Цалингаа авч чадаагүй гэх мэтээр эрхээ зөрчүүлсэн оюутнууд хөдөлмөрийн байцаагч нарт ханддаггүй


Б.Чимэг | YOLO.MN
2023-10-07
Нийслэлийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б. Мөнхбаяр

Ажил хийх хүсэлтэй ч хаанаас ажлын байрны зар хайхаа оюутнууд мэддэггүй. Цахим орчинд “Өндөр цалинтай ажилд оруулна, зуучилна. Яаралтай” гэх мэт баталгаагүй зарууд их. Иймд оюутнуудад аюулгүй ажлын байрны талаар мэдээлэл өгөх өдөрлөг энэ сарын 6-нд МУБИС-ийн төв байранд боллоо.

ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн Б.Алтантулга “Манай улсад ажилгүй байгаа иргэдийн тал нь залуучууд байна. Мөн их дээд сургууль төгсөгчдөөс судалгаа авахад сургуулиа төгссөнөөс хойш гурван жилийн дараа ажилд оржээ. Энэ нь урт хугацаа тул бид энэ хугацааг богиносгоход анхаарч байна.

Дээд боловсрол эзэмшсэн залуусын 40 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй байгаань өндөр тоо юм. Та нар хэдэн жилийн дараа ажлын байранд гарна. Ажил олгогчдоос шинэ ажилтнуудын ур чадварыг хэрхэн дүгнэж байгааг судлахад дипломоос илүүтэй багаар ажиллах, бусадтай харилцах гэх мэт зөөлөн ур чадварыг чухалчилж байна. Иймд та нар мэргэжлийн мэдлэгээ сайн эзэмшихийн сацуу ажил олгогчдын тавьдаг шалгууруудыг одооноос анхаарч, өөрсдийгөө бэлдээрэй. Багш нарын тухайд англи хэлний багш нар хамгийн их эрэлттэймэргэжил боллоо. Англи хэлний багшаар сурч буй оюутнууд IELTS, TOEFL-ийн оноотой байх нь чухал” гэж зөвлөв.

ХНХЯ-наас залуучуудын ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор залуучуудын байгуулсан, гарааны компаниудад буцалтгүй тусламж олгодог. Жишээ нь хурал, уулзалтуудад оролцохдоо нэг удаа ашиглаад хаядаг мандатыг гарын саван болгон ашиглахаар хийдэг гарааны компанид 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Байгаль орчинд ээлтэй, инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү дэмждэг гэв.

Мөн ejob аппликэйшн хөгжүүлж, ажил хайж буй оюутан залуус хийх ажлын байр, байрлал, цалин гэх мэт олон шүүлтүүрээр ажил хайх боломжийг бүрдүүлжээ. 16 мянган оюутан энэ аппликэйшнээр дамжуулан дундын зуучгүйгээр, ажил олгогчтой шууд холбогдон ажилд оржээ. Одоо тус аппликэйшнд 60 мянган нээлттэй ажлын байрны зар бий гэв.  

Нийслэлийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Мөнхбаяр оюутнуудад дараах зөвлөгөөг өгөв:

-Бид 2022 онд 7000 оюутныг ажлын байранд зуучилсан. Энэ онд 4000 орчим оюутныг ажлын байранд зуучиллаа. Цагийн ажлын эрэлт их. 515 ажил олгогч бидэнд ажлын байрны зараа илгээдэг. Оюутнууд бидэнд хандаж, миний эрхийг ингэж зөрчлөө гэсэн гомдол энэ онд өгөөгүй. Энэ нь нэг талаас оюутан-ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн маргаан огт гараагүй юм байна гэж үзэх эерэг үзүүлэлт юм. Нөгөө талаас оюутнууд барилгын ажил хийгээд цалингаа аваагүй гэх мэт ам дамжсан ярианууд гардаг. Тэгэхээр оюутнууд хичээлтэй болоод тэр үү хөдөлмөрийн маргаанаа бидэнд мэдэгдэхгүй байна. Мэдэгдсэн ч цөөн тохиолдол бий. Иймд таны цалин хэдэн төгрөг байсан ч хамаагүй, хөдөлмөрийн эрхийн байцаагч нарт хандаж, оюутнуудын эрхийг зөрчсөн ажил олгогчдыг дор бүр нь мэдээлж байгаарай. Оюутнууд 20-30 мянган төгрөг нэхээд яах вэ гэж орхиж болохгүй” гэв.

Мөн тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийг уншиж, цагийн ажил хийхдээ ч гэрээ заавал байгуулж байхыг онцлов.                  

Нийслэлийн хөдөлмөр халамжийн газар есөн дүүрэгт салбартай. Цагийн ажил хийх хүсэлтэй оюутан залуус эдгээрт болон оршин суугаа хорооныхоо хөдөлмөр халамжийн ажилтнуудаас мэдээлэл авах боломжтой юм байна.        

“Аюулгүй ажлын байр” өдөрлөгийг “Мэддэг мэдээлдэг байя” аяны хүрээнд зохион байгуулав. Энэ аяныг ХНХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, “Монгол контент” компани хамтран хэрэгжүүлж байна. Аяны талаарх мэдээллийг эндээс аваарай.

#ярилцлага