Нартай, бороотой налгар зун цаг эхэлж, оюутан сурагчид үргэлж бужигнаж байдаг хотын гудамж төд удалгүй эл хуль болох нь. Зургаадугаар сар талдаа орж, зун эхэллээ гэсэн сэтгэл догдлолоороо яаж энэ гурван сарыг үр дүнтэй өнгөрөөх вэ гэсэн бодолд дарагдаж буй бол энэ нийтлэл танд яг тохирно.Энэ бол амарч зугаалах, шинэ зүйлс сурч, ур чадвараа хөгжүүлэх, туршлага хуримтлуулах, өөртөө хувь нэмэр оруулах үнэ цэнтэй цаг үе юм. Тэгвэл та энэ зун юу хийж болох вэ?
Дадлагын Ажил (Internship)
Ахлах сургуулийн сурагчдад дадлага хийх нь чухал ур чадваруудыг хөгжүүлэх, хүрээллээ тэлэх, анги танхимд суралцсаныг бататгах, ажил мэргэжлийн чиг баримжаа, заавар зөвлөгөө авах зэрэг үнэ цэнтэй мэдлэг, туршлагаар хангадаг. Тухайлбал GerHub, Зориг Сан гэх мэт газрууд ахлах сургуулийн хүүхдүүдэд дадлагын ажил хийх олон боломж олгодог. Хөтөлбөрүүдэд нь амжиж бүртгүүлж чадаагүй гэж бүү санаа зов. Эхлээд өөрийн CV-г бэлдээд, дараа нь дадлага хийхийг хүссэн газраа олоод мэйл илгээгээрэй. Сонголтоо хийхдээ чиний хүссэн туршлага, мэдлэгийг өгөх, тохирсон газруудаа жагсааж бичээд, мэйл дээрээ хийж чадах зүйлүүдээ жагсаагаад, өөрийн чадвар, авхаалж самбаагаа харуулаарай.
Сайн дурын ажил (Volunteer Work)
Цагаа үр дүнтэй өнгөрүүлэх гайхалтай аргуудын нэг нь бусдад өөрийн чадлаараа тусалж, нийгэмд сайн сайхныг бүтээх юм. Жишээ нь хэрэв чи амьтанд хайртай бол UB Shelter-д сайн дурын ажил хийж болох ба Лантуун Дохио, Veloo Сан, Улаан Загалмай гэх зэрэг хүмүүнлэгийн үйлсэд ч хувь нэмэр оруулж, тусалж болно. Эсвэл нэг удаа болох үйл ажиллагаануудад сайн дурын ажилтан хэрэгтэй бол оролцож болдог юм шүү.
SAT, IELTS, TOEFL, ЭЕШ (Standardized Tests)
Эдгээр шалгалтууд дээр хүссэн өндөр оноогоо авахын гол түлхүүрүүд нь бэлтгэл, бэлтгэл, бас дахин бэлтгэл юм. Тиймээс эрт эхлэх тусам илүү сайн үр дүн гарах болно. Хэрэв гэртээ эсвэл зусландаа хийх зүйлгүй бол энэ цагаа ашиглаад шалгалтдаа одоогоос бага багаар бэлдэж эхлээрэй. Өмнө жилүүдийн материалуудыг хийж, бүтэцтэй нь өөрийгөө дасгаж, чадахаараа суралцахыг зөвлөж байна.
Шинэ хэл сур (Learn a New Language)
Дэлхийн хүн болохыг хүсэж хэн бүхэн олон хэлтэй байх шаардлагатай. Хэлний секц, дугуйланд явж аль эсвэл бие даан сурч, шинэ хэлээр өөрийгөө хөгжүүлэх нь том чадвар болж үлдэнэ. Ингэхдээ өртөө хэцүү болголгүй, тэр хэлээрээ кино үзэж, дуу сонсож, хүмүүстэй ярилцаж, сонирхолтойгоор сурах нь хамгийн үр дүнтэй.
Өөрийн хүсэл тэмүүллээрээ ямар нэгэн зүйл хий (Do Something With Your Passion)
Өөрийн сонирхлыг олоод, түүгээрээ ямар нэгэн зүйл хийх нь амжилтад хүрэх магадлалыг нэмдэг. Хэрэв та зураг зурах дуртай бол “art portfolio” хий. Эсвэл гэрэл зураг сонирхдог бол гэрэл зургийн “portfolio” хийж болно. Хэрэв та ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглодог бол хамтлаг байгуулж, интернэтэд дуу бичлэгээ тавих боломжтой.Бичих дуртай бол блог, ном гээд л сонирхлоо хөгжүүлэх, нээх боломжийг хайгаарай.
Судалгааны ажил (Write a Research Paper)
Судалгааны ажил хийж бичих нь сонирхсон сэдвээ гүнзгийрүүлэн судлах, шүүмжлэлтэй сэтгэх, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэх, судалгаа хийж, тал талаас өөрийгөө сайжруулах боломжийг олгодог. Энэ нь их сургуульд ороход ч их хэрэгтэй чадваруудыг суулгана.
Шинэ зүйл сурах эрч хүчээ олох (Find the Joy in Learning)
Бүтэн жил хичээллэж, хичээллэж амарч буй болохоор бүгдээрээ л сурахаас залхсан байгаа байх. Жишээ нь бид шалгалтын араас шалгалтад бэлдэх замдаа шинэ зүйл мэдэх сурах эрмэлзлээ алдсан байдаг, Харин одоо л тэр хүчээ буцаж олох цаг юм. Ямар нэг зүйлийг өөртөө тайван хүлээцтэй, өөрийн хурд хэмжээндээ тааруулж, сонирхол татам болгож сураад эрч хүчээ нөхөж аваарай.
Бие даасан төслөө эхлүүл (Start Your Personal Project)
Төсөл гэдэг нь юу ч байж болно. Номын клуб бий болгох, амралтын өдөр болгон голын эрэг цэвэрлэх гээд ямар ч содон санаа гаргаж болно. Эдгээр төслүүд нь бие даасан, санаачилгатай байдлыг тань харуулахын зэрэгцээ шинэлэг санаа гаргах, багаар ажиллах боломжуудыг олгодог. Хэн нэгнийг татанн оруулах, баг үүсгэх зэрэг нь манлайлах ур чадварыг хөгжүүлж, амжилтад хүрэх мэдрэмжийг бий болгож, нийгэмд эерэг нөлөө үзүүлж чаддаг тул хойш суулгүй эхлүүлээрэй. Чи чадна.
Сонирхлоо ол (Find a Hobby)
Хувь хүмүүс, тэр дундаа ахлах ангийн сурагчдад хобби олох гэдэг маш чухал. Өөрийгөө илэрхийлэх, ур чадвараа хөгжүүлэх, стресс тайлах, нийгмийн харилцаа холбоо тогтоох гэх мэт олон давуу талтай. Иймээс өөр өөр төрлийн хобби сонирхолтой болж өөрийн чадвараа нэмээрэй.
Эцэст нь хөдөлмөр чармайлтынхаа хажуугаар өөртөө амралт, хөгжилтэй цаг гаргахаа хаягдуулж болохгүй юм. Тэнцвэрийг нь олоод энэ зун олон зүйл хийж бүтээгээрэй. Амжилт!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх