Өөрөө өөртөө эрхэм нандин хандах энэ их чухал утгатай үг. Шуурга шиг л нэг тийш яарах хүмүүсээс үлдэхгүй гэсэн дээ зүтгэсээр нэг л мэдэхнээ юуны төлөө гэх асуултад ороогдон сэтгэлээр унах хүмүүс олон. Тэр дундаа амьдралд хөлөө олохоор бүдчин тэмтчиж буй залууст энэ бол халширмаар асуудал. Энэ үед хүмүүс өөртөө хачин их хатуурхдаг. Угтаа энэ үед л та өөрөө өөртөө эрхэм нандин хандах хэрэгтэй шүү. Ингээд танд дэм болохуйц бяцхан зөвлөгөө хүргэе.
Нөхцөлд байдлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх
Бүх зүйлд хамгийн шилдэг, хичээнгүй нэгэн байх гэж өөрийгөө чөдөрлөх хэрэггүй. Энэ нь таныг битгий хичээ гэсэн үг биш юм. Өөрийн чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөрч чаддаг хүнээс тусламж эрэх нь хамгийн зөв сонголт. Чадахгүй байна гэж өөртөө хатуурхалгүй нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөд суралцаарай.
Их ажлын дараа хэсэг амралт авах
Завгүй өдрүүд, ачаалалтай ажлын ард урт амьсгаа авч хэсэг амраарай. Өөрийн дуртай зүйлээрээ өөрөө өөрийгөө шагнаж яагаад болохгүй гэж. Энэ бол өөрийгөө хайрлаж буйн нэг хэлбэр шүү...
Өөрийн амар тайван орон зайг үүсгэж, мэдрэмжээ сонсох
Амар тайван газар л жинхэнэ аз жаргал оршдог. Тайван амгалан байх орон зайг өөрөө өөртөө үүсгэн найруулсан хар кофе, тансаг үнэртэй цай уунгаа орчин тойрноо ажин хөнгөхөн бодолд автаарай. Өөрийнхөө тухай илүү ихийг анзаарах нь дамжиггүй ээ.
Яг одоо цагт амьдрах
Тэр үед тэгсэн бол, тэрийг яана гэсээр яг одоо байгаа цаг хугацаагаа анзааралгүй өнгөрөөж байгаа юм биш биз. Ирээдүйн төлөвлөгөө чухал ч одоо цаг түүнээс ч үнэтэй шүү дээ. Яг энэ цаг мөчдөө жаргалтай байхад суралцаарай.
Өөрөө өөртөө үнэн байх
Өөрөө өөртөө эрхэм нандин хандах нь үнэн байхаас эхэлнэ. Давчдам хэцүү үе, хөл газар хүрэлгүй хөөрөх мөч ер амьдралын ямар ч нөхцөлд үнэн байх нь тулгарч болох дарамтуудаас таныг чөлөөлнө.
Чи бол чи шүү дээ. Итгэл дүүрэн гэрэлтээрэй.
Зургийг: gitkadraws
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх