсанаар нэгдүгээрт, дэлхийн улс орны олон янзын хүүхдүүдтэй нэг газар уулзан, туршлага солилцох боломж олдсон. Хоёрдугаарт, өөрийн сонирхдог академик чиглэлээр гүнзгийрүүлэн  судлах боломжтой. “Yale”-ийн төгсөгчид, сурагчид, профессорууд лекц ордог учир ярилцаж, мэдэхгүй зүйлээ сурах боломжтой. Гуравдугаарт, амрангаа сургуульд суралцах ямар байдгийг мэдэн бага зэргийн туршлагатай болсон болохоор дараа нь их сургуулиудад өргөдлөө илгээхдээ  барьцтай үлдсэн дээ. 

Welcome | Yale Young Global Scholars

YOLO:Хөтөлбөрт хамрагдаж байх хугацаанд нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг байсан бэ? 

Өглөө 7:30 минутаас эхлэн орой 21:30 минут хүртэл хөтөлбөр үргэлжилнэ.  Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг “Family time” буюу нэг гэр бүл болгон хуваадаг. Би улс төр, эдийн засаг, хуулийн хөтөлбөрт нь багтсан.  Нэг бүлэг арван хүүхэдтэй. Бүлгийн хүүхдүүд нэгнээсээ асуулт асуух байдлаар хоорондоо танилцана. Дараа нь Иелийн профессорууд лекц орно.  Үдийн цайны дараа чөлөөт цаг учир улс улсын хүүхдүүдтэй танилцан  сонгосон хичээл, өөрсдийн өв соёлын талаар ярилцдаг.

Үүний дараа үдээс хойш  семинартаа сууна даа. Том дугуй ширээг арвуулаа тойрч суун  нэг нэгээрээ самбарт сэдвийн хүрээнд өөрийн бодлоо бичиж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Оройн хоолны дараа төсөл дээр ажиллана. Томүжинд төсөл хэрэгжүүлж байсан нь хөтөлбөрт хамрагдахад давуу тал болсон. Бид төслийн хүрээнд сонирхсон чиглэлээр  асуудлыг тодорхойлж, судалгааны ажил хийн,  шийдэл олж сүүлийн долоо хоногтоо танилцуулсан.  

YOLO:Ямар төсөл хэрэгжүүлсэн бэ? 

Төслүүд нь дотроо улс төр, эдийн засаг, хууль гэж салбарлана. Хууль л гэхэд засаглал, бодлого хэрэгжилт гэдэг ч юм уу хэд хэдэн болж хуваагддаг. Би хууль засаглалын хэсэгт багтсан. Манай төсөл Америкийн сургуулиудын прогрессив татварын бодлого руу чиглэсэн. Сургуулиудын байршилтай холбоотой татварын бодлогоос үүдэн тэгш бус байдал даамжирсан. Бид энэ талаар судалж хуулийн заалт, татварын зохицуулалт, бодлого талаас нь судалсан. 

YOLOХөтөлбөрт өргөдлөө илгээхдээ юун дээр илүү анхаарсан бэ? 

- Ямартай ч өргөдлөө явуулаад л үзье л гэж бодсон.  Өндөр хүлээлт тавиагүй. Учир нь нэгдүгээрт, хэлний оноотой олон хүүхэд бий.  Миний хувьд хэлний оноо, олон улсын хөтөлбөрт хамрагдсан туршлага байхгүй учир академик талаасаа хүчтэй өргөдөл илгээгээгүй.  Тийм учраас би хүмүүсийн тодорхойлдог шиг амжилттай, шилдэг сурагч мэтээр профайл үүсгэхийг хүсээгүй. Тэдэнд аль болох олон шагналтай, мундаг гэдгээ харуулахаас илүүтэй үнэхээр энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсэж буйгаа, хөтөлбөрт хамрагдсаны дараа түүнээс олж авсан зүйлээ ашиглаж хэргийг нь гаргаж чадна гэдгээ харуулахыг зорьсон. Мөн эсээн дээрээ ач холбогдол өгсөн.  

YOLOЭсээнд дээрээ хэрхэн ажилласан бэ? Юуг илүү анхаарав? 

Өргөдөл хүлээж авах хугацаа арваннэгдүгээр сарын нэгэнд дуусдаг. Харин би  аравдугаар сарын 24-өөс бэлдэж эхэлсэн. Өмнө нь эсээнийхээ асуултуудыг ерөнхийдөө харчихсан, юу бичих ёстой гэдгээ дотроо л бодож байснаас биш  бичиж эхлээгүй. Эрт бичиж эхлэхгүй яавдаа гэж үнэхээр их харамссан. Би эсээндээ юу сурахыг хүсэж буйгаа буулгасан. Би ийм юманд дуртай, тийм зүйлд сонирхолтой гэхээс илүүтэй дуртай учраас би ийм зүйл хийсэн, хиймээр байна гэж бичсэн дээ.  

YOLO: Сурах арга барилаасаа хуваалцвал?  

Тухай өдрөө аль болох төлөвлөхийг хичээдэг. Болж өгвөл долоо хоногоор хийх зүйлсээ бэлдээд ерөнхийд нь харчихвал амар. Мэдээж төлөвлөсний дагуу байна гэж байхгүй. Гэхдээ календарь дээр зоочихвол цаг цагаар нь ажлаа амжуулахад хялбар байдаг.Үүнийг хийнэ гээд зүгээр жагсаалт гаргачихвал цагийн баримжаагүй болохоор хэцүү. Ер нь би бичиж байж тухайн зүйлээ сайн ойлгодог. Сонссон зүйлээ бичиж тэмдэглэн, ойлгосон зүйлээ хэн нэгэнтэй ярилцвал толгойд илүү үлддэг. Манай сургууль бидэнд өөрсдийн хийсэн, ойлгосон зүйлсээ бусдад хүргэх, дадлага ажил, сайн дурын ажил хийн, цалинтай ажиллах боломжийг есдүгээр ангиас  олгодог. Үүнд оролцоод өөрийнхөө ур чадварыг илүү нээх боломжтой.  Би ч мөн ийн мэдсэн.  

YOLOХэл сурсан туршлагаасаа хуваалцвал? 

 Ахлах ангидаа Томүжин сургуульдаа шилжин суралцсанаар англи хэлийг хэрэглэж илүү сайжирсан. Өмнө нь төдийлөн англи хэлдээ анхаардаггүй байлаа. Харин мэдээллийн эрин зуунд бидэнд шаардлагатай бүх материал ихэвчлэн англи хэл дээр бий. Тийм учраас хэлний мэдлэг их чухал. Цаашдаа хэлээ илүү сайжруулж сурах болохоор хэлээ сурсан гэхээсээ илүүтэй сурч байгаа гэж хэлэх нь зөв байх.  

YOLO: Чөлөөт цагаараа дурлаж хийдэг зүйл бий юу?  

Би хувийн хуудсан дээрээ нийтлэл бичиж оруулдаг. Ихэвчлэн мэргэжилтэй холбоотой зүйлс, бичмээр санагдсан зүйлсээ хуваалцдаг. Миний бичсэн нийтлэл хүнд хүрч байгаа гэдэг утгаараа ойлгомжтой, цэгцтэй бичихийг хичээдэг дээ.  Мэргэжилтэй холбоотой болохоор сонирхолтой санагддаг.  

YOLOИрээдүйгээ хэрхэн төлөвлөж байна вэ? Ямар мэргэжлээр суралцах вэ? 

Би улс төр, хуулийг илүүтэй сонирхож уншдаг. Арванхоёрдугаар ангид ороод улс төр  судлаач болбол өөрт илүү тохирно гэж бодсон. Саяхан хуулийн чиглэлийн томоохон судалгааны төсөлд оролцсоноор энэ бодлоо бататгаж чадсан.  Их сургуульд суралцах хугацаанд өөр олон сонголттой тулгарч магад.  Гэхдээ одоо бол улс төр судлаач л сонирхлыг минь татаж байна.   

YOLO: Тун сонирхолтой мэргэжил байна. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?  

Өмнө нь улс төр гэх нэрээс сүрддэг байсан. Том хүмүүсийн хийдэг ажил, ярьдаг сэдэв, мэддэг зүйл гэх ойлголт хэдийн суучихсан хэрэг.  Гэвч үнэндээ бидний өдөр тутмын амьдралтай хамгийн нягт холбогддог сэдэв шүү дээ. Ингэж бодоход аав минь их нөлөөлсөн. Аав надтай энэ талаар ярилцаж,  энгийнээр тайлбарлаж өгдөг.  Улс төр гэдэг хослол өмссөн том ах нарын  тойрч суугаад алх цохидог газар биш, хүн бүр оролцоотой байх ёстой чухал зүйл болохыг ингэж л  ойлгож авсан даа. Би  нэг  зүйл ойлгочихвол түүнтэй холбогдолтой бүхэн анхаарлыг минь татаж, илүү уншиж гүнзгийрүүлж судлахыг хичээдэг. Тийм болохоор барьж авах тогтсон асуудлаас илүүтэй нийтээрээ асуудалд анхаарал хандуулдаг байгаасай гэж хүсэж байна. Нийгэмд асуудал гэдэг зүйл мөнхийн байсаар л байна. Түгжрэл, утаа, авлига бол гэнэт алга болоод,  цэг тавьчих зүйл биш. Урт хугацаанд үргэлжлэх энэ мэт асуудалд хамгийн чухал зүйл нь том хүмүүсээс гадна арван жилийн сурагчийн ч гэсэн үзэл бодол чухал. Дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй шүү дээ.  

YOLOСурах явц, мэргэжил сонголтод тань сургуулийн зүгээс хэрхэн нөлөөлдөг вэ? 

Томүжинд “House систем” гэж байдаг. “House систем” нь дотроо найман хаустай. Хаусаа удирдах, чиглүүлж явах гурван хүн бий. Мөн сурагчид өөрсдөө клуб нээх боломжтой. Ес, аравдугаар ангид дадлага хийхийг санал болгодог. Анх би яг  энэнд л дуртай гэхээс илүүтэй, олон зүйлийг сонирхож өөрийгөө сорьдог байсан. Маркетингийн менежерээр хүртэл ажиллаж үзсэн. Сургууль маань хүүхэд өөрөө өөрийгөө олох тэр бүх боломжоор бүрэн хангадаг. 

YOLOСуралцах хугацаандаа бүтээсэн хамгийн гоё дурсамжаасаа хуваалцвал? 

Сургуулийн зохион байгуулж буй үйл ажиллагаа бүр маш нандин дурсамж болж үлддэг. Наймдугаар сарын сүүлийн долоо хоног сургууль хөл хөдөлгөөн орж, хүүхдүүд бужигнан шинээр элсэгчидтэйгээ танилцан эргэх холбоо үүсгэдэг. Энэ л хамгийн гоё. 

Ярилцсанд баярлалаа. Сурах үйлсэд тань амжилт хүсэе.  

 

 

#нийтлэл