Г.Мандах: Олон хүүхдийн мөрөөдлийг энэ жижиг зүйлээр яагаад үгүй хийж байгаа юм бол?


Сондор | YOLO.MN
2016-06-20

ЭЕШ-ийн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг манай сайтын #ЭЕШ цэсээс аваарай.

ЭЕШ-ын дасгалын хариу задарсан гэх мэдээллийг иргэн, математикийн багш Х.Сайнбилэг, Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, сурагч болон эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд өглөө.
 

Энэ жил 37200 гаруй сурагч ЭЕШалгалтаа өгөөд дууссан. Харин шалгалтын хариу задарсан гэх мэдээлэл олны дунд тараад байгаа билээ. Х.Сайнбилэг багш ЭЕШ-ын хариу задарсан гэх мэдээллийг анх өөрийн цахим хуудсанд байршуулжээ.

Тэрээр энэ талаар “ЭЕШ-ын тестийн хариу задарсан гэх яриа өмнөх жилүүдэд гардаг байсан. Гэхдээ би багш хүнийхээ хувьд энэхүү мэдээлэлд итгэдэггүй, шалгалтыг маш өндөр нууцлалтайгаар зохион байгуулдаг учраас худал гэж боддог байсан. Зургадугаар сарын 15-ны өдөр тестийн хариу задарсан гэх яриа гадуур гарч эхлэхэд ч мөн итгээгүй. Гэтэл математикийн шалгалт өнгөрсний дараа манай нэг шавь над руу “Гадуур тараад байсан бар кодтой тестийн хариу яг таарч байна. Миний хөлс хөдөлмөр зарцуулсан нь талаар боллоо” гэсээр уйлаад залгасан. Харин би тухайн үед би итгэхгүй байтал надад B хувилбарын хариуг өнөөх бар кодтой хамт явуулсан. Гэтэл би бодож үзтэл хариунууд яг таарч байсан. Нөгөө вариантууд ч гэсэн 1-2 хариу зөрүүтэй л болохоос яг таарсан.

Боловсролын үнэлгээний төв бүтэн жилийн хугацаанд энэ шалгалтыг зохион байгуулах гэж их хичээдэг. Гэвч тэдний дунд байгаа, хэдэн төгрөг илүү харсан ажилтнаас болж бүх хүний ажлыг, олон хүүхдийн хувь заяаг үгүй хийж байна” гэсэн юм. Х.Сайнбилэг багш баримт бүхий бар код, шалгалтын материал, онлайн харилцан яриагаа дэлгэн үзүүллээ.
 





 

"ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХҮНИЙГ НЬ ОЛООСОЙ, ХЭН НЭГЭН ХҮН
ТАЙЛБАР ХИЙГЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА"

Мөн энэ талаар нийт 12-р анги төгсөгчдийн төлөөлөл болж 113-р сургуулийн төгсөгч, "Лидер Сурагч Академи"-ийн тэргүүн Г.Мандах хэлэхдээ “ЭЕШ болохын өмнөхөн хэд хэдэн найзуудаас маань чатаар тестийн хариу задарсан байна гэх мэдээлэл ирсэн. Би тухайн үед итгээгүй юм. Гэтэл дараа нь химийн хичээлийн шалгалтын хариу яг таарсан гэх мэдээлэл ирсэн. Шударгаар хичээгээд шалгалтаа өгч, ирээдүйгээ сайхнаар харж байгаа олон хүүхдийн мөрөөдлийг энэ жижиг зүйлээр яагаад үгүй хийж байгаа юм бол гэх бодол төрж байна. Хариуцлага тооцох хүнийг нь олж өгөөсэй, хэн нэгэн хүн тайлбар хэлээсэй гэж хүсье” гэсэн юм.

ЭЕШ-ыг дахин авах эсэхийг ч тэд лавласан юм. Гэвч дахин авахаар боллоо гэхэд орон нутгийн хүүхдүүд аймгийн төвдөө очиж шалгалтаа өгөх гэж мөнгө санхүүгийн зардал гаргаснаа хэлж, дахин зардал ЭЕШ өгөхөд хүндрэлтэй байх болно гэдгээ ч хэлж байсан.

Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Хэрэв шалгалтын хариу задраагүй гэвэл баталгаа нь хаана байна вэ. Үл таних хүмүүсийн зарсан бар код нь хариутай таараагүй байсан бол бид энэ асуудлыг ярихгүй байх байсан. Хариг яг таг таараад байхад энэ асуудлыг шийдэж өгөх, хариуцах эзнийг нь тогтоохыг бид хүсч БҮТ-д албан ёсны хүсэлт явууллаа” гэсэн юм.

Харин энэ талаар Боловсролын үнэлгээний төв энэ сарын 18-ны өдөр дараах мэдэгдлийг гаргасан билээ.

МЭДЭГДЭЛ

Их дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 15, 16, 18, 19 ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.

Эдгээр өдрүүдэд шалгалттай холбоотой буруу ташаа ойлголт төрүүлсэн, иргэдийг төөрөгдүүлсэн зарим мэдээлэл олон нийтийн дунд гараад байна. Тухайлбал, шалгалтын материал задарсан худалдаж авч байна гэсэн мэдээлэл гарсны дагуу БҮТ-өөс холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийж энэ мэдээлэл нь худал бөгөөд зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар ашиг, мөнгө олох зорилготой хууран мэхлэх, залилан хийж байсан нь тогтоогтоод холбогдх газраар шалгуулж байна.

ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг.

Иймд нийт шалгуулагч, эцэг эхчүүдэд анхааруулахад дээрх худал ташаа мэдээлэлд итгэж эдийн засаг болоод бие, сэтгэл санаагаар хохирохгүй байхыг сануулж шалгуулагчид зөвхөн өөрөө өөртөө итгэж мэдлэг чадвараа бодитой үнэлүүлж шалгалтандаа амжилтай дүн үзүүлэхийг хүсье.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson