Yolo.mn дэлхийн топ их дээд сургуульд тэтгэлэгтэй тэнцсэн сурагчдыг онцлон хүргэж буй билээ. Энэ удаа Хэнтий аймгаас Улаанбаатар хотноо шилжин ирж АНУ-ын 20 их сургууль руу өргөдлөө илгээгээд, 10-т нь тэнцсэн Т.Намуунтай ярилцлаа. Тэр Нью-Йоркийн их сургуульд 210,000 долларын тэтгэлэг хүртэн ирэх намраас суралцах болсон байна.
Та бүхэн хүссэн сургуульдаа тэнцэж, тэтгэлэг авсан Т.Намууны нууцыг доорх ярилцлагаас олж мэдээрэй.
Instagram: namuuntur
LinkedIn: Namuun Turkhuu
YOLO: Сайн байна уу? Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаад өгөөч.
- Сайн байцгаана уу? Намайг Т.Намуун гэдэг. Би Томүжин Алтернатив сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. Өнгөрсөн өвөл Америкийн 20 их сургуульд өргөдлөө илгээгээд аравт нь тэнцэж New York University Shanghai /NYU Shanghai/ буюу Нью Йоркийн их сургуулийн Шанхай дахь салбар сургуулийг сонгон суралцахаар болсон. 9 дүгээр анги хүртлээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуульд суралцаж байгаад 10 дугаар ангиасаа хойш Томүжин Алтернатив сургуульд суралцаж байна.
YOLO: Хүссэн сургуульдаа тэнцсэнд нь баяр хүргэе. Тэнцсэн арван сургуулиасаа яагаад Шанхай дахь Нью-Йоркийн их сургуулийг сонгох болсон бэ?
- Нью Йоркийн их сургууль нь Абу Даби, Шанхай, Нью Йоркод тус тус гурван салбартай. Дэлхийн шилдэг сургуулиудаас 25-т жагсдаг бөгөөд бизнес, эдийн засгийн чиглэлээр дэлхийд 7 дугаарт эрэмбэлэгддэг. Би эдийн засаг, бизнесийн чиглэлээр суралцахыг хүсэж буй учраас тус сургуулийг сонгосон. Энэ бол миний хувьд маш том боломж гэж бодож байна.
YOLO: Өргөдөл илгээхдээ юун дээр түлхүү анхаарч ажилласан бэ?
- Би 11 дүгээр ангиасаа IELTS, TOEFL шалгалтуудад бэлтгэж эхэлсэн. Сургуулийн зүгээс эсээн дээр анхаарахаас гадна сургууль сонголтоо зөв хийхийг сурагчдадаа уриалж зааж зөвлөдөг. Миний хувьд зуны амралтын турш сургуулиудаа судалж, нэмэлт эсээ бичсэн. Есдүгээр сараас зөвхөн гол эсээгээ бичих тал дээр голлон анхаарал хандуулсан.
YOLO: Эсээ болгонд онцлог гэж байдаг шүү дээ. Чиний хувьд бичсэн эсээний чинь онцлог, давуу тал юу вэ?
- Аймагт амьдардаг жирийн л нэг охин Томүжин Алтернатив сургуулийн шалгалтад тэнцэж суралцаад, түүнээсээ цааш дэлхийн шилдэг их сургуулийн тэтгэлгийг хүртэнэ гэдэг маш том амжилт. Энэ хүртэл надад хамгийн их нөлөөлж, тусалж байсан зан чанар бол “өлсгөлөн” байдал. “Өлсгөлөн” байдал гэдэг бол оюуны цангаагаа тайлах хүсэлтэй нэгэн гэсэн утгатай юм. Багаасаа л аливааг таньж мэдэх хүсэлтэй, мэриймтгий байсан л даа. Энэ тухай эсээндээ голчлон тусгаж бичсэн.
"Яаж ч залхуу хүрсэн хоцорч үлдэж болохгүйг Томүжингийн хүрээлэл ойлгуулсан"
YOLO: Сургуулиас гадуурх сайн дурын ажилд идэвхтэй оролцдог гэж сонссон. Энэ тухай ярьж өгөөч.
- Би 9 дүгээр ангиасаа эхлээд Америкт суралцах боломжуудыг судалж эхэлсэн. Зорилгодоо хүрэхийн тулд зөвхөн сайн дүн хангалтгүй бөгөөд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой гэдгийг ойлгосон. Анх өргөдлөө илгээхийн тулд сайн дурын ажил хийж эхэлсэн боловч явц дундаа түүнийхээ үр шимийг хүртэж, өөрийнхөө төлөө хийдэг болсон. Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсоноор шинэ хүрээлэлтэй болж, сонирхолтой зүйлсийг сурч, өөрийгөө өөрчилж чадсан гэж бодож байна. Хамгийн анх Tomyo-гийн Хэнтий аймаг дахь эрдмийн элч хийж байсан. Сая сүүлд гэх юм бол “Хорин нэгэн мөрөөдөл” төсөлд хамрагдаж 21 аймгийн хүүхдүүдэд сайн дурын ажилд хэрхэн хамрагдах тухай өөрийн сайн туршлагаас хуваалцлаа.
YOLO: Чөлөөт цагаараа дурлаж хийдэг зүйлс юу вэ?
- Ном унших дуртай. 1 дүгээр ангидаа маш муу уншдаг хүүхэд байсан. Минутад бараг найман үг уншдаг байсан л даа. Тиймээс ээж минь миний унших хурдыг сайжруулахын тулд ном уншихад тусалдаг байсан. Тэрнээс хойш номд дурлаж, одоогоор 400 гаруй ном уншсан байна. Улс төр, бизнесийн тухай ном уншихаас гадна Достоевский, Франц Кафка гэх зэрэг зохиолчдын сонгодог уран зохиолын номыг унших дуртай.
"Анх яагаад эхэлснээ мартсан тохиолдолд шантардаг байх"
YOLO: Сурах арга барилаасаа хуваалцвал?
- Цагаа зөв зохицуулах хамгийн чухал санагддаг. Маргааш хийх ажлуудаа орой нь төлөвлөж бичээд унтдаг. Хэрвээ өмнөх өдөр нь хийх ажлаа сайн бодчихсон байх юм бол маргааш нь ямар ч гэнэтийн зүйлд үгүй гэж хэлэх хүчтэй болно гэсэн үг.
YOLO: Сургуулийнх нь зүгээс өргөдлөө илгээхэд нь хэрхэн нөлөөлсөн бэ?
- Сургууль хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг. Хүсэл сонирхлыг нь асууж, хувийн зөвлөгөөнүүдийг өгнө. Үүнийхээ дараа SAT, TOEFL,IELTS-ийн шалгалтуудад авах оноог амлаж, эсээнд голчлон анхаардаг. Сургуулийн захирал, багш нар бидний ачаалалтай үеийг хамгийн сайн ойлгож дэмжинэ. Жишээ нь долоо хоногийн хугацаатай camp маягаар хичээллэж, сурагчдадаа өргөдөл бичихэд нь тусална. Мөн хамгийн чухал зүйл нь хүрээлэл. Хамт суралцаж буй ангийнхан, сургуулийн хамт олон бараг бүгд л Америкийн их сургуульд өргөдлөө илгээх хүсэл, эрмэлзэлтэй хүүхдүүд байдаг. Тиймдээ ч яаж ч залхуу хүрсэн хоцорч үлдэж болохгүйг Томүжингийн хүрээлэл ойлгуулсан"
YOLO: Өргөдлөө илгээх, тэтгэлэг авах процесс тийм ч хурдан бас үр дүн нь тодорхой гарах үйл явдал биш шүү дээ. Шантрах үе байсан уу?
- Их сургуульд тэтгэлэгтэй тэнцэнэ гэдэг тийм амар зүйл биш шүү дээ. Энэ жил гэхэд өргөдлөө илгээсэн 90 гаруй хүүхдээс 1,2 хүүхэд л тэнцэв. Тийм болохоор завсар жил авчихдаг ч юм билүү гэж бодож байлаа. Яг тийм үед мөн л найзууд, эсээ зөвлөхүүд, багш нар их тусалсан. Тухайн үеэ даваад хүссэн зүйлдээ хүрсэндээ баяртай байна. Миний бодлоор анх яагаад эхэлснээ мартсан тохиолдолд шантардаг байх. Тиймээс зорилгоо мартахгүйн тулд дэвтрийнхээ урд өөрийнхөө зорилгыг, урам өгөх үгийг бичээд шантрах үедээ унших нь их тусалдаг юм билээ.
"Өөртөө англи хэл сурах боломжийг гаргаж өгөх хэрэгтэй"
YOLO: АНУ-руу өргөдлөө илгээмээр байгаа олон хүүхдүүд байгаа ч хамгийн эхний асуудал нь мэдээж англи хэл байдаг. Таны хувьд хэрхэн англи хэл сурч байсан бэ?
- Миний бодлоор англи хэлийг маш том ачаа болгож харахгүйгээр зүгээр л “Би гадаадын их сургуульд өргөдлөө илгээнэ. Тийм учраас надад англи хэл хэрэгтэй” гэж бодож хэрэглээ болговол үр дүнтэй суралцана байх. Авч буй мэдээллийн эх сурвалжуудаа, сонсож буй дуунуудаа англи болгож, өдрийн тэмдэглэлээ англи хэлээр хөтлөөд... өөртөө англи хэл сурах боломжийг гаргаж өгөх хэрэгтэй. Бас хоёрдугаарт англи хэлийг ашиглахаас өөр замгүй хүрээлэлд зоригтой орж үзээрэй. Жишээ нь олон улсын хөтөлбөрт өргөдлөө илгээж гадаад хүүхдүүдтэй танилцан, англи хэлээр илтгэлээ танилцуулах гэх мэт. Ер нь тийм нөхцөл байдалд ичээд өөрийн эрхгүй сурчихдаг. Ичих гэдэг бол нэг төрлийн өвдөлт шүү дээ. Тэр өвдөлтийг англи хэлээ сайжруулах урам зориг болгоорой.
YOLO: Ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байгаа вэ?
- Гоё асуулт байна. Би багадаа Хэнтий аймагт өссөн. Тухайн үед зурагтаар маш олон гоё хүүхдийн нэвтрүүлэг, дугуйлангийн зарлалууд гардаг байсан. Би тэдгээр дугуйлан секцэд сууж, нэвтрүүлэг хөтлөхийг хүсдэг байлаа. Гэтэл гэрийнхэн минь миний энэ хүслийг “Хотод байсан бол боломжтой” гэж хэлдэг байсан. Үнэнийг хэлэхэд манай суманд төрөлжсөн урлаг соёлын дугуйлан секц байхгүй, хүүхэд хөгжих боломж бага байсан. Ингээд би хотод Томүжин Альтернатив сургуульд элсэж орсны дараа хаалга татаад л маш их боломж гарч ирж байсан. Тэр боломжийг атгах хүүхдүүдийн тоо нь бараг дутдаг. Тийм том соёлын ялгааг би олж харсан. Хөдөө орон нутагт өндөр потенциал, чадвартай хүүхэд байлаа гэхэд түүнийг хөгжүүлэх гарц нь байгаагүй болохоор үлдэх харамсалтай. Иймээс би боловсролын тэгш бус байдлыг тэнцвэржүүлэхэд гар бие оролцохыг хүсэж байна.
YOLO: Манай уншигчдад зориулаад өөр хэлэх зүйл бий юу?
- Эцэст нь "Яагаад гадаадад суралцах ёстой вэ" гэдгээ өөрийнхөө нүдэнд харагдтал төсөөлж бодоод үйлдлээ эхэлбэл өргөдлийн бүх процесст маш их түлхэц болно шүү. Амжилт хүсье.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Танд ч бас амжилт хүсье
М.Намуун
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх