“Yeezy”-ийн асуудал “Adidas”-т тэрбумын хохирол дагуулсан “хар дарсан зүүд” болсон нь...


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-05-29

Сүүлийн жилүүдэд “Adidas” санхүүгийн нүсэр зорилтоо биелүүлэхийн тулд нэг хүнээс хэтэрхий хамааралтай болсон нь эргээд өөрсдөд нь эрсдэл учруулж байна

“Adidas” Кэнье Уэстийг орхихдоо дурамжхан байсан нь цаанаа шалтгаантай. “Yeezy” брэнд компанийн ашгийн бараг тал хувийг бүрдүүлж байсан болохоор л тэр.

Өдгөө АНУ-аас БНХАУ хүртэлх “Adidas”-ийн агуулахуудад зарагдаагүй сая сая хос “Yeezy” хураалттай хэвтэж байна. Хамгийн алдартай бизнесийн түнш Канье Уэст буюу Ye-тэй гэрээгээ цуцалсан дуулиант явдлаас хойш долоон сар өнгөрсөн ч нэгэн цагт хязгаартай тоогоор гаргахад тэр дороо зарагдаж дуусдаг байсан тэдгээр гутлуудыг “Adidas” хэрхэхээ шийдэж чадалгүй багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. Зарагдаагүй "Yeezy"-нүүдийн нийт үнэ цэнийг тооцвол 1.3 тэрбум ам.доллар дөхөх тул “Adidas” энэхүү алдагдлыг нөхөх арга зам яаралтай олох хэрэгтэй болсон юм.

Дундад зууны түүхтэй Херцогенаурах хотын дэргэдэх “Adidas”-ийн төв оффист “Yeezy”-ийн энэхүү ацан шалаанаас гарахаар хэдэн сарын турш бодол, саналаа уралдуулжээ. Энэхүү спорт гутал тус бүрээс “Yeezy”-ийн логог ханзалж авъя гэвэл дэндүү их гар ажиллагаа шаардагдах аж. Мөн Турк, Сири зэрэг гамшигт нэрвэгдсэн орнуудад тэдгээрийг хандивлах санал яригдсан ч хууль бус наймаа цэцэглэх эрсдэлтэй тул больжээ. Дэлхийн хамгийн том түүдэг галд шатаалаа гэхэд байгаль орчинд гамшиг учруулахаар байсан бол өчүүхэн хуванцар хэсгүүд болгон жижиглээд хиймэл зүлэг болгоё гэхээр хэтэрхий төвөгтэй, үр дүн ч муутай байхаар байв. Эцэст нь компанийн удирдлагаас “Гутлуудыг ямартай ч зарна, гэхдээ багагүй хэсгийг нь хандивын ажилд зориулна” гэсэн эцсийн шийдвэр гаргажээ. Ийнхүү агуулахад гацаад байсан гутлууд энэ тавдугаар сарын эцсээр худалдаанд гарч эхлэхээр болов.

Өнгөрсөн оны аравдугаар сард Канье Уэст еврей үндэстний эсрэг үзэн ядалтаа удаа дараалан хяналтгүйгээр илэрхийлж, олныг цочирдуулсан тул “Adidas” олон тэрбум ам.доллароор хэмжигдэх “Yeezy”-ийн хамтын ажиллагааны гэрээгээ цуцлахаас өөр сонголтгүй болсноор компанийн орлогын бараг тэн хагас нь хормын дотор арчигдав.

Ингээд зогсохгүй тус компанийн олон жилийн турш “Yeezy”-ийн амжилтаар халхавчилж байсан бугшмал асуудлуудыг энэхүү уналт ил гаргасан нь нэрмээс болжээ. “Adidas” компанийн орлогын ийм их хэсгийг анхнаасаа Канье Уэст бүрдүүлэх учиргүй байжээ. Үнэндээ компанийн бусад бүтээгдэхүүнүүдийн борлуулалт муудах хүртэл Канье Уэстийн авчрах орлогын хувь тийм ч өндөр биш байв. Бүтээгдэхүүнийх нь амьдралын мөчлөг эрс богиносож, “Adidas”-ийн зүгээс найдлага төрүүлсэн бүхнээ зах зээлд "бөөндөж", заримдаа хуучны бүтээгдэхүүнээ дахин гаргахаас өөр аргагүй болж байв. Бейонсе болон “Prada”-тай хийсэн түншлэл нь бүтэлгүйтлээр төгсөв. Компанийн удирдлагын цар тахлын стратеги туйлын буруу байснаар далайн чанад дахь амин чухал хоёр зах зээлдээ нэгэнт байр сууриа алджээ.

Өдгөө “Adidas” компани “Yeezy”-ийг орхисны дараах амьдралтай нүүр тулахаас өөр аргагүй болж байна. Өнгөрсөн намар тус компанийн хяналтын бүлэг Гүйцэтгэх захирал Каспер Рорстедийг гэрээ нь дуусахаас гурван жилийн өмнө албан тушаалаас нь буулгахад 17 сая ам.доллар зарцуулахаар шийдсэн юм. Шинэ залуу үеийн төлөөллийг Гүйцэтгэх захирлаар томилж азаа үзэхийн оронд ТУЗ илүү ухаалаг сонголт дээр тогтсон нь зэргэлдээ хотод байх мөнхийн өрсөлдөгч “Puma”-ийг амжилттай удирдаж байсан Бьёрн Гулден байлаа.

Хоёрдугаар сард “Adidas”-ийн тайлан тооцоотой танилцсанаасаа хэдхэн долоо хоногийн дараа Бьёрн Гулден компанийн түүхэн дэх хамгийн бүрхэг үзүүлэлт бүхий санхүүгийн төсөөллийг гаргав. Энэ онд “Adidas” 700 сая гаруй ам.долларын алдагдал хүлээхээр байгаа нь 1990-ээд оны эхэн үеэс хойших анхны тохиолдол нь болох аж. Тус компани ойролцоогоор зургаан тэрбум ам.доллароор үнэлэгдэх спорт гутал, хувцас хэрэглэлийг "зад хямдрал"-аар яаралтай борлуулахгүй бол ашигт ажиллагааны өсөлтийн талаар санасны ч хэрэггүй болжээ.

Их хэмжээний бүтээгдэхүүн зарагдаагүй нь голчлон нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, эрэлтийн хэтэрсэн тооцооноос үүдэлтэй боловч салбарыг бүхэлд нь хамарсан энэхүү асуудлыг өрсөлдөгчид нь аль хэдийн шийдсэнийг дурдах хэрэгтэй.

"Yeezy”-ийн гамшгийн дараа “Adidas”-т бүрэн шинэчлэл шаардлагатай болж байна. Эдгээр алдагдсан он жилүүдийн эцэст Бьёрн Гулдений өмнө маш их ажил гарч ирлээ" хэмээн тус компанийн хувь эзэмшигч "Union Investment"-ийн Байгаль орчин, нийгэм, засаглал хариуцсан захирал Янне Вернинг өгүүлж байна.

Б.Бат-Очир

#Мэдээ