"Star Wars" киноны хамгийн алдартай Millennium Falcon хөлөг бүтсэн түүх


Э. Анх-Эрдэнэ | YOLO.MN
2020-07-29

Энэ бол та бидний сайн мэдэх "Star Wars" киноны хамгийн алдартай сансрын хөлөг болох Millennium Falcon. Түүнийг бид галактикийн хамгийн хурдан хөлөг гэдгээр нь мэдэх билээ. Millennium Falcon нь Skywalker saga цувралын нийт зургаан ангид гарсан бөгөөд хөлгийн дизайныг Америкийн кино уран бүтээлч Joe Johnston гаргасан юм. Гэвч тус хөлгийн анхны хувилбар нь бидний мэдэх Han Solo-гийн Millennium Falcon-оос огт өөр харагдах ажээ.

Millennium Falcon хөлгийн анхны загвар нь хажуу талдаа хоёр их буу бүхий урт цилиндр хэлбэртэй байжээ. "Star Wars" киноны уран бүтээлчид уг сансрын хөлгийг 1975-1977 оны хооронд гарсан хоёр улирал бүхий "Space: 1999" цуврал дээр гардаг сансрын хөлөгтэй хэтэрхий төстэй байна гэж үзсэний улмаас анхны загварыг шинэчлэхээр шийдсэн гэдэг. Киноны зураг авалт эхэлсэн байсан тул тэд загварыг маш хурдан өөрчлөх шаардлагатай болсон байна. Иймд найруулагч George Lucas дизайнерууддаа яг ”нисэж буй таваг” шиг хэлбэр бүхий сансрыг хөлөг бүтээхийг даалгажээ. Тухайн үед "Star Wars" кинон дээр ажиллаж байсан Joe Johnston загварыг нь өөрчлөн одоогийн дугуй хэлбэр бүхий сансрын хөлгийг бүтээсэн аж.

Millennium Falcon хөлгийн загварыг гаргасан Joe Johnston хожим энэ талаар дурсахдаа: 

- "Бид Millennium Falcon хөлгийн одоогийн загварыг ердөө ганц өдрийн дотор л гаргасан. Үнэндээ бол энэ миний загварыг нь хамгийн богино хугацаанд гаргасан хөлөг болсон. Бид зүгээр л өөр нэг хөлгийн эд ангиудыг аваад тавган дээр байрлуулсан юм" гэсэн байдаг. Тэрбээр "Star Wars" цувралын анхны гурвалсан бүтээлийн визуал эффектийн ажлыг хариуцахаас гадна тус цувралд гардаг олон олон сансрын хөлөг, төхөөрөмжүүдийн дизайныг гаргаж байсан эрхэм билээ.

Millennium Falcon хөлгийн дизайн өөрчлөгдсөний дараа кино уран бүтээлчид хөлгийг маш олон хэмжээтэйгээр бүтээжээ. Гарын алганд багтах хэмжээний жижгээс авахуулаад нэг метрийн урттайг хүртэл хийж байсан аж. Харин "Star Wars" цувралын хоёрдугаар анги болох "The Empire Strikes Back" (1980) кинон дээр анх удаагаа бодит хэмжээгээр нь буюу 20 орчим метрийн урттайгаар бүтээж байсан гэдэг.

Эх сурвалж: Screen Rant

#Millennium Falcon #Star Wars