А.ГҮЕГ: АНГЛИ ХЭЛТЭЙ болсноор би юу хүссэнээ ШИНЭЭР СУРЧ, МЭДЭЖ байгаа нь гоё


Б.Нямдарь | YOLO.MN
2016-12-14

Өөрийн сурсан зүйлээ бусадтай хуваалцана гэдэг нь сайхан зүйл. Бид энэ удаагийн ярилцлагаараа нэгэн чадварлаг хүүг та бүхэндээ танилцуулж байна. Тэрээр төрөл бүрийн амттаныг өөрийн гараар хийдэг төдийгүй, хийх жорыг видео бичлэгээр бусадтай хуваалцдаг аж. Түүний чадвар дан ганц амттан хийхээр хязгаарлагдахгүй бөгөөд тэрээр англи хэлийг бие даан маш сайн эзэмшжээ. Түүнтэй YOLO.mn  сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу.

"ХАЙРТАЙ ХҮМҮҮС МИНЬ МИНИЙ ХИЙСЭН АМТТАНГ УРАМТАЙ ГЭГЧ НЬ ИДЭХ НЬ ГОЁ БАЙДАГ"
 


 

YOLO: Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Намайг Анхтамирын Гүег гэдэг. Би Хобби сургуулийн 5с ангид сурдаг. Одоо 10 настай. Ам бүл тавуулаа амьдардаг. Гэхдээ ах маань саяхан гадаад руу сурахаар явсан. Дүү минь цэцэрлэгт явдаг. Гурван хүүтэй айлын дундах нь.

YOLO: Амттанг хэзээнээс хийх болов. Мөн  жорыг хаанаас хэрхэн сурдаг вэ?
-Би хамгийн анх 7 настайдаа ээжээрээ өндөг шарахыг заалгуулсан. Тэгээд өөрийнхөө гараар шарсан өндгөө идэхэд надад нэг л гоё санагдаж билээ. Харин тэр өдрөөс хойш болж өгвөл өглөөнийхөө цайг өөрөө бэлдэж идэхийг хичээж эхэлсэн. Тэгэх болсон шалтгаан нь мөн ээжийгээ бодсоных юм. Ээж минь маш эрт босоод өглөөний цай бэлдэж өгнө. Өдөр ирэхэд гэрийн даалгавар хамт хийнэ. Мөн оройн хоол хийж өгнө. Тэр бүгдийг хараад ээжийгээ ядаж өглөө эрт босголгүй өөрөө сэрүүлгээрээ сэрээд, өглөөнийхөө цайг өөрөө бэлдэж идээд байвал ээжийгээ ядраахгүй байх юм байна гэж бодсон.

Сүүлдээ аав ээж маань маш их баярлаж магтан сайшааж байсан учраас урам зориг их орж улам илүү ихийг хийж туршихыг хүсэж эхэлсэн. Ингээд би хоолны төрөл бүрийн нэвтрүүлгүүд үзэж ялангуяа амттанд дуртай учраас төрөл бүрийн амттан  хийдэг хоббитой болсон.

Ютүбийн “Rosanna Pansino” болон “TheSimpleCooking” сувгуудийг үзэх илүү дуртай.  Энэ хоёр сувгаар амттан хийдэг хүмүүс бусад хоол хийдэг хүмүүсийг бодвол илүү хөгжилтэй хөтлөлт хийж амттанаа маш сонирхолтой аргаар заадаг нь таалагддаг. Тийм болохоор би ганц амттан хийхийг сураад зогсохгүй тэдний хөгжилтэй бас нээлттэй харилцааг нь суралцаж тэднээс үлгэр дууриалал авахыг хичээдэг. Би ер нь бага зэрэг бүрэгдүү хүүхэд л дээ. Тиймээс би өөрийгөө бусдад нээлттэй илэрхийлж чаддаг хүн болохыг хүсдэг. 

YOLOЧи тэгэхээр янз бүрийн шинэ зүйлсийг туршиж үзэх дуртай байх нь ээ?
Харин тийм. Ганц амттан хийхээс гадна сонирхолтой туршилтууд хийж үзэх дуртай. Үүнээс болж заримдаа аав ээжийгээ маш их уурлуулдаг. cheeky  Тэгсэн ч гэсэн туршилтуудаа болж л өгвөл хийж үзэхийг хичээдэг. Жишээлбэл угаалгын шингэн саванг цаасны шингэн цавуутай холиход нялцгай өтгөн зүйл болдог. Үүнийг хуруугаараа дарахаар гарч байгаа содон чимээ болон хүрэхэд онцгой тааламжтай мэдрэмж төрдөг нь ажлын ачаалалтай, бухимдалтай байгаа хүний стрессийг тайлах сонирхолтой шинэлэг аргуудын нэг байдаг. Даанч аав ээж маань хамаг юм цавуу болголоо, харшилтай болчихно гээд дургүй байдаг юм.  Бас галт уулийн галт бөмбөлөг хийж харах дуртай.

YOLOГалт уулын бөмбөлөг өө? surprise Тэрийг яаж хийдэг юм бэ?
Түүнийг хийхийн тулд шилэн саванд ус хийгээд дээр нь тос хийнэ. Ус тос хоёр хоорондоо уусдаггүй нь энэ туршилтад хамгийн гол утга учир нь байдаг. Шатаж байгаа галт уулийн дүр зургийг харуулахад усанд уусаагүй тос маань буцалж байгаа бөмбөлгийг дээш оргилуулахад хамгийн их тусалдаг юм л даа . Ингээд дээр нь хүнсний улаан өнгө оруулагч хийгээд, усанд пургиж шингэдэг ханиадны таблеткан эм хийнгээ доороос нь гар чийдэнгээр гэрэл тусгаж харахад бид галт галт уулаас гарч ирж байгаа халуун лав яаж харагддагийг, хэрхэн буцалдгийг бараг бодитоор мэт харж болдог. Иймэрхүү маш сонирхолтой, танин мэдэхүйн, туршилтуудыг ютүб хуудаснаа Guava Juice гэдэг хүн хийдэг.  Энэ хүн саяхан “Guava Juice box” гэдэг сонирхолтой олон тоглоомыг багтаасан багц худалдаанд гаргасан. Би ааваараа интернетээр удахгүй захиалуулна гэж бодож байгаа.

YOLOХоёулаа амттаны талаарх сэдэв рүүгээ эргээд оръё. Амттан хийхийн гоё зүйл нь юу байдаг вэ?
Яг амттан хийж байх үдээ юу ч бодохгүй зөвхөн хийж байгаа зүйлдээ төвлөрдөг. Бас маш гоё хийхийг хичээж байгаа учраас сэтгэл орж байгаа гэсэн үг. Сэтгэл орсон бүх зүйл төгс болдог шүү дээ. Жоохон төвлөрөхгүй эсвэл хайнга хандчихвал түлэгдэх, жор нь илүү юм уу дутуу болох гээд хэн ч идэхээргүй зүйл болно. Тэгэхээр энэ бол цаг зав гарздахаас гадна аав ээжийн маань мөнгөөрөө авч байгаа хүнсний зүйлс талаар болно гэсэн үг. Би ийм бүтэлгүй алдаа олон гаргаж байсан л даа. Одоо бол тэгэхгүйг маш их хичээдэг. Ингээд сэтгэл, цаг зав гаргаж хийсэн амттаныг хамгийн хайртай хүмүүс маань, тэдний найзууд амталж үзээд “Ёооё Гүег ээ, чи тасарчихжээ. Ямар гоё юм бэ” гээд урамтай нь аргагүй идэх нь үнэхээр сайхан санагддаг.

YOLO: Чиний хамгийн сайн хийдэг амттан?
-Миний хамгийн сайн хийдэг амттан бол пан кэйк (шарвин), жигнэмэг, чипс юм. Гэхдээ жигнэмэг бол дэндүү гоё амттай болж чаддаг. Мөн нөгөө хоёрыгоо бодвол ажиллагаа их шаарддагаас гадна орц ихтэй, илүү өртөг өндөртэй байдаг. Чипс бол тавхан минутын л ажил. Саяхан би чихэрлэг төмс шарсан. Аав ээж маань хүнсэндээ аль болох шар төмс, цагаан будаа, цагаан гурил, цагаан сахар, давс зэргийг хэрэглэхгүй байхыг чухалчилдаг. Тийм болохоор сүүлийн үед чихэрлэг төмс шарах, бүхэл үрийн гурил, гадилтай, бор элсэн чихэртэй пан кэйк хийх ч юм уу илүү эрүүл орцтой амттан хийхийг хичээж эхэлсэн. Мөн фрэнч тоаст хийж идэх дуртай. Амттай бас амархан байдаг юм.  Бас миний хийдэг бяслагтай бялуу маш гоё амттай болдог.  Гэхдээ ер нь л амттанд дуртай байлаа гээд байнга хийж идээд байх юм бол жингийн илүүдэлтэй болно. Тийм болохоор баяр ёслол, төрсөн өдөрт зориулж хааяа хийвэл зүгээр санагддаг. Мөн баунти  сникэрс  твикс  хийж чадна. Эдгээрийг хийхэд маш амархан байдаг. smiley

YOLO: Өөрөө хийсэн хамгийн их сэтгэлд хүрсэн амттан чинь юу байсан бэ? Эсвэл гэрийхэнд чинь маш их таалагдсан нь..?
-Хамгийн гоё болсон сэтгэлд хүрсэн амттан маань түрүүний хэлээд байсан жигнэмэг. Тэр дундаа дотроо шоколадтай чипс, бүхэл шоколадтай аманд ороод бутардаг жигнэмэг маань их гоё. Өнгөрсөн жил буюу 9 настай байхдаа нэг өдөр ээжийнхээ найзынд очихдоо хийж өгсөн. Би тэдний хүүтэй нь бас найз юм л даа. Найз минь “Ёстой гоё байна” гээд бүгдийг нь шууд дуусгачихсан. Тэгэхээр их л гоё байсан юм шиг байна лээ. wink

YOLO: Хамгийн сүүлд хэнд зориулж ямар амттан хийсэн бэ?
-Би саяхан луувангийн бялуу хийсэн чинь аав минь идээгүй. Аав хэлэхдээ "Хэрвээ энэ бялууг эрүүл хүнс ашиглаж хийвэл аав нь идэх байлаа" гэсэн. Тэгмэгц нь би шууд маргааш нь аавдаа зориулаад бүхэл үрийн гурил, таргалуулдаггүй, калори багатай, шоколадны сироп, бор элсэн чихэр бага зэргийг, өндөг, сүү ашиглаад амттан хийж өгсөн. Аав маань фитнесээсээ ирээд ёстой их баярлаад идэж өгсөн дөө. laugh

"ХЭЛ СУРАХ АРГА БАРИЛАА ХАМГИЙН ГОЛ НЬ ӨӨРТ СОНИРХОЛТОЙ БӨГӨӨД ХӨГЖИЛТЭЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ"

                                                                                                                                                                               А.ГҮЕГ

 

YOLOХоол хийх зааврыг англи хэл дээр хүргэж байгаа чинь их сонирхолтой санагдсан. yes
-Би анх 5 настай байхаасаа англи хэлийг сурч эхэлсэн. Үзэх дуртай Cartoon Network сувгаасаа суралцсан гэх юм уу даа. Хүүхэлдэйн киногоо үзсээр байгаад нэг мэдэхэд өөрийн эрхгүй бага багаар ойлгодог болсон. Бас гадаадын хамтлаг дуучдын шинэ дуу бүрийг жоохон байхдаа дуудлагаар нь сураад дагаж дуулдаг байсан.  Аав ээж маань намайг монгол хэлээрээ сайн ярьж чаддаг байх хэрэгтэй, эх хэл хамгийн чухал нь, тиймээс Монгол сургуульд оруулна гэхэд нь би Англи хэл сурмаар байна гэж зөрсөөр байгаад одоо сурч байгаа сургуульдаа шалгуулаад тэнцээд элсэж байсан. Одоо би энэ хэлийг сурснаар юу хүссэнээ сурч, юу хүссэнээ мэдэж чадаж байгаадаа баяртай байдаг. Ээжийн минь хамгийн их санаа зовдог хичээл минь Монгол хэл. "Монгол хэлээ хий, монгол ном унш" гэж байнга хэлдэг юм.

YOLOӨөрийн туршлагаас хуваалцаач. Англи хэлийг сурах энгийн бөгөөд амархан арга юу вэ?
-Англи хэл сурахад хамгийн гол нь энэ хэлэнд маш их дуртай байх хэрэгтэй. Бас өөрөө сайн хичээх, сурч байгаа юмандаа төвлөрөх хэрэгтэй. Хамгийн чухал нь сурах арга барилаа улам илүү сонирхолтой болгохын тулд өөрийнхөө дуртай, сонирхолтой, хөгжилтэй зүйлийг үзэж, сонсож, уншиж хөнгөн аргаар сурах хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор л би түрүүн ярьсан хөгжилтэй бичлэгүүд, илбийн үзүүлбэрүүд, амттан хийх аргууд, элдэв сонин бичлэгүүд үзэж өөрийнхөө хэлийг сайжруулдаг. Бас хааяа зав гарвал гадаад хүүхдүүдтэй скайпаар ярьдаг. Тэдэнтэй ярилцаад байхаар ярих чадвар улам сайжраад байдаг. Миний нэг сайн найз байдаг л даа. Тэр гадаадад амьдарч байгаад ирсэн болохоор Монголоор сайн ярьж чаддаггүй. Мэдээж найзтайгаа тоглохын тулд ойлголцох хэрэгтэй, ойлголцохын тулд ярих хэрэгтэй. Тэгээд ярихаас өөр аргагүй болдог, яриад л байсан чинь одоо бидэнд ойлголцохгүй юм гэж байхаа больсон.

YOLOВидеогоо хэрхэн хийдэг вэ? Хэн нэгэн тусалдаг уу?
-Хэн ч тусалдаггүй, би өөрөө л хийхийг хичээдэг.  Аав маань видео студи ажиллуулдаг юм. Тэгээд түрүү жил Юнивишний видео санд хүүхдийн контент хэсэгт  “Гүегийн жор” гэдэг нэвтрүүлгийг хөтөлж хүргэдэг байсан. Мэдээж хүүхдүүд хийхэд хамгийн амархан бөгөөд аюулгүй амттангуудыг хийнэ. Тэр үед анхныхаа цалинг авч үзэж билээ. Тэрхүү цалингаа би ээждээ бүгдийг нь бэлэглэсэн. Одоо бодохоор би тэр нэвтрүүлгээ дахиад хиймээр л байдаг. Яагаад гэвэл одоо би тэр үеэсээ илүү ярьж чаддаг, хийж чаддаг болсон. Хүсвэл би өөрөө ч монтажилна гэж бодож байна.

Одоо миний хамгийн дуртай зүйл бол видео бичлэг хийх. Гэтэл аав минь ажил ихтэй байдаг юм. Ааваасаа үргэлж “Миний бичлэгийг хийгээд өг, үүнийг монтажлаад өг” гэхэд хэцүү байх учраас би өөрөө судалж эхэлсэн. Тэгээд iPad дээрээ “cute cut pro” гэдэг програм суулгаад монтажилж сурсан даа.

YOLO: Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ?
-Хоёр  жилийн өмнө би Харвардад сурч алдартай тогооч болно гэж мөрөөдөөд зохион бичлэг хийсэн юм л даа. Тэрийг ээж фэйсбүүк хуудсандаа тавьтал маш олон шэйрлэгдээд би бүр “Харвардын тогооч” гэдэг хочтой болчихсон. Гэтэл одоо бодоход Харвардад тогоочийн мэргэжил эзэмшүүлдэг юм уу үгүй ч юм уу сайн мэдэхгүй байна.  Одоо миний мөрөөдөл өөрчлөгдөөд дэлхийд алдартай ютүб хуудас хөтлөгч болохыг хүсэж байна. Яагаад гэвэл надад мэдэхгүй юм зөндөө байдаг тэр бүгдийг би мэддэг хүнээс  нь олж мэддэг. Харин ирээдүйд би өөрийнхөө мэдэж байгаа зүйлсийг бусадтай хуваалцахыг хүсэж байна. Гэхдээ том болоод миний сонирхол яаж ч өөрчлөгдөхийг би мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан яг одоо бол үүнийг л хүсч байна.

YOLO: Энэ шинэ жилээр баярын ширээгээ ямар амттанаар чимье гэж бодож байна вэ?
Сантатай жигнэмэг хийнэ гэж бодож байна.  Тэгэхдээ энгийн биш арай онцгой төрлийн орцтой жигнэмэг юм л даа. Мөн орео гээд жигнэмэг байдаг даа, тэрэнд тодон чихэрний иш зоож байгаад хайлуулсан цагаан шоколаданд дүрээд дараагаар нь шоколадтай чипсээ дээр нь наагаад хатуу, өнгөт чихрийг буталж дээрээс нь цацах юм. Тэгэхээр тэр маань том модон чихэр шиг болноо доо. Түүнийгээ бялуун дээрээ зоогоод шинэ жилийн баярын ширээндээ өнгө нэмнэ гэж бодож байна даа.

YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Чамд амжилт хүсье
-Надтай ярилцсанд мөн баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье.

#Freetime #Food #DIY