ФОТО: “Нэг тэрбумаараа тэмцье” эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх алхалт болов


Б. Ирээдүй | YOLO.MN
2023-03-09

“Нэг тэрбумаараа тэмцье” эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх алхалт Сүхбаатарын талбайд болов. Дэлхийн 200 орчим улсад энэ алхалтыг зохион байгуулдаг. Харин манай улсад гуравдугаар сарын 8-нд болдог онцлогтой.    

"Хөөрхөн зүрх" ТББ-аас зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг Эмнэсти интернэйшнл,  Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ЛГБТ төв гэх мэт ТББ-уудын төлөөлөл, тэднийг дэмжигчид, иргэний нийгмийн байгууллагынхан оролцсон юм. Манай улсад энэ алхалт арав дахь удаа боллоо.

Зорилго нь жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах, охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлддэг хүчирхийллийг таслан зогсоох, энэ талын мэдлэг, мэдээллийг нэмэх, залуучуудын оролцоог нэмэх, хохирогчийг дахин буруутгахгүй байх хандлагыг олон нийтэд бий болгох юм. Эдгээр мессежийг тайван замаар, урлагаар дамжуулан түгээхийг зорьдог байна.  

"Хөөрхөн зүрх" ТББ-ын менежер Ц.Баасаннямбуу

"Хэдий манай улсад олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баярын уур амьгсалтайгаар, бэлэг сэлт дүүрэн тэмдэглэдэг ч бид энэ  өдөр эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлуудаа ярих ёстой.

Өнөөдөр баярын өдөр ч жилийн бусад 364 өдөрт эмэгтэйчүүдэд хүчирхийлэлд өртдөг" гэв.

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө эв нэгдлээ илэрхийлж, улаан өнгийн гадуур хувцас өмсөхийг оролцогчдод уриалжээ. Мөн зохион байгуулагчдын зүгээс тус хөдөлгөөний бэлэг тэмдэг болсон мууран малгайг алхалтын үеэр борлуулсан юм. 

#Мэдээ