Худгийн дэргэдэх халаасны цэцэрлэгт хүрээлэн ба Хүн төвтэй хот


О.Батхишиг | YOLO.MN
2023-10-10

1.5 сая хүн амтай Улаанбаатар хотын нийт иргэдийн жар гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Гэвч нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн хотын төвд төвлөрсөн нь их. Манай улс нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг ч эсрэгээрээ ногоон байгууламжийн хэмжээ нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөс хоёр дахин бага буюу 5.1 м2 байна. Энэ нь Нийслэлийн хөгжлийн үнэт зүйлд заасан хүн төвтэй хотын зорилт болох “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, иргэний ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх” гэх заалт хангалттай хэрэгжиж чадахгүй байгаагийн илрэл юм.

Иймд Глобал  Шейперс Улаанбаатар нийгэмлэг, H.O.W архитектур  компани, Гончигсумлаа сан гэх гурван байгууллагын хориод залуус хамтран  “Улаанбаатар төгөл” төслийн хүрээнд халаасны цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж эхэлжээ. 

“Pocket Park” буюу халаасны цэцэрлэгт хүрээлэн нь хотын ашиглагддаггүй нийтийн талбайг хүн төвтэй дизайны аргачлалаар тохижуулж жижиг ногоон төгөл бий болгодог онцлогтой. Төслийн хүрээнд тэд гэр хорооллын бүс дэх нийтийн эзэмшлийн зай талбай, тэр дотроо худгийг  иргэдийн цуглах ногоон байгууламж болгон сайжруулах зорилт тавьжээ.  

Төслийн багийнхан эхний халаасан цэцэрлэгт хүрээлэнгээ БЗД-ийн 31-р хорооны 431-р худаг дээр тохижууллаа. 

Глобал  Шейперс Улаанбаатар нийгэмлэгийн дэд тэргүүн, Улаанбаатар төгөл төслийн ахлах: Э.Тэмүүлэн: Бид ногоон байгууламжийн тооноос илүү хүртээмжид анхаарах шаардлагатай. Гэр хорооллын иргэд ногоон байгууламжид нарлаж суухын тулд хотын төв рүү нэг цаг явж буй нь хүртээмжгүй байгаагийн илрэл. Гэр хороололд ногоон байгууламж хийхээр газар авах их асуудалтай. Тиймээс бид орхигдсон газруудаа сайжруулж эхлэх санаачилгыг гаргасан.

H.O.W архитектур  компанийн хамтран үүсгэн байгуулагч Г. Баттүшиг: Улаанбаатар хот тэр чигтээ ногоон байгууламжийн дутагдалд орчихсон. Иргэд, бизнес эрхлэгчид, төр засаг ногоон байгууламж, хүүхэд, олон нийтийн талбайд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Ихэнх газар хувийн хэвшлийн өмч, авто машины зогсоол болдог. Тиймээс нэг зорилготой залуус хамтран хүн төвтэй хот бий болохын тулд Улаанбаатар төгөл төслийг хэрэгжүүлж байна. 

Иргэд энэ амралтын өдрөөр худаг орчмын халаасны цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. Урьд шороо боссон автомашины зогсоол байсан бол одоо хүүхэд тоглох, нарлах таатай орчин бүрдсэнд талархалтай байгаагаа иргэд хэллээ.

31-р хорооны иргэн С.Цээмаа: Би энэ хороонд таван жил амьдарч байна. Худгийн талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн барьж буйд талархаж байна. Нэгдүгээрт шороо тоосжилтыг багасгаж байна, хоёрдугаарт би яг худгийнхаа дэргэд сургалтын төв ажиллуулдаг. Энэ төвд ирж буй хүүхдүүд шороо тоосгүй, ногоон зүлэгтэй орчинд гадаа гараад тоглоход хүүхдийн сэтгэгдэл маш өндөр байна. Цаашлаад худгаас ус авч буй өндөр настнууд нарлаад сууж байна, орой хүүхдээ салхилуулахаар ирж байна.

“Улаанбаатар Төгөл” төслийн хүрээнд нийслэлийн 400 орчим худгийг халаасны цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөсөн гэв.  

 

 

#мэдээ