1871 оны аравдугаар сарын 31-ний орой. Сүнсний баяр болж байв. Алдарт зохиолч, яруу найрагч Оскар Уайлд хоёр эгчийнхээ хамт баярт иржээ.
Эмилигийн даашинзны хормой бүжиглэх үеэр зуухан дахь галтай авалцаж, даашинз нь шатаж эхлэв. Эгчийгээ харсан эмэгтэй дүү нь гүйн иртэл түүний хормой ч шатаж эхэлжээ. Эгч дүүс хэд хоногийн дараа шархаа даалгүй нас барсан. Оскар Уайлд тухайн үед 17 настай байжээ. Тэрээр байшингийн гадаа ч эгч нарынх нь ёолох дуу сонсогдож байсан талаар бичиж үлдээсэн аж.
Уайлдын охид шиг дэрвэгэр хормойн улмаас амиа алдсан эмэгтэйчүүд олон. Ирланд, Их Британид Хатан хаан Викториагийн цаг үед энэ хувцас эмэгтэйчүүдийн дунд их дэлгэрчээ.
18-р зуунд энэ даашинз хамгийн эрэлттэй болж, 19-р зуунд дотуур нь бошинз өмсөх болжээ. Хормойг нь дэрвэгэр болгохын тулд халимын яс, морины сүүл, мод, сүрэл, дугуй зэргийг ашигладаг байв. Удалгүй төмөр утсаар хэв бүтээн, 1850 онд оёдлын машиныг зохион бүтээснээр олон даашинз оёх боломж бүрдэв.
1856 онд төмөр утсаар хийсэн хормойг оюуны өмчөөр бүртгүүлжээ. Үүнээс нэг жилийн дараа Англичууд Шведээс 40 мянган тонн төмрийг хормойн хэв гаргахаар авсан байна.
Шэффиэлд дэх үйлдвэрт 800 эмэгтэй өдөрт 8000 ширхэг даашинз оёдог ч захиалга ирсээр байв. Дэрвэгэр хормой хамгийн эрэлттэй хувцас болжээ. Алдарт сувилагч Флорэнс Найтингэйл албан тушаалтнуудаас энэ хувцасны улмаас хэдэн эмэгтэй амиа алдсан талаар асууж шалгаасан ч хүүхнүүд дэрвэгэр хормойд хошуурсаар байв.
Сонинд амиа алдсан тохиолдлуудын талаар үе үе мэдээлдэг байсан ч нийт хэчнээн эмэгтэй гэнэтийн осолд өртсөнийг мэдэхэд бэрх. 1864 онд “гурван жилийн дотор Лондонд Сантиагогийн гал түймэрт өртсөнөөс ч илүү эмэгтэй хормой нь шатаж, түлэгдэн, амиа алдсан” гэж мэдээлжээ.
1863 онд Чилийн Сантиагод, сүмд гарсан түймэрт 2000 эмэгтэй шатсан байна. Тэдний даашинз хүнд жинтэй байсан тул зугтаж чадаагүй аж.
1850-иад оноос хойш дэрвэгэр хормойн моод үргэлжилсэн арван жилд зөвхөн Их Британид 3000 орчим эмэгтэй шатаж үхсэн тооцоо бий.
New York Times сонины 1858 оны дугаарт “Их Британид нэг сар хагасын хугацаанд 19 эмэгтэй түлэгдэж үхэв. Энэ тоо хамгийн бодлогогүй хүнийг айлгахад хангалттай” гэж эмэгтэйчүүдийг шүүмжлэн бичжээ.
Ийм аюултай байхад яагаад эмэгтэйчүүд энэ хувцаснаас татгалзаагүй вэ? Тухайн үед малгай оёход мөнгөн ус, даашинзад их хэмжээний хүнцэл агуулсан будаг ашигладаг байжээ. Мөн олон давхар хормойтой даашинзыг түргэн тайлах боломжгүй. Зарим хормой хоёр метр урт байжээ. Дэрвэгэр хормойтой даашинзыг зарим эмэгтэй торонд орсон шувуутай зүйрлэн шүүмжилсэн ч дийлэнх нь дуртайяа өмсдөг байжээ.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх