ХҮҮХДИЙН ЭРХ зөрчигдсөөр байгааг сануулсан ГЭРЭЛ ЗУРГИЙН үзэсгэлэнг нээлээ


Үжин | YOLO.MN
2017-01-11

Хүүхдийн эрхийн асуудлыг гэрэл зургийн хэлээр олон нийтэд ойлгуулах, анхааралд нь авчрах зорилготой “Зэрэгцээ ертөнц” үзэсгэлэн өнөөдөр UB Art Gallery-д нээлт нь боллоо. “Лантуун дохио” ТББ, Тусгал гэрэл зургийн клубүүд хамтарсан уг үзэсгэлэнд хүүхдийн эрхтэй холбоотой ноцтой баримтат зургуудыг харуулжээ.

Тухайлбал, гэртээ цоожтой үлддэг, хог түүдэг, гуйлга гуйдаг хүүхдүүд, өвлийн өвөөгөөс бэлэг аваад баярлаж байгаа хүүхдүүдийн зургуудыг дэлгэсэн байна. Үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх юм.

“Лантуун дохио” ТББ-ыг санаачлагч Ч. Ганжавхлан “Хүчирхийлэлд эдийн засгийн байдал хамаарахгүй. Тухайн хүний хандлагаас хамаарна. Өнөөдөр хамгийн их гэмт хэрэг гардаг СХД-ийн 26 дугаар хороо, чинээлэг хүмүүс амьдардаг гэх Зайсанд ч адил хүчирхийлэл гарч байгааг гэрэл зургаар харуулахыг хүссэн.

Манай байгууллага цаашид “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төслийг санаачлан СХД-ийн Баянхошуу, Зүүн салааны гурван хорооны уулзвар газарт гурван айлын газрыг худалдан авч хүүхдийн төлөө цогц байгууламжийг байгуулахаар ажиллаж байна” хэмээн ярилаа.

“Лантуун дохио” төрийн бус байгууллагад Америкийн жирийн иргэд өдрийн нэг доллар сард 4200 доллар хандивладаг гэнэ. Одоо  өргөжиж гадаадад суугаа Монгол иргэд мөнгө хандивлах болжээ. Тус байгууллагад оюутнууд сайн дураараа ажилладаг байна.

МУБИС-ийн сэтгэл судлалын ангийн оюутан Б. Аззаяа “Эрх нь зөрчигдөж байгаа хүүхдийн асуудалд би их эмзэглэдэг. Энэ байдал өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна. 1000 хүүхэд баярлуулахад тэднээс авах энерги, тэдний өмнөөс баярлах тэр мэдрэмж л сайхан байдаг” гэж сэтгэлээ хуваалцсан юм.





















#photography #teenagers