Сурах арга барилаа сайжруулахад тань туслах 11 дадал


О.Батхишиг | YOLO.MN
2023-11-01

Суралцах явц хэцүү байж болох ч хэтдээ хүртэх үр жимс нь дэндүү амттай. Хэрвээ хүсэж, зорьж чадах л юм бол хэн ч илүү үр дүнтэй суралцах эрүүл дадлыг хэвшүүлж чадна. Ингээд сурах арга барилаа сайжруулахад тань туслах чухаг дадлыг хүргэе. Хэрэгжүүлээд эхлээрэй. 

Суралцах таатай газрыг сонго

Анхаарал төвлөрөх таатай орчинд хичээллэх нь суралцах явцад эергээр нөлөөлдөг. Аль болох нам гүн, хөндлөнгийн хүмүүс саад болохооргүй дуу чимээ багатай орчныг сонгоорой. Гацалтад орж сурах хэм алдагдсан үед 3-4 байршлыг сольж суун хичээллэх нь мэдээллийг хадгалахад тусалдаг байна.

Анхаарал сарниулах зүйлсийг холтго

Удаах чухал дадлын нэг бол анхаарлыг тань сарниулах зүйлсийг нүдэнд харагдахгүй газар тавих. Утасны дуудлага, интернэт сүлжээгээ хааж гар утсаа өөрөөсөө хол тавиарай. Мөн зорилго ижил найзуудтайгаа хамтдаа төвлөрч суух нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд тусалдаг. 

Завсарлага авах

Хэсэг төвлөрч суусны дараа хором завсарлага авах нь тархийг сэргээж алжаалыг арилгахад эергээр нөлөөлдөг. Судалгаагаар 50 орчим минут ажиллаж хичээллэсний дараа 15-20 минутын завсарлага авах нь бүтээмжийг нэмэгдүүлдэг аж. Завсарлага авах үедээ:

  • Гадаа хэсэг алхаж
  • Сэтгэл сэргээх дуу сонсон
  • Найзтайгаа ярилцаж
  • Сунгалт болоод бясалгал хийн
  • Хөнгөн зууш идэж
  • Шүршүүрт орон
  • Ширээ эсвэл өрөөгөө цэвэрлэн
  • Хичээлийн завсарлагаагаар утсаа ухахгүй байхад анхаараарай.

Давтамжийг чухалчил

Тухайн сэдвийг зөвхөн өнөөдөр л эргүүлж уншаад орхих нь хангалтгүй. Хуанли дээрээ хичээл бүрийг сөхөн санах өдрийг тэмдэглээрэй. Үзсэн сэдвээ эргүүлэн бататгах нь тухайн мэдээлэл тархинд илүү бат суухад тусална.

Хичээл бүрд  зорилгоо тодорхойл

Хичээл бүрийн өмнө би энэ сэдвийг уншиж, энэ хичээлийг үзээд өөртөө юу авч үлдэх талаараа нэг бодоод үзээрэй. Хичээлийг үүрэг даалгавар гэж хүнд санахаас илүүтэй өөртөө үлдээх өгөөж гэх нүдээр харж хэвшивэл сурах процесс дэндүү амттай болно.

Өөрийгөө шагна

Өөртөө тавих жижиг шалгуур түүнд хүрэх бяцхан шагнал нь таны сурах үйлд үлэмж нөлөө үзүүлнэ. Шагналд чихэр, амттай кофе, кино үзэх эрх байсан ч болно. Удаан хугацаагаар хичээллэх эсвэл шалгалтаа дуусгаад өөрийгөө урамшуулж дадаарай

Багаар хамтар

Судалж буй сэдвийн хүрээнд багаараа хамтарч ажиллах нь ойлголтыг нэмэгдүүлэхэд тустай. Учир нь багийн гишүүд хамтран нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдэл дэвшүүлж, цаашлаад мэтгэлцээн өрнүүлж ч болно. Энэ нь хүний тархийг илүү идэвхжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, сурах хүслийг өдөөж өгдөг. Мөн өөрийн ойлголтоо бусдадаа тайлбарлахад өөрийгөө илэрхийлэх чадварт ч тустай. Тиймээс сайн баг бүрдүүлж, үүргээ тэнцүү хуваарилан, нээлттэй яриа өрнүүлээрэй. 

Практикт турших

Туршилт, дадлага нь оюутнуудад сурч мэдэхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг.  Мөн хичээл дээр үзсэн онолын мэдлэгээ бататгаж практикт турших нь ойлголтыг нэмэгдүүлж, мэдээллийг илүү удаан хадгалахад тусалдаг. 

Өөрийнхөө үгээр илэрхийл

Уншиж ойлгон, сурч мэдсэн зүйлсээ өөрийн ойлгосноор илэрхийлэн ярих нь тухайн мэдээлэл танд мэдлэг болж үлдэг түлхүүр нь юм.

Тусламж хүс

Сурах явцад ойлгомжгүй, мэдэхгүй зүйл тааралдвал гацалтад орж цаг хугацаа алдахаас илүүтэй багш, найз нөхөд, мэргэжлийн хүнээс тусламж хүсхийг чухалчлаарай. Мөн google болоод you tube багшаас асууж болно шүү дээ. 

Өөртөө анхаарал тавь

Тархи бол биеийн чухал нэг эрхтэн тул анхаарч халамжлах хэрэгтэй. Тухайлбал тогтмол дасгал хийн, шим тэжээлтэй хоол хүнс идэж, хангалттай нойр аван, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Ихэнх залуучууд шөнийн цагаар сууж сульдаж ядартлаа хичээллэх нь суралцаж буй илрэл гэж эндүү боддог. Гэвч судалгаагаар нойр дутуу байх нь танин мэдэхүйн үйл ажиллагаа буурах,  анхаарал төвлөрөх хугацаа багасдагийг баталсан. Тиймээс сайн унтаж амрах нь аз жаргалын гормоныг ялгаруулж нийгмийн идэвхийг нэмэгдүүлдэг аж. Мөн жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж, ургамлын гаралтай уураг самар зэргийг нэмэлтээр хэрэглээрэй. 

Эх сурвалж:Coursera

#нийтлэл