Аливааг бие даан сурахад жинхэнэ мэдлэг үлддэг. Өөрийн гэсэн хобби, сурах хүсэл тэмүүлэлтэй байх сайхан. Ингээд “Бидний сурсан түүх” цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт бичиж туурвих хүсэл эрмэзлээр нэг баг болон нэгдсэн Yolo.mn сайтын сэтгүүлчдийг онцолж байна.
Б.Мөнхтуяа: Урт хугацааны дараа, олон зүйлийг даван туулж бичсэн нийтлэл хамгийн дурсамжтай байдаг @_tuyakkk_/
Хөл хорионы үед "Сэтгүүлч авна" гэсэн пост хараад Yolo.mn рүү анкетаа явуулж байсан. Тухайн үед хүн бүр гэрээсээ ажиллаж хичээллэж байсан шүү дээ. Энэ хугацааг ашиглаад өөрийгөө хөгжүүлье гэсэн зорилготойгоор ажиллаж эхэлсэн.
Одоогийн байдлаар хөгжим, загвар, сэтгэл зүй гэсэн чиглэлүүдээр нийтлэл бэлтгэж байгаа. Мөн номын постерын бичвэр мэдээлэл бэлтгэн ажилладаг.
Би хөгжимд их дуртай. Тийм ч учраас хөгжмийн талаар мэдээлэл бэлтгэхэд дөхөм байдаг. Мөн өсвөр үеийнхнийхээ хэнд ч хэлж чаддаггүй сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэхэд жоохон ч тус болох үүднээс сэтгэл зүйн чиглэлээр мэдээлэл бэлтгэхэд таатай байна.
"Өсвөр үеийнхэн заавал үзэх кино" гэдэг нийтлэл маань одоо ч гэсэн санаанаас гардаггүй. Би өөрөө кино урлагт тийм ч сонирхолтой биш, тэр бүр кино үзээд байдаггүй болохоор миний хувьд их л хүнд сэдэв байсан. Энэ нийтлэлийг бичих хугацаанд нэлээн олон удаа шантарч байсан шүү. Бичих хэв маягаа нэг л олж өгөхгүй сар гаран энэ нийтлэл дээрээ ажилласан байх. Урт хугацааны дараа, олон зүйлийг даван туулж гарсан нийтлэл болохоор санаанаас гардаггүй хамгийн дурсамжтай нийтлэл минь юм шиг санагддаг.
Би анх оруулсан нийтлэл бүрээ share хийдэг байсан. Эхэндээ ойр дотнын хүмүүс маань хэрэгтэй зүйл нь юм байх л гэж боддог байсан гэсэн. Нийтлэл дээр дараад орохоор бичсэн сэтгүүлчийн нэр харагддаг л лаа, уг нь. Гэхдээ нээх анзаардаггүй юм шиг байхаар нь "би бичсэн шүү" гэж харуулах гээд л share хийдэг байсан. /инээв/ Явцын дунд санаа төрөхгүй, нэг л болж өгөхгүй олон асуудал гардаг байсан тэр болгонд хүүхдүүд "Чи яасан юм, больчихсон юм уу? Хасагдчихсан юм уу?" гээд л их л ёжилж, зүрх рүү ортол асууж байсан. Тийм үед л их хүнд хэцүү санагддаг. Бас надад хэт ахадсан гуйлтууд ирэх тохиолдол ч бий.
Сэтгүүлчээр ажиллахын сайхан тал ч олон бий. Сурахынхаа хажуугаар yolo.mn сайтад ажилладаг гэхээр хүмүүс их бахархаж магтдаг. Тэр бүгдээс урам авахад яагаад ч юм, тухайн өдөр гоё болоод л явчихдаг. Мөн бичиж байх явцдаа давхар суралцдаг. Модон биш орчуулга хийх их хэцүү. Заавал тухайн үг, өгүүлбэрийн утгыг гаргах ёстой шүү дээ. Миний нийтлэл хэр олон хүнд хүрнэ төдий чинээ өөрөөрөө бахархдаг.
Цаашид яг л энэ бичиж буй чиглэлээрээ бичихийг хүсэж байна. Мэдэхгүй, сонирхолгүй сэдвээ бичихэд их хэцүү байдаг. Бичихийнхээ хажуугаар видео контентод оролцох зорилго тавьсан. Өөрийгөө арай өөр талаас нь нээж, суралцахыг хүсэж байна.
Түүний бичсэн нийтлэлүүдийг ЭНД дарж уншаарай.
С.Наранжаргал: Ярилцлага авах гэж нэг сар, нийтлүүлэхийн тулд дөрвөн сар гаруй ажиллаж байсан @immeranderssein
Би МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцдаг. Yolo.mn сайтад 2021 оны аравдугаар сард сэтгүүлчээр ажиллаж эхэлж байсан. Сайт маань тодорхой зорилтот бүлэгтэй, тэр хүрээнд мэдээгээ бэлтгэж байгаа нь таалагдсан гэхэд болно.
Би хуулиар сурдаг ч гэсэн сэтгэлзүйн салбарт нэлээн сонирхолтой. Сэтгэлзүйн талаарх блог хөтөлдөг. Сэтгэлзүйн эрүүл мэндийн тухай өсвөр үеийнхэнд мэдээлэл хүргэх зорилготой сэтгүүлчийн ажлыг хийж эхэлсэн. Одоо ч сэтгэл зүйн чиглэлээр бичсэн хэвээрээ байгаа.
Одоогийн байдлаар Yolo.mn сайтад миний бичсэн найман нийтлэл орсон байна. 2021 оны аравдугаар сарын 21-нд “Сэтгэл зүйн онолын тест: 100 хувь баталгаатай биш” гэх анхны нийтлэл минь сайтад орж байжээ.
Блог хөтөлдөг байхдаа би өөрийнхөө хүссэнээр биччихдэг байсан. Мэдээллийн сайтын мэдээ, нийтлэл гэх шалгуураар мэдээлэл бэлтгэх ойлголт дутмаг. Анхны нийтлэлээсээ авхуулаад гадаад үг хэт их ашиглах, илэрхийлэх гэсэн санаагаа гаргаж бичиж чадахгүй байх гэх мэт олон алдаа гаргасан даа.
Нэг мэдээлэл бэлтгэхэд дор хаяж зургаан цагийн ажил болдог. Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх мэдээллийг нэг ном, эх сурвалжаас харж бичиж болохгүй шүү дээ. Тийм ч учраас гадаадын сайтууд, судалгаанууд, номуудаас харж олон эх сурвалжаас мэдээлэл авч дүгнэж бичихэд олон цаг зарцуулагддаг.
“CS:GO” тоглоомын мэргэжлийн тоглогч О.Ялалттай хийсэн ярилцлага минь мартагддаггүй. Ялалтаас ярилцлага авах гэж сар гаруйн хугацаанд хичээсэн. Дараа нь нийтлэлээ нийтлүүлэх гэж дөрөв гаруй сар болсон. Нэлээн удаан хугацааг дамжсан нийтлэл болоод ч тэр юм уу санаанаас гардаггүй.
Мэдээ бэлтгэж эхэлснээс хойш бичих чадвар мэдээж сайжирсан. Бас ямар насны хүнээс, ярилцлага авахдаа ямар асуулт тавих вэ, яаж яриулах вэ гэдгээ сайтар мэддэг болсон. Өмнө нь би энэ тал дээрээ өөрийгөө хангалттай гэж боддог байсан ч ажил хэрэг болгож хийж үзээд өөрийгөө дутуу байгааг ойлгосон.
Түүний бичсэн нийтлэлүүдийг ЭНД дарж уншаарай.
Ү.Дэлгэрцэцэг: Бичих тусам дадал болдог @deegii450
Намайг Дэлгэрцэцэг гэдэг. Yolo.mn сайтад өсвөрийн сэтгүүлчээр ажиллаад жил гаруй болсон байна. Энэ хугацаанд нийт 50 гаруй нийтлэл бичжээ.
Миний хувьд өсвөрийн сэтгүүлчээр ажилласан эхний гурав гаруй сарын хугацаанд зөвхөн орчуулгын нийтлэл бичсэн. Өрөөр хэлбэл гаднын сайтууд дээрх мэдээ мэдээллийг орчуулж бичсэн гэсэн үг. Гэхдээ өөр хүний бичвэрийг орчуулж бичих надад тийм ч сонирхолтой санагдаагүй. Тиймээс өөрөө мэдээгээ боловсруулахаар шийдсэн дээ. Тэр үеэс хойш орчуулгын мэдээ дахиж бичээгүй.
Бичвэрийн мэдээ анхандаа их хэцүү санагддаг байлаа. Нэг өдөр хугацаанд бэлтгээд дуусгахад бэрх. Мэдээний санаагаа олно, үүний дараа ярилцлага авах хүмүүс аль эсвэл газраа олно. Ярилцлагаа авчхаад яриагаа цэгцэлж бичнэ гэх мэт миний хувьд шинэ олон үйл явц байсан. Гэсэн ч давтаад, олон нийтэл бичих тусам дадал болчихдог юм байна лээ.
Одоогийн байдлаар надад тогтмол бичдэг сэдэв, бичих арга барил гэх зүйл байхгүй. Гэхдээ би цуврал нийтлэл бичихийг илүүд үздэг. Өмнөх нийтлэлүүд минь уялдаа холбоотой байгаагаас үзвэл би нэг санаагаа олон талаас нь бичих дуртай байх л даа.
Өсвөрийн сэтгүүлч болсноос хойш миний танилын хүрээ их тэлсэн шүү. Бас хичээл хийх олон газар мэддэг болсон. “Бидний суралцсан түүх: Зохиолч болох зам хэр урт вэ?” нийтлэл дээр би анх удаа гадаадад байдаг хүнээс ярилцлага авч үзсэн. Бас анх удаа шөнийн 23:00 цагт ярилцлагын цаг товлож үзсэн. Миний ярилцлага ихэвчлэн цаг орчим л үргэлжилдэг ч Билгүүндалай зохиолчтой гурав гаруй цаг ярилцсан. Тэгээд л миний найзын хүрээлэл нэгээр нэмэгдсэн. Энэ нийтлэл гараад дууссан хэдий ч одоог хүртэл холбоотой найзууд болсон. Миний өсвөрийн сэтгүүлчээр ажиллах хугацаан дахь хамгийн содон, өгөөжтэй нийтлэл болсон гэхэд хилсдэхгүй байх. Өсвөрийн сэтгүүлчийн ажлын минь энэ тал надад хамгийн их таалагддаг.
Өсвөр үеийнхний талаар, өөрийн үеийнхнийхээ тухай бичихэд таатай, харьцангуй хялбар. Тиймээс ч дийлэнх нийтлэлдээ залуу үеийнхнийг онцолсон. Цаашдаа ч залуусын талаар бичиж, тэдэнд хэрэгтэй мэдээлэл түүхийг хуваалцана гэж бодож байна.
Түүний бичсэн нийтлэлүүдийг ЭНД дарж уншаарай.
О.Төгсжаргал: Сэтгүүлч гэдэг хүний үзэл бодол, цаг үеийн байдалд нөлөөлж чадах хариуцлагатай ажил fTögsjargal Oyunbaatar
Yolo.mn сайтад энэ жилийн гуравдугаар сараас ажиллаж эхэлсэн. Миний хувьд спорт, кино review чиглэлээр бичих дуртай.
Сэтгүүлч гэдэг бол шинийг сэтгэж нийтэд түгээх үүрэгтэй чухал ажлуудын нэг гэж боддог. Мөн хүний үзэл бодол, цаг үеийн байдал гээд олон зүйлд нөлөөлж чадах хариуцлагатай ажил. Сэтгүүлчийн ажлаас хэцүү гэж бодогдох зүйл байдаггүй. Хэрвээ ажил, мэргэжил чинь хэцүү санагдаад байвал буруу зүйлээ хийж байж болох юм.
Манайхан дунд сэтгүүлчийн нэр хүнд, ажил мэргэжлийн ойлголт бага зэрэг буруу байдаг юм шиг. Сэтгүүлч мэргэжлээр суралцахаар сонгож буй хүүхдүүдийг хараад байхад олон нийтэд нүүр царайгаа таниулах, олны өмнө гарах буюу “хөтлөгч, нэвтрүүлэгч” болох хүсэл сонирхолтой байдаг. Гэхдээ сэтгүүлч гэдэг нь шинийг илэрхийлж, сэтгэсэн санаагаа бодит контент болгохын тулд төлөвлөж, үргэлж бичих ажил юм шүү дээ.
Сэтгүүлч хүн олон чиглэлээр уншдаг, авсан мэдээллээ зөв боловсруулдаг, тухайн мэдээгээ найруулж бичдэг чадваруудыг зайлшгүй өөртөө хэвшүүлэх ёстой гэж боддог. Цаашдаа соёл урлаг, антропологи, улс төр зэрэг чиглэлээр бичих төлөвлөгөөтэй байна.
Түүний бичсэн нийтлэлүүдийг ЭНД дарж уншаарай.
Б.Дарьбазар: Залууст муу, муухай мэдээллүүдээс шилж эерэг, хэрэгтэй контентыг хүргэх шаардлага байна @rika_dd
Би СУИС-д сэтгүүлч мэргэжлээр суралцдаг.
Ихэвчлэн өдөр тутмын мэдээ, кпоп нийтлэл, танин мэдэхүйн мэдээллүүд бичиж байна. Манай сайт эерэг контентоор дамжуулан өсвөр үе, залуусыг энтертайнмент болон бусад мэдээ мэдээллээр ханган ажиллах зорилготой. Тийм ч учраас аль болох хэрэгтэй, үзүүштэй, сонирхолтой мэдээ мэдээлэл хүргэхийг зорьдог. Бас энтертайнмент сайт учир илүү чөлөөтэй сэтгэж бичих боломжийг олгодог нь ажиллахад таатай байдаг.
Муу, муухай, худал хуурмаг мэдээ мэдээллүүдтэй бид өдөр тутам тааралддаг. Би хувьдаа өглөөн цагаар фэйсбүүк ордоггүй. Стресстүүлээд байдаг хэрэг л дээ. Шинэ өглөөгөө тэгж “сүйтгүүлэхийг” хүсэхгүй байна. Гэхдээ асуудлаас зугтсандаа ч тэр байж магадгүй л юм. Тийм болохоор миний хүсэл зорилго, сайтын концепц хоёр тохирдог. Залууст муу, муухай мэдээллүүдээс шилж эерэг, хэрэгтэй контентыг хүргэх шаардлага байна.
Би Солонгосын дуу хөгжим, кино урлагийн салбарт маш их сонирхолтой. Тийм ч учраас гал гаргаж буй сонирхолтой мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэхийг хичээдэг.
Сайтад ажиллаж эхлээд арван сар гаруй болж байна. Энэ хугацаанд хамгийн сонирхолтой байсан, санаанаас гардаггүй контент бол Ори Медиа ХХК-ийн дэд захирал Ж.Эрдэнэбаяртай хийсэн ярилцлага байсан. Тэр хүний 18 нас хэрхэн өнгөрсөн, юу сурч эх орондоо ирсэн, юуг анхаарвал дээр гэх зэргээр маш сонирхолтой байдлаар ярилцсан л даа. Олны танил эрхмүүдээс ярилцлага авахад бэрх, тэр байтугай холбоо барихад ч хэцүү. Гэтэл Эрдэнэбаяр захирал саналыг минь маш уриалгахан хүлээж авч ярилцаж байлаа. Бас тэр хүний ярианаас сурч авсан, өөртөө хэрэгжүүлэх зүйлс ч их байсан.
Сэтгүүлч болгон өөрийн гэсэн онцлогтой байх. Хурдан бичдэг, уран бичдэг, асуултыг зөв тавьдаг гэхчлэн. Миний хувьд нягт нямбай бичихийг илүүд үздэг. Харин хурдан бичих тал дээр ажиллаж байгаа. Бодож, эргэцүүлж, илүү сайн бүтээл гаргахын тулд удаашрах гээд байдаг талтай. Тийм учраас цаашид мэргэжлийн сэтгүүлчээр ажиллаж эхэлбэл эерэг контентоос гадна нийгэмд чиглэсэн, асуудал хөндсөн нийтлэл бүтээлүүдийг үнэн зөв, шуурхай хүргэх талаас нь ажиллана гэж найдаж байна.
Түүний бичсэн нийтлэлүүдийг ЭНД дарж уншаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх