ЗАХИДАЛ: Том хүн болмооргүй байна


ССҮТөв | YOLO.MN
2023-09-22

YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал 1: Багш нар нь нэг л чанга үг хэлхээр дургүй хүрдэг

Би арванхоёрдугаар анги. Арвандолоон настай эрэгтэй. Математик, физиктээ муу учир энэ жил сайжрахыг хүсэж байна. Надад найз гэж бараг байхгүй, би ангидаа нэг ч найзгүй, манай ангынхан нээлттэй хэдий ч би бүрэг. Аравдугаар ангидаа энэ ангийг мат, физикийнх гэж сонгож орж ирсэн.  Би харьцдаг байсан ганц найзтайгаа нэг ангид орохыг хүссэн ч найзын минь  орсон ангынхад надад таалагддаггүй учир өөр ангийг сонгосон. Ингээд би аравдугаар ангид орсноосоо хойш ангийнхантайгаа юм яриагүй. Хөвгүүд янз бүрээр тоглоод л байдаг нийлэх дүргүй , охидоос хичээл асууя гэхээр ичээд бас надад дургүйлхэх байх гэж айгаад асуудаггүй. Уул нь тэд тэгэхгүй байх л даа гэхдээ л. Ихэнх хүүхдүүд хараал хэлдэг болохоор нь би найзлаагүй юм. Бас тэд электрон тамхи татдаг. Би цаг үргэлж гуниглаад байх юм. Хүүхдүүдтэй харьцахаасаа цааргалдаг болсон шалтгаан нь миний илүүдэл жингээс л болсон. Гадуур явахаар хүмүүс хоолой засаж, эсвэл бөгөөс дооглодог. Бас сонин алхдагаасаа ичдэг. Ийм тул би гадуур гарах ч дургүй. Би гурван жил дараалан зуны амралтаараа гараагүй. Яг үнэндээ хичээлдээ хэрхэн сайжрахаа ч мэдэхгүй байна. Би өмнө нь хоёр ч давтлагад явж байсан гэхдээ багш нар нь нэг л чанга үг хэлхээр дургүй хүрээд ирдэг. Би тэр үед гэрийн даалгавраа хийдэггүй тэгээд мартчихдаг байсан юм. Гэртээ ирэхээр яагаад хичээл хиймээргүй санагдаад бас хичээл хийхэд тухгүй. Гараад хийе гэхээр ичээд. Би ээж бас нагац ахтайгаа амьдардаг, тэд их сайн хүмүүс.

Зөвлөгөө: Өөрийгөө бодитоор болон эергээр үнэлнэ гэдэг нь өөрийгөө танин мэдэхээс эхэлнэ.

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Юуны өмнө хичээлдээ сайжрах гэж хичээж үйлдэл хийж байгаа нь сайн байна. Захидлаас уншихад өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлмээр байна гэж ойлголоо. Зөв үү? Чи яаж өөрчлөгдөхийг хүсэж байна вэ? Би ингэж, тэгж өөрчлөгдмөөр байна гэхээс өмнө хийх нэг зүйл бий. Тэр нь өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, өөрийгөө бодитоор болон эергээр үнэлэх юм. Зарим  тохиолдолд өөрийн үнэлэмж сул байх үед сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох, бусад хүмүүсийн үзэл бодол хэт чухал болох, бусдаас өөрийгөө тусгаарлах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авна, хайрлана гэдэг нь би үнэ цэнтэй, би аливаа зүйлийг чадахгүй байсан ч зүгээр, сайжирч болно гэж өөртөө “зөөлөн хандах” –ыг хэлнэ. Өөрийгөө бодитоор болон эергээр үнэлнэ гэдэг нь өөрийгөө танин мэдэхээс эхэлнэ. Чиний давуу тал юу вэ? буюу илүү эерэг талдаа анхаарна, чиний сул тал юу вэ? буюу бодитоор өөрийнхөө сайжруулах, өөрчлөх талаа харах юм. Ингэхдээ бусад хүмүүсээс асууж тусламж хүсэх боломжтой. Миний давуу тал юу вэ? Миний сайжруулах тал юу вэ? би танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? дээрх асуултуудыг асуугаад үзээрэй. Хэрвээ өөрийгөө бодитоор болон эергээр үнэлж дүгнэвэл ямар нэгэн өөрчлөлтийг хийхэд сэтгэл зүйн хувьд тайван байж даван туулах байдал, гарах үр дүн сайжрах магадлалтай юм шүү. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач Г.Золжаргал 

Асуудал 2: Би өөрийнхөө төлөө хичээмээр байдаг ч ангынхнаасаа болоод хичээмээргүй санагдаж байна.

Сайн байна уу? Би өөр сургуульд шилжиж ирсэн юм. Бусад хүүхдүүд надад атаархдаг хичээлээ сайн хийлээ гэж шар нь хөдөлж маш их муулцгаадаг. Тийм учраас би үнэхээр айдаг болсон. Бүр багш гэрийн даалгавраа хийсэн үү гэхэд хийсэн гэж хэлэхээс ч айдаг. Өмнө нь тэмцээн уралдаанд их ордог байсан одоо шинэ ангийнхнаасаа айгаад орохоо ч больсон хар цагаан хэл ам хүрчих вий гэхээс эмээдэг. Би өөрийнхөө төлөө хичээмээр байдаг ч ангынхнаасаа болоод хичээмээргүй санагдаж байна. Би яавал дээр вэ? 

Зөвлөгөө: Шилжилт, өөрчлөлтийн үеэ даван туулж байгаа учраас түгшүүртэй, стресстэй байх нь хэвийн юм шүү

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Өөрийн зорилгын төлөө хичээлээ сайн хийж, шинэ ангидаа дасахыг хүсэж байна гэж ойлголоо. Шинэ орчинд шилжих, шинэ орчинд дасахад хүн бүрд амаргүй байдаг. Одоо энэ шилжилт, өөрчлөлтийн үеэ даван туулж байгаа учраас түгшүүртэй, стресстэй байх нь хэвийн юм шүү. Мөн ангийн нэг хэсэг болоход өөрийгөө таниулах, тэднийг таних, хоорондоо зохицох, хүлээн зөвшөөрч эхлэх, өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах гэх мэт олон шатыг дамждаг. Шинэ орчинд дасан зохицохын тулд дунджаар 6 сараас 1 жил шаардлагатай байдаг бөгөөд өөрөөс шалтгаалсан зарим үйлдлүүдийг хийх хэрэгтэй болдог. Ангийнхантайгаа дасан зохицохын тулд тэднийг таних, ойлгох, хүлээн авах, ярилцах мөн өөрийгөө таниулах, өөрийгөө ойлгуулах нь чухал юм шүү. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач Г.Золжаргал 

Асуудал 3: Бүр том болно гэхээр л дургүй хүрч бүх зүйлээс амархан залхаад байдаг болчихлоо

Би энэ жил арваннэгдүгээр анги. Ирээдүйд хэн байх бол гэдэгтээ маш их санаа зовж байна,  би юу хийвэл зөв бол? Одоо хүртэл мэргэжлээ сонгоогүйн дээр юунд дуртайгаа ч мэдэхгүй. Багаасаа зураг зурах сонирхолтой байсан ч гэр бүлийнхэн маань хэрэггүй  зүйлд цагаа зарцууллаа түүний оронд ном уншиж, шинэ үг цээжил гэж загнадаг. Тэгээд л зурахаа больсон доо. Харин хоёр жилийн өмнөөс мөрдөгч, цагдаа болохоор шийдсэн ч гэрийнхэн маань чи чадахгүй өөр амархан мэргэжил сонго гэсэн. Тэгэх нь ч аргагүй биз дээ (тэр үед хэт таргалалтаас болж хоолоо хасаж, дасгал хийн эмнэлгийн тусламж авахдаа хүрсэн л дээ одоо бол буцаад хэвийн жиндээ очсон). Би саяхнаас зургийн дугуйланд явж эхэлсэн ч нэг л болж өгөхгүй юм. Бүр том болно гэхээр л дургүй хүрч бүх зүйлээс амархан залхаад байдаг болчихлоо. Цаашид юу хийх вэ надад зөвлөөч.

ЗӨВЛӨГӨӨ: Бид бүхнийг чадагч биш шүү дээ

Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Өөрийн зорилгыг тодорхойлж бодит үйлдлүүдээ хийхийг хүсэж байна гэж ойлголоо. Зөв үү? Бид өөрсдийн холын зорилгоо тодорхойлж, дуртай зүйлээ мэдэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг. Яагаад вэ гэвэл бид олон төрлийн шинэ зүйлсийг харж, өөрөө туршиж үзсэнээр энэ надад тохирох уу, надад таалагдаж байна уу гэдгээ танин мэддэг юм шүү. Энэ нь олон төрлийн өөр амт бүхий бялуунууд идэж үзсэнээр дараагаар энэ миний дуртай бялуу, энэ надад таалагдаж байна гэж мэддэг болохтой яг адилхан. Шинэ найзуудтай болох, сонирхлын клуб /илтгэх урлаг, сайн дурын байгууллага зэрэг/ зэрэг өөрийгөө сорьсон шинэ соргог зүйл хийх нь тухайн чиглэлээр мэргэшин сурахгүй байсан ч өөрийгөө танихад тус болдог. Шинээр турших, хийгээгүй удсан зүйлээ дахин хийж эхлэхэд чадахгүй, хэцүү үеүд гарч болно гэдгийг ойлгоорой. Бид бүхнийг чадагч биш шүүдээ. Суралцаж, ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой юм шүү. Амжилт хүсье 


Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач У.Цэцэнсанаа 

Асуудал 4: Би шүүмжлэгчийн дүрд хувирсан бололтой

Сайн байна уу? Би арванзургаан настай эмэгтэй.  Гурван жилийн өмнөх би одоогийн өөрийгөө хараад танихгүй байх. Тухайн үед би өөрийгөө толинд ч харах дургүй байсан. Би өөрийнхөө гадаад байдал, мэдрэмждээ хайртай. Гэхдээ нэг л зүйл алга больчихсон мэт санагддаг.  Гараас юм гарахаа больж, түргэн ууртай болчихсон. Хүн бүр нэг дүрд орж амьдардаг гэдэг шүү дээ. Би шүүмжлэгчийн дүрд хувирсан бололтой. Цар тахлын үеэр амьсгалахад ч хүнд байсан яг тэр үеэс л би ийм болчихсон байх. Амнаас үг гарахад хэцүү, найз минь нэг удаа өөрийнхөө талаар яриач дээ гэж уйлж үзсэн. Гэр бүлийн асуудал зэрэг даагдашгүй хүнд зүйл байхгүй. Гэхдээ би жаргалтай байна уу гэвэл тийм биш.  Зүгээр л хоосон ангалд уначихсан мэт хүнд мэдрэмжид дөнгөлүүлээд байна.  Энэ ангалаас хэн нэгэн намайг аврах ёстой бол тэр нь би гэдгийг мэдэх ч өөр хэн нэгнийг хүлээгээд байх шиг. Өөрөө өөртэйгөө ярьдаг зүйлээ амнаасаа гаргаж бүх хүмүүстэй чалчиж болдог ч болоосой. Шинэ хүмүүстэй уулзахад надад тухтай байдаг ч чимээгүй байхыг л чухалчилдаг. Энэ байдлаа хүмүүсийг сонсох гэж төрсөн хэмээн тодорхойлдог гээч. Би шүлэг, бичвэр бичих дуртай. Тийм болохоор л өдийг хүртэл тэсэж байх шиг байна. 

Зөвлөгөө: Өөрийн бодит алхам хийх боломжтой зүйлсээ төлөвлөөд үзээрэй.

Сайн байна уу? Бидэнд хандаж захидал бичсэнд баярлалаа. Захидлаас уншихад та бусадтай ярилцаж, өөрийгөө илэрхийлэх хүсэлтэй байгаа бололтой. Өөрийгөө анзаарч, анхаарах хүсэлтэй байгаа талаар уншихад таатай байлаа. Захидалд та өөрийгөө “шүүмжлэгч дүр”, “сонсох гэж төрсөн”, “өөрийгөө ангалаас аврах ёстой” гэж бичжээ. Заримдаа бид юмсыг тодорхойлох хэрэггүй байдаг юм шүү. Ийм хэрэгтэй, тийм байдаг, ингэх ёстой гэсэн дотоод яриа нь бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг юм шүү. Өөрийн зарим онцлог шинжээ хүлээн зөвшөөрч, өөрчлөх боломжтой зүйлс дээрээ тулгуурлах нь илүүтэй үр дүнтэй байх хандлагатай. Иймд өөрийн бодит алхам хийх боломжтой зүйлсээ төлөвлөөд үзээрэй. Хүндрэлтэй санагдвал ойр дотны хүмүүсээсээ асууж болно шүү. Бусадтай ярилцах нь өөрийн бодлоо цэгцлэхэд тус болдог. Хэрвээ та хүсвэл мэргэжлийн сэтгэл судлаачаас зөвлөгөө авах боломжтой шүү. Манай улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг зарим сэтгэл зүйн төвүүдийн дугаарыг үлдээе.


·         Сэтгэл Судлалын Үндэсний Төв – 77324233
·         Монгол Өрх Сэтгэл Зүйн Хүрээлэн – 86145145
·         Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн – 77208998
·         Focus on the family – 88834343

Сэтгэл Судлалын Үндэсний Төв 
Туслах сэтгэл судлаач У.Цэцэнсанаа 

 

 

#нийтлэл