Хичээлдээ сайжрахад тус болох 12 арга


YOLO.mn | YOLO.MN
2023-08-23

Удахгүй 9 сарын нэгэн болж, шинэ хичээлийн жил эхлэх нь. Харин энэ үеэр илүү сайжирна, хичээнэ гэсэн зорилт тавьдаг олон хүн бий. Тэгвэл ийн зорилт тавьсан танд хэрэг болох аргуудыг танилцуулъя.

Хичээлийн тэмдэглэл хөтлөхдөө…

Cornell гэх арга барилаар хичээлийн тэмдэглэлээ хөтөлснөөр илүү цэгцтэй мэдээллийг багтаах боломжтой. Ингэхдээ дэвтрийн хуудсаа 4 хуваах хэрэгтэй. Зурагт харуулсан шигээр хамгийн дээд хэсэгт сэдвийн гарчиг, зүүн талд түлхүүр үг болон цээжлэх үгс, төвийн том хэсэгт нь сэдвийн талаар хэрэгтэй гэж үзсэн мэдээллүүд, хамгийн доор нь уг сэдвээс ойлгосон дүгнэлтээ эсвэл ойлгоогүй зүйлсээ асуулт хэлбэрээр бичиж болно.

Хурдан цээжлэх арга

5-10 удаа унш, 5-10 удаа чангаар хэл 1-2 удаа бич. Унших үедээ тархиндаа шинэ мэдээллийг кодлох бол чангаар хэлэх үедээ уг мэдээллийг идэвхтэйгээр эргэн санах боломжийг олгодог. Харин бичих нь цээжлэх үйл явцыг нэмэгдүүлнэ. Энэ аргаар гадаад үг, нэр томьёо гэх мэт илүү богино мэдээллүүдийг цээжлэхэд тохиромжтой юм.\

Гар утсаа яавал дээр вэ?

Гар утас бидний амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг болсон учраас гар утсаа хэрэглэхээ хязгаарлана гэдэг нэлээн хэцүү байх нь тодорхой. Хэрвээ дэлгэцийн хэрэглээгээ бууруулах өөр арга туршаад нэмэргүй байвал “Өөрийгөө шагнах” аргыг санал болгоё. Хүн гар утсаа ашиглах үед дофамин гэх баяртай мэдрэмж төрүүлдэг даавар ялгардаг. Энэ бол хямдхан дофамин юм. Үүнээс болоод бид утсаа оролдох дофамин ялгарч бага багаар дэлгэцийн хамааралтай болж эхэлдэг. Тэгвэл энэ дофаминыг орлуулаад үзье. Гар утсаа ашиглахгүйгээр тэвчиж чадсан тодорхой хугацаа бүртээ өөрийгөө ямар нэг зүйлээр шагнаснаар өөр эх үүсвэрээс дофаминаа олж авна гэсэн үг. Талархлын үг, чихэр гээд таныг жаргалтай болгох юу ч байж болно. Мэдээж гар утсаараа өөрийгөө шагнаж болохгүй шүү.

Булчингийн ой санамж

Сонин, инээдтэй сонсогдох ч энэ арга нэлээн үр дүнтэй аргад тооцогддог. Сэдэв унших үедээ нударгаа зангидах, эсвэл цаасан дээр юу ч хамаагүй сараачих зэргээр булчингаа ажиллуулснаар дараагийн удаа уг булчингаа дахин ашиглахад дагаад уншсан сэдвээ санах боломжтой юм. Үүнээс гадна унших үедээ өөр зүйлд анхаарал сарнихаас сэргийлж, илүү хурдан уншихад тус болно

Feynman method

Хичээлээ ойлгохыг хүсвэл энэ арга үнэхээр тус болно. Эхлээд ойлгомоор байгаа сэдвээ уншаад үз. Дараа нь өөрийн ойлгосон зүйлсээ дуу хураагуур ашиглан ярьж эсвэл цаасан дээр бичиж болно. Бичсэн болон ярьсан зүйлээ дахин шалгах үедээ та уг сэдвээс аль хэсгийг ойлгоогүй, орхигдуулснаа анзаарах болно. Үүний дараа дахин нэг удаа дуу хураагуурт эсвэл цаасан дээр өөрийн ойлголтоо буулгана. Гэхдээ энэ удаа сэдвээ маш товчоор илэрхийлэх хэрэгтэй. Хэрвээ цөөн бөгөөд оновчтой үгээр сэдвийг бүхэлд нь илэрхийлж чадсан бол та энэ сэдвийг ойлгожээ гэсэн үг.

Чимээгүй цаг

Өдрийн тодорхой хугацааг ганцаараа, огт үг авиа гаргахгүйгээр чимээгүй суухад зарцуулаад үзээрэй. Уг чимээгүй ганцаардмал байдал таныг илүү гүн төвлөрөхөд тусалж, өөрт тулгарч буй асуудлаа олж харан шийдэхэд нэмэр болно. Үүнээс гадна чимээгүй суух үед бүтээлч сэтгэлгээ илүү нэмэгддэг бөгөөд ойлгохыг хүссэн сэдвээ ойлгоход тохиромжтой цаг болох юм. 

Таван минутын дүрэм

Олон хоног зайлсхийсэн, хиймээргүй байгаа ч хийх хэрэгтэй даалгаврыг яг 5 минут л хийгээд үзээрэй. Энэ таван минутын хугацаанд юу ч болж болно шүү дээ. Дургүйцэж байсан даалгавар тань хийж эхлэх үед илүү зугаатай санагдаж, үргэлжлүүлэн хиймээр болж ч магадгүй. Тиймээс таван минутын хугацаа тавиад уг даалгаврыг хийж эхлээд таван минут өнгөрсний дараа үргэлжлүүлэх эсвэл орхих эсэхээ шийдэж болно. Хэдий орхисон ч гэсэн та уг даалгаврыг ядаж таван минут хийчихсэн шүү дээ. Дараа дахиад энэ даалгавраасаа болж түгших үедээ таван минутын аргыг туршихад л хангалттай. Ингэж 5,5 минутаар явсаар ард нь гарахыг ч үгүйсгэхгүй.

Шөнийн сэрүүлэг

Та өглөө л сэрүүлэг тавьж байсан ч шөнийн сэрүүлгийг ашиглаж болно гэж бодож байсан уу? Хичээлдээ сайжрахад хамгийн хэрэгтэй зүйл бол шөнийн бүтэн нойр. Шөнийн сэрүүлэг бол таны шөнийн нойрыг хамгаалах бамбай л гэсэн үг. Тиймээс хичээл хэчнээн сонирхолтой байсан ч, маргааш чухал шалгалттай байсан ч, хайртай хүнтэйгээ утсаар ярьж байсан ч шөнийн сэрүүлэг дуугарсан л бол шууд унтах бэлтгэлдээ орохыг зөвлөе. Энэ нь танаас маш их тэвчээр хатуужил шаардах ч амьдралыг тань өөрчилж чадах энгийн арга юм шүү.

Active Recall

Энэ бол уншсан сэдвээ, үзсэн бичлэгээ, сонссон лекцээ нүдээ аньж байгаад эргүүлээд санах гэж оролдох арга юм. Энэ нь маш үр дүнтэй идэвхтэй сурах арга. Бид хичээл хийхдээ их хугацаа зарцуулж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ ойлгохгүйгээр идэвхгүй сурсан хугацаа нь их байдаг. Ингээд л үр дүнгүй удаан суух нь. Харин эргүүлэн санах арга нь таныг идэвхтэй байлгаж чадна. Учир нь идэвхтэйгээр эргэн санахын тулд таны тархи идэвхтэйгээр мэдээллийг оруулах болно.

Үнэр, амт

Үнэрлэх мэдрэхүй бол хамгийн эртний, маш хүчирхэг мэдрэхүй юм. Үнэр тархины ой санамжийн бүсийг мөн өдөөдөг учраас үнэртэй холбоотой мэдрэмж маш тод мэдрэгддэг. Тэгвэл энэ чанарыг нь ашиглаад шалгалт дээрээ уншсан зүйлсээ эргэн санаж болох юм. Энэ нь их амархан. Шалгалтад бэлдэх үедээ хэрэглэсэн тос, үнэртэнгээ дахин хэрэглэхэд л болно. Эсвэл ижил амт үнэртэй бохь зажлах гэх мэтээр мэдрэхүйгээ ашиглан хичээлээ санаарай.

Pomodoro

Энэ аргыг мэдэхгүй хүн бараг ховор байх. Бид удаан суух тусам хичээлдээ сайжирна гэж эндүүрдэг. Гэвч удаан суух үед анхаарал төвлөрөлт муудаж, ядарч, хичээлдээ дургүй болж эхэлдэг. Тэгвэл бүтээмжээ бууруулахгүйгээр олон цагаар сууж болох арга бол Помодоро юм. Та өөрийн хүссэн хугацаагаар помодоро цагийг тохируулж болно. 40 минут идэвхтэй хичээллээд 10 минут амрах гэх мэтээр 3 удаа 40 минут хичээллэснээр та ядрахгүйгээр 2 цаг идэвхтэй сууж чадна. Хамгийн гол нь 40 минутын хугацаанд өөр юунд ч биш зөвхөн хичээллээ төвлөрөх ба 10 минутын амралтын үеэрээ огт хичээлээ хийхгүй байх хэрэгтэй.

Өөрийн арга барил

Эцэст нь юуны тулд хичээл хийж буй зорилгоо тодорхойлоод маш олон аргуудыг туршиж үзээд өөрт хамгийн тохирохыг нь сонгоорой. Хүн бүрийн хичээл хийх, юмсыг ойлгох арга өөр учраас бусад хүнд тохирсон арга танд заавал нийцэх шаардлагагүй. Дээрээс нь юунд ч хүрэхэд товч зам гэж үгүй. Хичээл хийх аргууд зөвхөн хичээл хийх үеийг хөнгөвчилж өгөх хэдий ч эднийг хэрэгжүүлэхэд танаас их тэвчээр шаардана. Өөрийн гэсэн онцгой аргаар хичээж чадвал та ямар ч асуудалгүйгээр хүссэндээ хүрэх болно оо.

#нийтлэл