"Ирээдүйн сэтгүүлчдийг одооноос чадавхжуулъя" төслийг амжилттай хэрэгжүүллээ


YOLO.mn | YOLO.MN
2023-11-21

Сэтгүүлзүйн салбарт чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, ирээдүйн ёс зүйтэй, мэдлэгтэй сэтгүүлчийг бий болгоход салбарын мэргэжилтнүүдийн үнэт зөвлөгөө, туршлага хуваалцах үйл ажиллагаа ихээхэн чухал билээ. 

АНУ-ын олон улсын зочин манлайллын хөтөлбөрийн /International Visitor Leadership Program-IVLP/ хүрээнд зохион байгуулсан "Ирээдүйн сэтгүүлчдийг одооноос чадавхжуулъя" төслийг амжилттай хэрэгжүүллээ.  Төслийн хүрээнд дараах гурван үйл ажиллагааг зохион байгуулжээ. 

Оюутнуудад зориулсан воркшоп зохион байгууллаа

Төслийн эхний шатанд сэтгүүлч мэргэжлээр сурч буй оюутан залуус, залуу сэтгүүлчдэд худал мэдээллийг хэрхэн нягтлах, ташаа мэдээллийг хүргэхгүй байхад хэрхэн анхаарах болон их дээд сургалтын хөтөлбөрт төдийлөн нарийн багтаагүй сэтгүүл зүйн зарим сэдвийн сургалтыг салбарын мэргэжилтнүүдийн яриа, хэлэлцүүлэг дор зохион байгууллаа. Тодруулбал,  

  • FactCheck.mn сайтын үүсгэн байгуулагч, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн захирал Ц.Тамир “Худал мэдээллийг таних, нягтлах Fact-checking аргууд”  
  • Gogo.mn сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн “Редакцийн ёс зүй, бодлого, стандарт” 
  • Gogo.mn сайтын сэтгүүлч Б.Нямдарь “Худал мэдээллийн төрлүүд, АНУ-ын хэвлэл мэдээллийн туршлагаас хуваалъя” сэдвээр тус тус мэдлэг олгожээ.  

Семинарын дараагийн хэсэгт “Монголын сэтгүүлзүйн салбарт худал мэдээллийн эсрэг авч буй арга хэмжээ, туршлагууд, цаашид хэрэгжүүлж болох арга хэмжээ” сэдэвт панел хэлэлцүүлгийг дараах панелистуудыг хамруулан зохион байгууллаа. 

  • Д.Дагиймаа /ХИС-ийн Сэтгүүл зүй, Медиа тэнхимийн эрхлэгч Доктор (PH.D) Профессор/ 
  • Д.Идэржаргал /МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, Доктор (Ph.D)/ 
  • Ц.Тамир /FactCheck.mn сайтын үүсгэн байгуулагч/ 
  • Р.Адъяасүрэн /Gogo.mn сайтын Ерөнхий редактор/ 
  • Түшигт-Эрдэнэ /Unread сайтын Ерөнхий редактор/ 

Хэвлэл мэдээллийн редакциудаар зочиллоо

Төслийн хоёр дахь шатанд сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд Монголын хэвлэл мэдээллийн салбарын томоохон редакциуд болох GoGo.mn, NTV, Unread-ийн оффист зочилж, тэдний үйл ажиллагаатай биечлэн танилцахын сацуу худал мэдээллийн эсрэг хэрхэн ажилладаг, мэдээ мэдээллээ хэрхэн тэнцвэртэйгээр хүргэдэг талаарх мэдлэгийг хуримтлуулахаас гадна танилцах аяллын үеэр оюутнууд NTV телевизийн мэдээний студид бяцхан дадлага хийж мэдээ уншиж үзсэн юм. 

 

Төслийн төгсгөлийн шатанд оюутнууд баг болж одоо сургуульдаа үзэж буй хөтөлбөр болон төслийн өмнөх хоёр шатнаас сурсан мэдлэгийнхээ хүрээнд өрсөлдсөн юм. Энэхүү төсөлд Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнууд, СУИС-ийн дэргэдэх Сэтгүүл зүйн “Бадмаараг” ахлах сургуулийн сурагчид гээд давхардсан тоогоор нийт 114 оюутан, хүүхэд залуус оролцож мэдлэгээ зузаатгаж, ирээдүйн чадварлаг сэтгүүлч болоход багагүй хувь нэмрээ орууллаа.  

Төслийн тухай товчхон: 

Gogo.mn сайтын сэтгүүлч Б.Нямдарь 2022 онд АНУ-аас зохион байгуулдаг сэтгүүлчдэд зориулсан IVLP хөтөлбөрт хамрагдсан ба энэ хүрээнд сурсан зүйлсээ олон нийт, нийгэмдээ хуваалцах төслийн уралдаанд түүний санаачилсан "Ирээдүйн сэтгүүлчдийг одооноос чадавхжуулъя" төсөл шалгарч, АНУ-ын 100 хувь санхүүжилтээр хэрэгжүүлжээ.  

 Төсөлд хамрагдсан оюутнуудын сэтгэгдлээс хүргэж байна.  

“БИД ҮЕИЙНХЭНТЭЙГЭЭ САНАЛ БОДЛОО ХУВААЛЦАЖ, НЭГ НЭГНЭЭСЭЭ СУРАЛЦАЖ БАЙНА”

МУИС-ийн сэтгүүл зүй дөрөвдүгээр түвшний оюутан Г.Хэрлэн: 
Би хөтөлбөрт анх бүртгүүлэхдээ fact checking буюу худал мэдээллийг шалгахтай холбоотой семинар л болно гэж бодсон.  Харин төслийн хүрээнд сэтгүүл зүйн салбарын  нөлөө бүхий хүмүүсийн үнэт зөвлөгөөг сонсож, салбартаа тэргүүлэгч редакцуудаар зочлон туршлага судалж, мэргэжил нэгт оюутнуудтайгаа өрсөлдөж ур чадвараа сорьсон доо маш их баяртай байна. Би эл төсөлд хамрагдснаар худал мэдээллийг таних, нягтлах талаар хичээл дээр үзсэн агуулгаа илүү гүнзгийрүүлж практикт бататгаснаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалт, мэргэжлийн редакцын бодлого зэргийг таньж ойлгосон. Сэтгүүлч болох хүсэлтэй ахлах ангийн сурагчаас эхлээд энэ чиглэлийн их сургуулийн оюутнууд хамрагдаж буй нь онцгой санагдлаа.  Учир нь  дүү нар маань хэрхэн хөгжиж буйг харж, үеийнхэнтэйгээ санал бодлоо хуваалцан нээлттэй харилцаж, нэг нэгнээсээ суралцаж байна. Миний хувьд нэг чиглэлээр дагнан мэргэших хийгээд хэвлэл мэдээллийн аль байгууллагад ажиллавал илүү ирээдүйтэй зэргээ эргэцүүллээ.

“ГУРВАН УДААГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДАРАА ИХИЙГ ЭРГЭЦҮҮЛЭН, ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛЛАА”

СУИС-ийн РТМУС-ийн сэтгүүл зүйн хоёрдугаар түвшний оюутан Д.Батзориг: 
Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад мэргэжлийн чиг өгөх цогц төсөл хөтөлбөр бараг байдаггүй. Би сэтгүүлч болохоор зорьж суралцаж буй учир энэ төсөлд хамрагдсандаа маш их баяртай байна. Гурван удаагийн үйл ажиллагааны дараа ихийг эргэцүүлэн, туршлага хуримтлууллаа. Тэр дундаа худал мэдээллийг нягтлах нарийн аргуудыг мэдэж, ашиглаж сурсандаа баяртай байна. Сэтгүүл зүйн оюутнуудыг мэргэшүүлэх эл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэнд маш их баярлалаа.

“ДОЛОО НЯГТАЛЖ НЭГ ТҮГЭЭНЭ” ГЭДГИЙГ ӨӨРТӨӨ ҮРГЭЛЖ САНУУЛЖ ЧАДВАРЛАГ СЭТГҮҮЛЧ БОЛНО

Хүмүүнлэгийн Ухааны  Их Сургуулийн сэтгүүл зүйн гуравдугаар түвшний оюутан Б.Хонгорзул:
Би "Ирээдүйн сэтгүүлчдэд туршлага хуваалцъя" IVLP төслийн нэг хэсэг болсондоо талархаж байна. Төслийн хүрээнд сурч мэдсэн зүйлээ мэргэжил нэгт дүү нар, найзууддаа цаг үргэлж хуваалцсаар байсан. Тур аяллаар явахдаа телевизэд ажиллахын хүссэний дээр хичээх ёстойгоо ойлгосон. Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудтайгаа хамтарч  мэдээллийг нягталж, бүтээлийн санаа гаргаж богино хугацаад дурсамж, туршлага хоёрыг зэрэг хүртлээ. Би  мэргэжлийн ёс зүйг  эх лжаа хамгаалах, зөв хандлагатай байх гэж ойлгодог байсан бол хөтөлбөрт хамрагдсанаараа үнэн бодит мэдээлэл хүргэх, олж авсан мэдээллээ нягтлах зэрэг  мэргэжлийнхээ үүрэг хариуцлага, үнэт зүйлийг илүүтэй ойлголоо. “Долоо нягталж нэг түгээнэ” гэх үгийг өөртөө үргэлж сануулж чадварлаг сэтгүүлч болох болно.













#мэдээ