“Алхам алхмаар” хөтөлбөр үргэлжилж байна


Д. Мөнх-Эрдэнэ | YOLO.MN
2023-02-09

Энэхүү хөтөлбөрөөр 8-12 дугаар ангийн сурагчид болон МСҮТ-н сурагчдад мэргэжил сонголтын талаар мэдлэг олгох, мэдээлэл хүргэх зорилготой аж. Хөтөлбөр нэгдүгээр сарын 23-с хоёрдугаар сарын 15 хүртэл зураан долоо хоног үргэлжлэх юм. 

Ингээд үйл ажиллагааг удирдан зохион байгуулж буй зохион байгуулагчдаас хөтөлбөрийн гол  зорилго, үр дүнг тодрууллаа.

Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат:

-Ахлах ангийн сурагчдын хувьд мэргэжлээ зөв сонгох талаар зөв мэдээлэл хомс буй учраас  өөрт тохирсон мэргэжлээ олж чадахгүй байгаа нь сүүлийн үеийн судалгаанаас харагдаж байна. Тодруулбал өмнөх ондоо төгсөж мэргэжлээрээ нэг жил суралцсан ч түүнийгээ болиод мэргэжилээ ахин солихын тулд ЭЕШ өгч байгаа сурагчдын тоо 5 орчим жилийн өмнө 2000-аад сурагч байсан бол өнгөрсөн жил 8000 болтлоо өсжээ. 

Харин энэ аяны хүрээнд хүүхдүүд маш өргөн хүрээнд мэдээлэл авах боломжтой болж байна. Цаашдаа ч ийм төрлийн үйл ажиллагааг цар хүрээтэй явуулах шаардлагатай. Мөн энэ чиглэлээр тогтмол мэдээлэл өгөх зорилгоор Боловсролын үнэлгээний төв myfuture.mn гэсэн системийг ажиллуулж байна.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

-Бид олон жил мэргэжил сонголт ,оюутны хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан ч тус тусдаа л ажиллаж системгүй ажиллажээ. Харин  одоо энэ чиглэлээр үйл ажиллагаа хөгжүүлж байгаа мэдээлэл технологийн олон компаниудтай нэгдэн хамтран  ажиллаж “Алхам алхмаар” хөтөлбөрийг зохион байгуулан зургаа дахь долоо хоногтоо орж байна.

Манай Боловсролын ерөнхий газраас энэ жил 12 дугаар ангийнхандаа голчлон анхаарч байгаа. Энэ хүрээнд багш нь сурагчийнхаа эрхийг зөрчдөггүй байх , сургууль нь багшаа ЭЕШ-д муу оноо авбал хариуцлага тооцно гэсэн дарамт үзүүлдэггүй байх, орон нутаг нь ЭЕШ-д өндөр оноо авбал шагнал урамшуулал өгнө гэж урамшуулахгүй гэх мэт зүйлийг арилгахаар ажиллаж байна.

Mine career компаны захирал Т.Хишигдорж:

-Манай компани Боловсролын ерөнхий газар, Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран энэ хөтөлбөрийг зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд манайхаас ажил мэргэжил судлал ба сэтгэл судлалын мэдлэг дээр тулгуурлан тодорхой алхмуудыг хүргэж байгаа. Мөн мэргэжил сонголтыг хувь хүний сонирхолтой хослуулан тестүүдийг боловсруулж цаашдаа энэ чиглэлээр илүү өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. 

Тэтгэлэг аппликэйшнийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал  Б.Батзаяа:

-Үйл ажиллагааны гол онцлог бол төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж байна. Төр ба хувийн хэвшил нь  асуудлаа оновчтой тодорхойлж, зөв  хамтран ажиллаж чадвал үр дүн нь  10-с 20 дахин илүү байх боломжтой.

Бид зөвхөн боловсролын мэдээлэл хүргэж ажиллаж байснаас төрийн байгууллага биднийг дэмжиж хамтарч ажиллах санал тавина гэсэн төсөөлөл байгаагүй. Энэ бол маш баярламаар, бахархууштай үйл явдал.

Манай тэтгэлэг аппын тухайд  одоогоор 150 мянган хэрэглэгчтэй. Өмнө нь бид зөвхөн мэдээлэл хүргэдэг байсан бол одоо хэрэглэгч нартаа зориулаад CV үүсгэж байгаа. Ингэснээр нэг л удаа CV-ээ бөглөөд цаашдаа олон тэтгэлэг рүү хялбараар материалаа явуулах, мөн үүнийгээ pdf файл болгон татан авч өөр газар луу ч илгээх боломжтой болгохоор ажиллаж байна.

 

#Боловрол