YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхэд залуусаас захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Ажиллах уу? Суралцах уу?
Би одоо 18 настай, коллежийн төгсөх курс. Нэг байгууллагад 8 сараас хойш дадлага хийгээд бараг үндсэн ажилтан болох гэж байна. Ажил их хүнд биш. Гэхдээ надад сургуулиас дахиад 1,5 жил сураад бакалаврын диплом авч болно гэсэн боломж өгсөн. Гэхдээ энэ тухай ажлын газрынхаа захиралдаа хэлтэл “Чиний оронд ажиллах хүн олдохгүй. Сураад яв эсвэл ажиллаад үлд” гэсэн. Уг нь би сурах хүсэлтэй байгаа ч одоо ажил олоход хэцүү шүү дээ. Ажлаасаа ч гараад хэрэг байна уу гэж бодох юм. За больё, ажлын хажуугаар сургалтуудад сууя гэхээр би ажил гэр хоёрын хооронд 2 цаг явдаг. Өдөрт автобусанд 3-4 цагийг өнгөрөөж, ажил дээрээ 9 цаг байдаг. Ерөнхийдөө гэртээ очиж хоног төөрүүлээд л ажил автобус хоёрт л амьдарч байна. Би энэ ажлаасаа гараад уян хатан нөхцөлөөр ажиллах боломжтой ажилд орж, давхар сурч мэдсэн дээр үү? Эсвэл тогтмол цалингаас цалингийн хооронд амьдарч хэвших үү?
Нэгэнт л ажлын хажуугаар сургуульд сурах боломжгүй юм бол бие даагаад Солонгос хэл суръя гээд саяхнаас эхэлсэн. Найзтайгаа хэдэн жил эндээ ажиллаад солонгос явах тухай их ярилцдаг болсон. Эдгээрийн хажуугаар гэр бүлийн асуудал их байна. Дөнгөж 18 настай байж бараг ганцаараа амьдрах шаардлагатай болоод байна. Шантрахгүйг хичээж байгаа ч галзуурахад ганц хуруу гэдэг шиг шантрахад тиймхэн л дутуу байх шиг байна. Би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Тухайн сонголтын давуу тал, эрсдэл, төлөвлөгөө, бодит байдал зэргийг үнэлээрэй
Сайн байна уу. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Өөрийгөө хөгжүүлж сурахын хажуугаар дадлагажиж ажил хийж байгаа нь сайшаалтай санагдаж байна. Юун түрүүнд чиний ирээдүйн зорилго юу вэ? Юунд хүрэхийг хүсэж байна вэ? Юу бүтээхийг хүсэж байна вэ? Хэрхэн амьдрах вэ? гэдэгт хариулаарай. Тэр зорилгод хүрэхэд одоо ажиллаж буй ажил чинь хэр зэрэг нөлөө үзүүлэх вэ? Тэгвэл 1,5 жил нэмж сураад бакалаврын зэрэгтэй болсноор ирээдүйн зорилгод чинь хэр нөлөөлөх вэ? Өөр ажлын байр, өөр боломжуудыг бодитоор судалж үзсэн үү? Шийдвэр гаргалт зөвхөн 2 зүйлээс нэгийг нь сонгох биш юм. Шийдвэр гаргахдаа тухайн сонголтын давуу тал, эрсдэл, төлөвлөгөө, бодит байдал, бусад туршлагатай хүмүүсээс асуусан зэрэг олон мэдээлэл дээр үндэслэх хэрэгтэй. Тиймээс та дээр дурдсан олон зүйлсийг харгалзан үзэж шийдвэрээ гаргаарай. Мөн өөрийгөө хүчилж, олон зүйлийг зэрэг амжуулах нь таныг ядрааж төөрөгдүүлэх эрсдэлтэй юм шүү.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Г.Золжаргал
АСУУДАЛ: Яаж өөрийгөө нээж, өөртөө итгэлтэй байх вэ?
Сайн байна уу? Би 18 настай эмэгтэй. Би сонсголын бэрхшээлтэй учраас өөрийгөө нээж бусадтай харилцаж чаддаггүй сул дорой нэгэн. Учир нь би өөрөө тэд нараас зайгаа барьдаг. Тэд нар ч намайг нээлттэй байдаггүй учраас зайгаа барьдаг байх. Би ахлах ангид ордог жилдээ өөр сургууль руу шилжсэн юм. Тэр үед хүүхдүүдэд их дээрэлхүүлж байсан. Тэр үеэс хойш эдгээрийг мартаж чадахгүй бодохоор л нулимс цийлгэнээд уйлах гээд байдаг. Одоо бол мартаж эхэлж байна. Өмнө нь дээрэлхүүлж байгаагүй учраас маш их сэтгэл зүйн дарамтад орж үхэх тухай ч бодож байсан. Тэр үеэс хойш өөртөө бүүр итгэлгүй, найз нөхөдгүй ганцаараа байдаг болсон. Би өөрийгөө сэтгэл гутралд орсон гэж боддог. Яаж өөрийгөө нээж, өөртөө итгэлтэй байх вэ? Бас гадаад байдал үнэхээр чухал юм билээ. Сүүлийн үед би сошиалд их цагийг өнгөрүүлж байгаа болохоор шөнө унтаж чадахаа больсон. Гэрийнхэнд хэлэхээр утас их ухахаар тэгдэг юм гэдэг. Интернэтээр хүртэл эрт унтах арга гэж хайж үзээд туршиж үзэхэд ердөө нөлөөлөөгүй. Би яах ёстой вэ? Намайг ойлгодоггүй учраас би эцэг эхтэйгээ ярилцаж чаддаггүй. Надад туслаач. Үнэхээр өөртөө гутарч байна.
ЗӨВЛӨГӨӨ: Өөрчилж чадахгүй зүйлд санаа зоволгүйгээр өөрийн хийж чадах зүйлсдээ төвлөрөөрэй
Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Хүмүүст өөрийгөө илэрхийлж, харилцаа тогтоож чадахгүй байгаадаа санаа зовж байна гэж ойлголоо. Юун түрүүнд бидэнд хандан захиа илгээж, өөрийнхөө асуудлыг шийдэх зорилгоор арга зам эрэлхийлж байгаа чинь сайн байна. Өөрийн асуудлыг бидэнд илгээснээр тулгараад буй асуудлынхаа шийдэх арга замыг эрэлхийлэх анхны алхмыг хийсэн байна шүү дээ. Түүнчлэн яагаад өөрийгөө сул дорой нэгэн гэж бодсон бэ? Судалгаанаас харахад өмнө нь үе тэнгийн дээрэлхэлтэнд өртөж байсан хүмүүсийн 87% нь өөрийн үнэлэмж буурсан тухай дурдсан байна. Өөрийн үнэлэмж бодитой байх нь өдөр тутмын амьдралдаа оновчтой сонголт хийх, өөрийгөө зөвөөр илэрхийлэх, бусадтай эерэг харилцаатай байх болон аливаа асуудлыг даван туулахад чухал нөлөөтэй байдаг. Чамд үүгээр юуг хэлэх гээд байгаа вэ гэхээр өөрийн давуу болон сул талаа хүлээн зөвшөөрөх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал нөлөөтэй юм шүү. Тэгэхээр өөрийн өөрчилж чадахгүй зүйлд санаа зоволгүйгээр өөрийн хийж чадах зүйлсдээ төвлөрөөд үзвэл ямар вэ? Өөрөө хэрэгжүүлж болохуйц дараах аргуудыг санал болгож байна.
Мөн сайхан дурсамжийг сануулдаг зүйлсийг өөрийн нүдэнд харагдах газар байрлуулаарай. Урьд өмнөх сайхан зүйлүүдээ дурсан санах нь ямар олон гайхалтай мөчүүд амьдралд тохиож байсныг тань сануулах болно. Хамгийн чухал нь өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлах юм шүү. Амжилт хүсье.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач У.Цэцэнсанаа
АСУУДАЛ: Би “би” биш юм шиг санагдах боллоо
Сайн байна уу ? Би 15 настай. Сайн бодвол өмнө нь илүү хүнд байсан болов ч энэ жил өмнөх жилүүдээсээ хэд дахин хэцүү санагдах боллоо. Би яагаад ч юм өмнөхөөсөө илүү биш мэт, өмнөх хүнээ алдсан ч юм шиг санагдах юм. Угийн нөхөрлөл дээрээ маруухан тул найз гэх хүнгүй. Найзтай болохоор хувь тавилангийн эрхэнд хагацдаг, хэдий холбоотой байя гэсэн ч надаас зарим нь цаанаасаа дөлж, зарим нь бүр зугтдаг. Шинэ сургуулийн шинэ багш нар шинэ хүүхдүүд бүгд өмнөх хүрээлж байсан хүмүүсээс шал өөр үл тоомсорлосон харьцаатай. Би хувьдаа миний гадаад үзэмжээс болдог гэж бодож байна. Учир нь би бүдүүн, тарган тийм ч болохоор ямар ч хувцас өмссөн сонин харагддаг. Тарганы хувьд би 6 жил үүнтэй тэмцсэн. Даан ч бүтэл алга. Ядаж байхад ганц хоёр хичээлээ ойлгохгүй. Тэр багш намайг “Хуучин ангийн дарга байснаараа дүнгээ гаргадаг байсан юм биш үү, бүр толгойгоо илүүлсээр байгаад ийм болчихсон” гэх мэтээр үргэлж тэвчихийн аргагүй доромжилно. Би яг яах вэ ? Найз нөхөд яаж бий болгож яаж бусадтай нөхөрсөг байх вэ? Яаж өмнөх өөрийгөө олох вэ? Яаж багш нарт өөрийгөө батлах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Бодлоороо бусдад хаалт үүсгэхгүй байхыг хичээгээрэй
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Найз нөхөдтэйгөө харилцаатай байж багшдаа өөрийгөө ойлгуулахыг хүсэж байна гэж ойлголоо. Олон хүмүүс биеийнхээ аливаа нэг хэсэгт сэтгэл дундуур байдаг. Сэтгэл дундуур байдаг биеийн хэсэг таныг бүрэн утгаар тодорхойлохгүй гэдгийг ойлгоорой. Биеийн жингээс үл хамааран аливаа зүйлийг сурах, мэдэх, туршиж үзэх боломж болоод сонголтууд өөрт чинь байсаар байгаа шүү.
“Би тарган тул”, “би бусадтай харилцаж чаддаггүй’ гэсэн бодлуудаас болж өөрийн мэдэлгүй бусадтай харилцах дээр хаалт үүсгээд байх магадлалтай санагдлаа. Бидний бодол бидний үйл хөдлөлд ихээхэн нөлөөлж байдаг. Бусдын өмнө өөрийн бодлыг илэрхийлэх үедээ өөрийн чинь бодол хэлэх гэж байгаа санаан дээр төвлөрч байна уу, эсвэл гадаад байдал дээрээ илүү төвлөрөөд байна уу гэдгийг ажиглаад үзээрэй. Өөрт хэлж буй сөрөг бодлуудаа эерэг болгохыг хичээгээрэй. Жишээ нь би бусадтай харилцахаар хичээж байгаа, би илүүдэл жинтэй байж болох ч өөр хийж чаддаг зүйлс байгаа, илүүдэл жинтэй байж болох ч энэ нь намайг өөрийгөө илэрхийлэхэд саад болохгүй гэх мэт. Илүүдэл жингийн хувьд эрүүл мэнддээ анхаарч энэ талаар гэрийнхэндээ хэлж урт хугацааны эрүүл аргыг сонгоорой. Мөн илүүдэл жингээс өмнө өөртөө итгэлтэй байдал, бусадтай харилцах харилцаандаа илүү анхаарч ур чадвараа нэмэгдүүлээрэй.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
АСУУДАЛ: Хоёр жилийн турш маш муухай зүүд өдөр бүр зүүдэлж байна
Сайн байна уу? Би 22 настай эмэгтэй. Саяхан их сургуулиа төгссөн, одоогоор ажил хийгээгүй. 2 жилийн өмнө найз залуугаасаа салсан. Тэр хүнтэй хүсээгүй бэлгийн харилцаанд орсон учраас тэр явдал надад маш хүндээр тусч байсан. Гэхдээ энэ бүгдийг найзууд, ээжтэйгээ хуваалцаж, одоо тэр бүр муухай дурсамж байхгүй болсон. Харин яг тэр явдлаас хойш байнга "хүнд хөөгдөж байгаа, хүмүүст хүчирхийлүүлж байна" зүүд зүүдэлж эхэлсэн. Эхэндээ тэр явдал надад ингэж нөлөөлж байна даа гэж бодсон боловч 2 жилийн турш өдөр болгон муухай зүүд зүүдэлсээр л байна. Одоо тэр явдал мартагдсан хэдий ч ямар нэг таагүй муухай сэдэвтэй зүүд өдөр болгон зүүдэлдэг.
Гэтэл сая 3 сарын хугацаанд гадаадад ажиллахаар очсон эхний өдрөө ямар ч зүүд зүүдлээгүй. 3 сарын турш нэг ч удаа зүүдлээгүй, анх удаа тайван унтсан. Одоо Монголд ирээд 2 сар болж байна. Эргээд нөгөө зүүднүүдээ зүүдлээд эхэлчихсэн. Яг яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Үгүйсгэх биш мэдрэмжээ байгаагаар нь илэрхийлсээр байгаарай
Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрт чинь тохиолдсон таагүй үйл явдалд харамсаж байна. Таагүй үйл явдлыг мартах амаргүй. Хүмүүст мартсан гэж хэлж болох ч тухайн таагүй мэдрэмж өөрийн чинь дотор байсаар байгаа бололтой. Өөрт чинь таагүй санагдаж байгаа мэдрэмжээ таагүй, тухгүй, муухай мэдрэмж төрүүлээд байна гэж байгаагаар нь илэрхийлсээр байгаарай. Таагүй мэдрэмж төрөх бүрд гадагш илэрхийлж чаддаг уу? Таагүй мэдрэмж төрөөд байгаа талаараа хэрхэн илэрхийлдэг вэ? Ямар үйлдэл хийдэг вэ?
Хэдэн жилийн өмнө болсон байх нь чухал биш, тухайн зүйл одоо хүртэл хүчтэй мэдрэмж өөрт чинь өгсөөр байна уу? Үүнийг хэрхэн даван туулах вэ? гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үгүйсгэх биш мэдрэмжээ байгаагаар нь илэрхийлсээр байгаарай. Мэдрэмжээ тухай бүрт гадагшлуулах нь огцом таагүй үйлдэл гаргахаас сэргийлж байдаг. Мэдрэмжээ үгүйсгэх нь бусадтай харилцах харилцааг хүндрүүлэх эрсдэлтэй. Мөн биечлэн сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдахыг зөвлөж байна.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх