Г.Мөнхсаруул: 25 хүнийг хилээр гарган, хүн худалдаалах хэргийн хохирогч болгох гэж байхад нь таньж тогтоосон


Б.Чимэг | YOLO.MN
2023-09-22

Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг, олон талын үйл ажиллагаа явуулдаг цөөн ТББ бий. Тэднийг нэг нь “Анбаунд Монгол”.  2013 оноос хойш идэвхтэй ажиллаж буй тус ТББ-ын  гүйцэтгэх захирал Г.Мөнхсаруултай ярив.

YOLOТа хүний эрхийн,  тэр дундаа хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд хэдэн жил ажиллаж байна вэ?

-2013 онд “Анбаунд Монгол” ТББ-ыг байгуулсан цагаас хойш энэ гэмт хэргийн талаар дуу хоолойгоо өргөж, хүүхдүүдэд сургалт зохион байгуулж, чадах хэрээрээ энэ гэмт хэргээс хүүхдүүдийг хамгаалахаар ажиллаж байна.  

YOLOХүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалтаар  хэчнээн хүүхдэд мэдээлэл хүргэсэн бэ?

-Нийт 8000 гаруй хүнийг сургалтад биечлэн хамрууллаа. Дунд, ахлах ангийнхан, их дээд сургуулийн оюутнуудад хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл өгч,  тэдэнд хэрхэн өөрсдийгөө, эргэн тойрныхноо хамгаалах талаар зөвлөдөг. Сургалтын гарын авлагаа өөрсдөө бэлддэг. Олон улсад болон Монголд энэ гэмт хэргийг хэрхэн үйлдэж байгаа талаар ярьж, яагаад хүмүүс энэ гэмт хэргийн хохирогч болдог талаар урьдчилан сэргийлэх ойлголт, мэдээлэл өгдөг юм.          

YOLOСургалтын үеэр хүүхдүүд ямар асуултыг түлхүү асуудаг вэ?

-Хүүхдүүдэд хүн худалдаалах гэмт хэргийн талаар ярихад эхлээд их гайхаж хүлээж авдаг. Сургалт дуусахад тэд “Би энэ гэмт хэргийн эсрэг ямар нэг юм хийж чадна” гэсэн итгэлтэй болдог, өөрийгөө яаж хамгаалахаа мэддэг болно. Ийм хэргийг кинонд л үзүүлдэг, бидний эргэн тойронд гардаггүй гэсэн бодол хүүхдүүдэд нийтлэг байдаг. Миний эргэн тойронд, надад, манай гэр бүлийнхэн хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхгүй гэж боддог. Мөн заримдаа сургалтаар мэдээлэл авсны дараа би хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн юм байна гэдгээ мэддэг. Хүн худалдаалах гэмт хэргийн олон төрөл байдаг ч хөдөлмөрийн, бэлгийн мөлжлөг гэсэн нийтлэг хоёр төрөл бий. Энэ талаар мэдээлэл авсны дараа хүүхдүүд аюулгүй сонголт хийж чадна.  Бид АНУ-Монголын Засгийн газар хооронд байгуулсан, 2020-2024 онд хэрэгжих “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд  Нийслэлийн таван дүүрэгт өсвөрийн клубийн үйл ажиллагаа явуулдаг.  Тус клубуудэд хүүхдүүд сайн дураараа нэгддэг бөгөөд хүн худалдаалах гэмт хэргийг манай улсад хэрхэн үйлдэж байна, аюулгүй шилжилт хөдөлгөөн яаж хийх зэрэг амьдралдаа аюулгүй, зөв сонголтуудыг хийх чадваруудыг хүүхдүүд сурдаг.  

                         ӨСВӨР НАСНЫ ЗАРИМ ХҮҮХЭД БОДЛОГОГҮЙГЭЭР, ЭЭЖ ААВДАА ХЭЛЭЛГҮЙ, ГАДАГШАА ЯВДАГ

YOLOШилжилт хөдөлгөөн гэдэг нь?

-Орон нутгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутаг руу эсвэл хот дотор ч шилжилт  хөдөлгөөн хийдэг шүү дээ. Ийм үед хүүхдүүд мэдээлэлгүйн улмаас заримдаа буруу сонголт хийж, хүн худалдаалах хэргийн хохирогч болох эрсдэлтэй. Гадаад улсад сурахдаа юу анхаарах, чамд сайхан амлалт өгсөн хүмүүсийн үгс бодит уу зэргийг сайтар судлах шаардлагатай. Гадаад хэл сурах, аялахаар гадагшаа явах бол зуучилж буй байгууллагаа сайтар судлаарай. Өсвөр насны зарим хүүхэд бодлогогүйгээр, ээж аавдаа хэлэлгүй, гадагшаа явахаар шийддэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээллийг сайн түгээх хэрэгтэй.  

YOLOГоё амлалт гэхээр яг юу гэж хэлдэг юм бол?

-Бүх хүнд сайхан амьдрах мөрөөдөл бий. Гэмт этгээдүүд хүүхэд юу хүсэж байгааг мэдээд, түүнийг нь ашигладаг. Гадаадад сурах, гоё хувцас авах, найзтай болох, хэн нэгнээс  анхаарал, халамж хүсдэг бол тэрийг нь биелүүлнэ, замын зардлыг чинь даая, паспорт гаргаж өгье, очихоор байр чинь бэлэн гэх мэтээр амладаг. Энд ийм байдалтай байхаар очоод  нэг сард олон сая төгрөгийн цалин авна гэж ятгадаг. Ийм амлалтууд ардаа ямар нэг аюул дагуулдаг тул сайн судлаарай.     

YOLOТа бүхэн хил дагуу хийсэн дамжин өнгөрөх ажиглалтаасаа танилцуулаач.

-Цар тахлын дараа хил нээхэд ажиглалтаа дахин эхэллээ. Бид Монголд анх удаа 2017 онд Улаанбаатарын галт тэрэгний буудал буюу Улаанбаатар өртөө, 2018 оноос Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтод энэ ажлыг хэрэгжүүлсэн. Гэмт этгээдүүд хүнийг нэг газраас нөгөө рүү дамжуулан тээвэрлэх  ийм байршлуудад ажиллаж, эрсдэлд буй хүмүүс, хүүхдүүдийг урьдчилан сэргийлж, гэмт хэргийг таслан зогсоохоор ажилладаг. Бусад улсуудад  энэ аргыг амжилттай нэвтрүүлж, олон хохирогч аварсан.  Хүүхэд хэн нэгнийг дагаад хилээр гарах гэж байхад нь бид илрүүлэн, зогсоодог. 2017 оноос өнөөдрийг хүртэл нийт 4000 гаруй хүнээс асуулга авсан. Тодорхой шинж тэмдэг бүхий эрсдэлтэй байж болзошгүй хүүхдүүд, охид, эмэгтэйчүүдээс асуулга авдаг юм. Зорчигч бүрээс асуулга авахгүй. Эдгээрээс 25 хүн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болоход ойрхон ирснийг таслан зогсоосон. Ажиглалт хийх хугацаанд хохирогч болох эрсдэл бага хүүхдүүдийг гэр бүлд нь хүргэж өгөөд эрсдэл өндөр байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж,  анхан шатны тусламж үзүүлдэг. Хил дагуух цэгүүдэд ажиглалт хийхдээ ЭЦА, ХХЕГ, эмнэлгийн байгууллагатай хамтран ажилладаг юм.   

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсны дараа тухайн хүнийг Монголд эргүүлэн авчрахад цаг хугацаа, багагүй санхүүжилт шаарддаг. Хохирогч бие махбод, сэтгэл санаагаараа ихээхэн хохирдог. Гэтэл зарим ээж аав хүүхэд нь хаана, хэнтэй байгааг мэддэггүй. Хүүхэд нь аюулд орохын наахнуур бид таньж тогтоогоод гэрийнхэнтэй нь холбогдоход хил дээр ирснийг нь мэдээгүй байдаг. Бид аль чиглэлд манай улсын иргэд зорчвол илүү эрсдэлтэйг тооцож, ажиглалтаа явуулдаг юм.

Дөнгөж танилцаад удаагүй, сайн танихгүй хүнтэй хамт хилийн чанадыг зорих тохиолдлууд 18-19 настай залуусын дунд их. Тэд аялах зорилгоор гэдэг ч яг хаашаа явж байгаагаа мэддэггүй. Очих орноо сайн судлаагүй байх нь эрсдэлтэй. Ийм зорчигчдод бид очоод эрсдэлд орвол хаана хандах, хэнтэй холбоо барих зэрэг зөвлөгөөг өгөөд, тухайн улс дахь Монголын ЭСЯ, консулын хаягийг өгөөд явуулдаг. Зарим хүн дараа нь “Би сайн явна” гээд холбоо барих нь ч бий.     

Ковидын үеэр хил хаагдахад олон хүн бухимдсан. Дараа нь хил нээгдэхэд манай багийхан болгоомжилж, санаа зовсон. Нэг ч гэсэн хүүхэд, эмэгтэй энэ хэрэгт битгий өртөөсэй гэж боддог. Хүүхдийг улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам болон бусад холбогдох журмуудын дагуу хүүхдийг хилээр нэвтрүүлэхэд эцэг эх болон байгууллагууд хүүхдийг хилээр авч гарахдаа холбогдох баримт бичгүүдийг сайн бүрдүүлж байгаарай гэж зөвлөмөөр байна.

                               ХИЛ ДАГУУХ БҮС ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ЭРСДЭЛТЭЙД ТООЦОГДДОГ

YOLOОлон зуун зорчигчоос эрсдэлтэй хүмүүсийг яаж ялгах вэ?  

-Бид ажиглагчдаа урьдчилан бэлддэг. Тэд ажиглалт хийгээд, эрсдэлтэй байж болзошгүй гэж үзвэл асуулга авдаг, аюулгүй аялах талаар зөвлөгөө өгөхөд зарим хүн уурладаг, хүмүүс бидний ажлыг янз бүрээр хүлээж авдаг юм. Иймд зорчигчдын арга эвийг олж, асуулгаа авдаг.

Бусад зорчигчдод тавгүй нөхцөл үүсгэж болохгүй тул их болгоомжтой ажиллах хэрэгтэй болдог. Хилээр олон удаа дамжин өнгөрсөн атлаа өөр мэдээлэл өгөх иргэд бий. Ер нь бусдын эрхшээлд орсон хүний харц, биеийн хэлэмжээс л мэдэгддэг. Хүүхдээс асуулт асуухад өмнөөс нь хариулах, уурлаж бухимдаж байвал эрсдэлтэй гэж үзэн, шалгадаг.

Ажиглалтын ажилтнаас шууд тусламж гуйсан тохиолдлууд ч бий.  Байдал бишдэнгүүт дагуулж явсан хүүхдээ орхиод өөрсдөө зугтсан явдал ч бий. Дагуулж явсан хүмүүс нь ихэнхдээ монгол хүмүүс байдаг. Хүүхдийг авч үлдээд ээж аавтай нь холбоо барихад голдуу орон нутагт амьдардаг настай хүмүүс байсан. Манай хүүхэд наана чинь юу хийж байгаа юм бол гэж гайхдаг.

Ер нь хил дагуух бүс хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлтэйд тооцогддог тул асран хамгаалагчид хүүхдүүдээ сайн анхаарах хэрэгтэй. Бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүүхдүүд, насанд хүрсэн иргэдийг худалдсаар байна.          
      
YOLOТанай ТББ 2020 оноос хойш өнөөг хүртэл, Монгол-АНУ хооронд байгуулсан, Монголд хүүхдийн эсрэг үйлдэж буй ХХГХ-тэй тэмцэх чиглэлээр хэрэгжих “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төсөл”-д сонгогдож, энэ төслийн урьдчилан сэргийлэх, хохирогч хамгаалал үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд та бүхэн ямар ажлууд хийсэн бэ?  

-Энэ төсөл 2020 оноос эхэлсэн. Манай байгууллага хохирогч хамгаалал, урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж байна. Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан  сэргийлэх зорилгоор Монголд тохируулан гурван гарын авлага боловсрууллаа.

”Ухаалаг хөтөч”, “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” гэсэн нэртэй.  Гурав дахь гарын авлагаа Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал гэсэн сэдвээр ХНХЯ, ХХЗХ,  Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран бэлтгэж байна. Энэ гарын авлагад цахим орчны давуу тал, хэрхэн ухаалгаар ашиглах мөн хүмүүс хэрхэн цахим орчныг ашиглан гэмт хэрэг үйлдэж байгаа, яаж өөрийгөө хамгаалах хүүхдэд зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэг мэдээллийг интерактив хэлбэрээр оруулж өгсөн. Хүн худалдаалах гэмт хэргийг цахим орчинд их үйлдэж байна.      

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг нийслэлийн таван дүүрэгт хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр дүүргийн ЕБС, МСҮТ-үүдэд өнгөрсөн оноос 84 өсвөрийн клуб байгуулан, 1400 хүүхэд  хамрагдсан. Гарын авлагын хүрээнд “Ухаалаг хөтөч” “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дамжин өнгөрөх  ажиглалтыг ч энэ төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.  

                                      ХҮҮХДҮҮД ЦАХИМААР ТАНИЛЦСАН ХҮНДЭЭ ИТГЭЖ УУЛЗАН, ЭРСДЭЛД ОРДОГ

YOLOГэмт хэрэгтнүүд яагаад цахим орчныг онилох болов?  

-ковид нөлөөлсөн байх. Бидний цахим хэрэглээ ч ихээхэн өслөө. Энэ хэргийг далд хэлбэрээр, зохион байгуулалттайгаар үйлддэг. Хэн ч, хаанаас ч цахимаар дамжуулан бусдыг хохироох нөхцөл бүрдэв. Хуурамч нэр, зураг ашиглан, хаалттай группууд байгуулан, дэлхий даяар ажиллаж байна. Хүүхдүүд цахимаар танилцсан хүндээ итгэж уулзан, эрсдэлд орж байна.  

Хүн худалдаалах гэмт хэрэг нийлмэл шинжтэй, илрүүлэхэд илүү төвөгтэй болсон. Цахим орчинд хүн худалдаалахаас өөр хэргүүдийг ч үйлдэж байна.   

YOLO: Манай улсад бэлгийн, хөдөлмөрийн мөлжлөгийн аль нь илүү их тулгамдсан асуудал вэ?

-Бэлгийн мөлжлөг хэлбэрээр түлхүү үйлдэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 13.1 дэх заалтад “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг:
3.1.байнга тогтвортой;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорино. Энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход хохирогч өөрийг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар хохироож байгааг өөрөө зөвшөөрсөн эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй” гэж заасан. Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн бол хатуу ялтай.

Мөн Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлд бэлгийн мөлжлөгийн талаар тусгасан. Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан зорчих эрхийг хязгаарлахгүйгээр бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

YOLO: Бэлгийн мөлжлөгийн хохирогчдын нийтлэг шинжүүд юу вэ. Эсвэл хэн ч энэ гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй юу?

-Хэн ч, хэзээ ч энэ гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бидний эргэн тойронд байна. Ийм ийм шинжтэй бол өртөнө гэсэн зүйл байхгүй. Гэхдээ ерөнхий байдлаар харахад ар гэрийн боломж тааруу, санхүүгийн хэрэгцээ их, өнчин, орон нутгаас хотод ирсэн, ээж аавтайгаа харилцаа таарамж муу хүүхдүүдийг түлхүү онилдог.  
    
YOLOТа бүхэн  хэдэн хохирогч, даван туулагчид зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсэн бэ?

-Бид гурван чиглэлд ажилладаг. Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ талаар танин мэдүүлэх, сургалт зохион байгуулах, хохирогчид туслалцаа үзүүлэх.

Хохирогчид анхан шатны тусламж үзүүлээд эрсдэл өндөр байвал хохирогчийг хамгаалах байранд оруулж, дараагийн шатны байгууллагатай холбон зуучилдаг. Мөн бид хүн худалдаалах гэмт хэргийн, тэр дундаа бэлгийн мөлжлөгийн эрэлтийн эсрэг ажилладаг.

Энэ гэмт хэргийг үйлдэгчид хүүхдийг хүн биш эд зүйл мэтээр худалдаж, порнограф зэрэгт ашигладаг. Бэлгийн мөлжлөгийн эрэлт буюу порнографын цаана хүүхэд  худалдаалах гэмт хэргийг үйлддэг юм шүү гэдгийг таниулах ажлыг хийж байна. Порнограф нь хар тамхи шиг хүнийг донтуулдаг, тархинд сөрөг нөлөө үзүүлдэг.          

YOLOБэлгийн мөлжлөгт өртсөн хохирогчдын дундаж нас хэд вэ?

-Эрүүгийн цагдаагийн албаны мэдээлснээр өсвөр насны хүүхдүүд хохирогч болсоор байна. 2017-2022 онд шийдсэн хэргүүдээс харахад 13-хан настай хүүхдүүд өртсөн нь маш харамсалтай. Шүүхээр шийдэгдсэн хэргүүдийн нийт хохирогчийн 51 хувь нь 17 хүртэл настай хүүхдүүд байсан. Шийдэгдээгүй хэргийн цаана хэдэн настай хүүхдүүд хохирч байгааг бид мэдэхгүй. Гэмт этгээдүүд хүүхдийн гэнэн, итгэмтгий занг ашигладаг.   
 
YOLOМанай улсад бэлгийн мөлжлөгийн хохирогч бүрд хүрч ажиллаж чадаж байна уу?        

-Чадахгүй байна. Одоогоор манай улсад хохирогч холбон зуучлах механизм байхгүй. Төслийн баг энэ механизмыг байгуулахаар ажиллаж байна. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажил шат шатандаа сайжирч байгаа ч хамгаалах байрууд, цагдаа нарын ачаалал их байна. Цөөн ТББ ахадсан ачаа үүрч байна. Иймд төрийн оролцоо их шаардлагатай. Төрийн байгууллагууд бидний хүссэн хэмжээнд ажиллахгүй байгаа ч сайжирч байна. Гэвч манай улсад хүн худалдаалах хэргүүд гарсаар, давтагдсаар байна.  

YOLOБэлгийн, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн эсвэл ойр дотнын хүн нь өртсөн бол иргэд хаашаа хандах ёстой вэ?

-Цагдаагийн утас 102, хүүхдийн тусламжийн 108 дугаар, Итгэлийн утас 1800-1903 руу залгаарай. Мөн манай байгууллага руу (7575-7875) хандаж болно.

Ярилцлага өгч, хүн худалдаалах гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэг хүргэсэнд баярлалаа.

#ярилцлага